Тэргүүний малчин заавал эрэгтэй байх ёстой юу
Чуулганд нийт 700 орчим эмэгтэйчүүд оролцлоо.
2015.03.07

Тэргүүний малчин заавал эрэгтэй байх ёстой юу

Хөхүүл хүүхдээ харж буй эсвэл хөдөө нөхөртэйгээ цуг мал хариулдаг эмэгтэйчүүдийн гэр бүлд эзлэх байр суурь Монголд асуудалтай байна.

Нэг үгээр хэлбэл хүүхдээ харангаа ажил хийх боломжгүй, мал маллаж буй эмэгтэйн хөдөлмөр үнэлэгддэггүй. Яг үүнтэй холбогдсон чуулган Төрийн ордонд  олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах  өдрийг тохиолдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдын бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо хамтран  “Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Чуулганд хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл нийлсэн 700 гаруй зочид оролцлоо. Түүнчлэн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд болох С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга нар оролцож төлөөгчидтэй санал бодлоо солилцлоо.

Монгол улсад 1999 онд батлагдсан “Хөдөлмөрийн хууль”-ийг одоо хүртэл шинэчлээгүйн улмаас ажил эрхэлж буй эмэгтэйчүүд ихээр хохирдог тул хуулинд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг чуулганд оролцогчид хэллээ.

Харин х хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт ажиллаж буй Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа “Бид хуулийн шинэчлэлтийг ирэх хаврын чуулганд өргөн барина. 1999 онд батлагдсан хуулинд олон зүйлийг өөрчлөх шаардлагай. Анх гарч  ирэх үедээ тухайн нийгэм, эдийн засгийн байдалдаа тохирч байсан.

Харин одоо нийгэм өөрчлөгдсөн тул зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан ” гэдгийг хэлсэн. Хуулийн шинэчлэлтэнд гурвалсан холбоо болох ажил олгогч, зуучлагч, ажилтан гэдгийг илүү сайжруулжан, өргөжүүлж,  зайнаас ажиллах эсвэл бие давхар үедээ хагас цагаар ажиллуулах зэргийг хуулинд тусгасан гэлээ. Түүнчлэн чуулганд оролцож буй эмэгтэйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.

Тэд эмэгтэйчүүд хүүхэд гаргасны дараа “ажилгүй” гэж дуудуулдаг. Үүнээс болж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний хууль гэж ярихаар хөхүүл эмэгтэйчүүдэд хүүхдийг нь хоёр нас хүртэлх хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох хэрэгтэй.

Тэгвэл гэр бүл санхүүгийн хувьд тогтвортой байж, хүчирхийлэл багасах боломжтой гэдгийг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэлж байлаа.  Мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийн 90 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэж чуулганд оролцогчид хэллээ. Ингээд чуулганд оролцогч эмэгтэй гишүүд болон төлөөлөгчдийн хэлсэн үгийг хүргэе.

Баянгол дүүргийн иргэн Д.Гадинжид: Гурван сая хүрсэн ч хүүхдээ хаяж л байна

“УИХ дах эмэгтэй гишүүд  их хариуцлагагүй. Гэтэл нийгэмд хүчирхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ер нь хүчирхийлэл нэмэгдээд байгаа шалтгаан нь хүн мөнгөгүй байгаа учраас. Мөнгөний асуудал гарахаар л гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдаж, зөрчилдөөн үүсдэг. Хэрвээ эсрэгээрээ бол гэр бүл тогвортой байдаг.

Гурван сая хүрлээ гээд хөөрцөглөж байхад эхнээсээ хүүхдээ хаяж байна ш дээ. Тиймээс ядаж хоёр нас хүртэл нь хүүхдийг гэртээ харах хэрэгтэй. Гэтэл сардаа өгдөг 20000 орчим төгрөг бодитоор тус болохгүй. Ядаж л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг олгох хэрэгтэй ш дээ.

Олголоо гэхэд эдийн засгийн хүндрэл байна уу гэхэд алга. Харин засгийн газар шийдвэрлэхэд л хүндрэл байгаа. Бас банкны зээлийн хүү өндөр байгаа бизнес эрхлэгчдийг хөгжихөд саад болоод байна. Үүнээс хамгийн чухал нь ирээдүйн иргэнийг сурган хүмүүжүүлж байгаа хөхүүл эмэгтэйчүүдийг ажилгүй гэх нь тохиромжгүй юм.

Тиймээс төсвөө хямгадаж байгаад тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж цалинжуулах хэрэгтэй. Энэ бол монгол хүний ирээдүйтэй холбоотой асуудал учраас маш чухал. Хэлэлцээд байгаа хүүхэд харах үйлчилгээний хууль ч гэсэн судалгаа дутуу санагдаж байна.   

Л.Гэрэлцэцэг: Хөдөлмөрийн хуулийн  111 дүгээр зүйл хэрэгждэггүй

Хөдөлмөр сургалтын үндэсний төвийн сэтгэл зүйч

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөдөлмөрийн хуулийн  111 дүгээр зүйл гэж байдаг. Тэр 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлуулах ёстой. Хэрвээ ажлуулаагүй тохиолдолд нөхөн төлбөр төлөх ёстой. Хуулийн энэ заалт маш олон жил болж байгаа ч даанч хэрэгжихгүй, зөвхөн цаасан дээр л байна. Уг нь хяналтын байгууллага тухайн байгууллага төлбөр төлж байна уу гэдгийг хянах ёстой. Тэр нь ч бас байдаггүй. Нөгөө талдаа хяналт дутуу байгаагаас албан байгууллагуудыг хуулийн уг заалтыг бас мэдэхгүй тал бий. Хэрвээ ажилласан ч сул дорой байдлыг нь ашиглаад дарамт учруулах, хүчирхийлэх, хэл амаар доромжлох зэрэг тохиолдлууд байдаг.

Б.Алимаа: Хөдөлмөрийн гурвалсан харилцааг сайжруулна

Хөдөлмөрийн яамны харилцаа бодлого зохицуулалтын дарга Б.Алимаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлуулаагүй  ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих чиглэл рүү зарцуулах заалт хуулийн шинэчлэлтэнд орж байгаа.

Түүнээс гадна эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэл рүү тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа  аж ахуй нэгж байгууллагуудыг төлбөрийн хөнгөлөлтийг зарим чиглэлд үзүүлэх зэрэг асуудлыг шинээр тусгаж байгаа.

Түүнчлэн гурвалсан хөдөлмөрийн харилцаа үүсэж зуучлагчаар дамжуулж ажилд орж байгаа тохиолдолд  хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдлын асуудлыг үндсэн ажилтантай ижлээр ажил олгогч хангах үүргийг нь өгнө. Үүнтэй холбоотой асуудлыг засгийн газар УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Түүнчлэн чуулганд оролцож байгаа эмэгтэйчүүд шинээр батлагдсан “Эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн талаар асуулт тавьсны УИХ-ын гишүүн С.Одонтуяа хариулсан.

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал бүх оронд маш хурдацтай өсөж байгаа. Тиймээс ашгийн бус үйл ажиллагаа явуулагч эмнэлэгүүд гэвэл төрийн өмчит эмнэлгүүд. Харин төрөөс баримталж байгаа бодлогоор иргэдийн халааснаас төлөх төлбөрийг хэрхэн багасгах вэ гэдэгт холбогдох хуулиуд хэлэлцэгдсэн. Дөнгөж саяхан батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын хууль”-иар маш олон  тусламж үйлчилгээг даатгал руу шилжүүлсэн. Гэхдээ бид нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд иргэд бага мөнгө төлөөд, ихэнхийг нь улс төлж байгаа мэт харагддаг ч үнэндээ ард түмний халааснаас маш их мөнгө гардаг. Зарим нь гадаадад эмчлүүлж маш их зардал гаргадаг. Тийм учраас туслажм үйлчилгээний хэлбэрийг бодитой болгож, иргэдээс тодорхой хэмжээний зардлаа төлж байх хамтын заалтууд тусгагдсан” гэлээ.

“Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх” чуулган дуусах цагтаа дуусалгүй цаг сунгасан нь эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал их байгааг илэрхийлсэн. Үг хэлж байгаа хүмүүсийн ихэнх нь үгээ дуусгаж чадахгүй сууж байлаа.

Заримынх нь хувьд ийм чуулганыг аймаг бүрт жил болгон зохион байгуулах хэрэгтэй гэх саналыг ихээр хэллээ. Тэр дундаа орон нутагт эмэгтэйчүүдийн асуудал ихээр хөндөгддөг нь хуулийн гадна үлддэг. Тиймээс гэр бүл, жендэр, хүчирхийллийн эсрэг хуулинд олон өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй гэж чуулганд оролцогчдийн олонхи үзлээ.