Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэргүй болно
Хүний амын, хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.03.11

Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэргүй болно

Хүний амын, хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль ирэх 7 дугаар сараас эхлэн хэрэгжинэ.  Уг хуулиар эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой олон шинэчлэл хийгдэнэ гэж С.Эрдэнэ сайд хэлэв. 

Тэрбээр энэ талаар “Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын асуудлыг онцгой анхаарах зайлгүй шаардлага гарсан. Шинэ хуулиар Монгол Улсын иргэн бүр албан журмаар  даатгалд хамруулна. Даатгуулагчийн эрх үүргийг анх удаа хуульд тусгасан. Даатгуулагч ажилтны сарын шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний дөрвөөс доошгүй хувь байна. Үүний хоёр хувийг даатгуулагч, хоёр хувийг ажил олгогч төлдөг байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сарын шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёроос доошгүй хувь буюу сарын 3,840 төгрөг байна.

Энэ нь одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон. 0-18 насны хүүхэд, оюутан сурагчид хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний буюу сарын 1,920 төгрөгийн шимтгэл төлнө. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хоёр нас хүртэл харж байгаа эхчүүд, хугацаат цэргийн алба хааж байгаа иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцна. Даатгалд хамрагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж өгсөн” гэлээ. 

Өмнө нь есөн төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан. Харин одоо шинэ хуульд нэмээд хорт хавдар, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, тархи, зүрх, бөөр, бүдүүн шулуун гэдэс, чих хамар хоолойн эмгэг гэх мэт өндөр өртөгтэй зарим өвчний эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байхаар тусгаж өгчээ. Мөн иргэн бүрийн эрүүл мэндийн цахим карттай болгох юм байна.  Цахим карт нь цэнхэр дэвтэрийг орлох аж.

Тодруулбал, даатгуулагчийн даатгал төлсөн болон өвчний түүхийг агуулсан мэдээллийн сантай болно.  Энэ нь эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах баримт болох юм. Цахим хэлбэрт шилжүүлж өвчтөний нэгдсэн мэдээллийн сантай болсноор тухайн файл руу ороход эмч нар өвчтөнийхөө талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болно.

Нэг иргэн жилд даатгалын сангаас 1.8 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд гэр бүлийн гишүүндээ өөрийн даатгалын боломжоо шилжүүлэх боломжтой.

С.Эрдэнээс мэдээлэлтэй холбогдуулан асуултад хариулт авлаа. 

-Цахим картыг ямар журмаар хэзээнээс олгож эхлэх вэ?

Одоогийн байдлаар цахим карт олгох журмыг батлаагүй байна. Энэ оны долдугаар сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлнэ. 2016 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд цахим системд бүрэн шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.