Эмэгтэйчүүд хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоно
Нийслэлийн НАМЭХ болон Европ дахь, МонголЭмэгтэйчүүдийн Хөгжлийн холбооныхон
2015.01.13

Эмэгтэйчүүд хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоно

Нийслэлийн НАМЭХ болон Европ дахь, МонголЭмэгтэйчүүдийн Хөгжлийн холбооноос насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт хүмүүжиж буй хүүхдүүд болон Эмэгтэйчүүдийн хорих ангид хуулийн хугацаанд ээжтэйгээ хамт байгаа нярай хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг,ном, хувцас, хэрэглэл хүргэж өглөө.

Засан хүмүүжүүлэх газарт хүмүүжиж буй хүмүүсийн санал бодлыг сонсох, тэдэнд сэтгэлийн дэм өгөх үүднээс энэхүү ажлыг зохион байгуулж буй юм. Жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны тэргүүн Д.Энхжаргал, Нийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг, гүйцэтгэх  захирал Ц.Алтанзаяа нар оролцлоо.

Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид одоогоор 30 орчим хүүхэд хүмүүжиж байгаа аж. Харин эмэгтэйчүүдийн хорих ангид нярай хүүхэдтэй найм, жирэмсэн нэг эх ял  эдэлж буй юм. Нярай хүүхэдтэй эх ял эдэлж буй тохиолдолд хүүхдээ 12 сар буюу нэг нас хүртэл хамт байхыг хуулиар зөвшөөрдөг.

Харин хүүхдийг нэг нас хүрэхээр нь ар гэрийнхэн,  асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгдөг, хэрэв асран халамжлагч байхгүй бол асрамжийн газарт өгдөг байна. Одоогоор 2-11 сартай найман хүүхэд энэхүү хуулийн хугацаанд хорих ангид ээжтэйгээ хамт байгаа юм. Хүүхэдтэйгээ хоригдож байгаа эдгээр эмэгтэйчүүдийг 2013 оноос тусад нь барьж тохижуулсан байранд байлгадаг болжээ.

“Сар бүр Дэлхийн зөн олон улсын байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудаас тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлдэг бөгөөд хүүхдүүдийг долоо хоног бүр эмчийн үзлэгт оруулж, хяналтанд байлгадаг” гэдгийг хариуцсан нийгмийн ажилтан нь хэлж байлаа. Мөн тэрбээр “тусламж, дэмжлэг  ирж байдгын хүчинд дулаан, тохилог орчинд нярай хүүхэдтэй эхчүүд маань хүмүүжиж байгаа. Харин хамгийн чухал асуудал бол эдгээр  эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллээс болж ял эдэлдэг. Өөрийгөө болон  үр  хүүхдээ хүчирхийлэлээс  хамгаалахдаа, санамсаргүй байдлаар аргагүй хамгаалалтыг  хэтрүүлснээр,  хуулиар  шийдвэрлэгдэн ял эдэлж байгаа 42 эмэгтэйгээс зургаа нь чанга дэглэмтэй ангид хоригдож байгаа” гэсэн юм.

 Иймээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүчирхийлэлд  өртчихөөд, хамгаалсаныхаа  төлөө ял  эдэлж буй  эмэгтэйчүүдийн  асуудлын  талаар,  тэдний  ард  үлдсэн, хайр,  халамж анхаарал  дутагдаж  буй хүүхдүүдийн асуудал, өршөөл үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг боловсронгуй болгох саналаа тус хоёр  байгууллага Монгол  Улсын  Ерөнхий  сайдад  өргөх  бичгээр  хүргүүлсэн  байна. 

Эмэгтэйчүүдийн хорих төдийгүй, насанд хүрээгүйчүүдийн хорихын хувьд ч ар гэрийн нөхцөл байдал, гэр бүл дэх хүчирхийллээс болж гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байдаг байна. МАН, НАМЭХ, Европ дахь Монголын Эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны төлөөллүүд гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа, цаашид ч энэ чиглэлээр тууштай ажиллана хэмээлээ.

Үүнээс гадна эдгээр  байгууллагууд хоригдож буй эмэгтэйчүүдийн эмээ, өвөө,  ах эгчийнх нь асрамжид үлдсэн насанд хүрээгүй хүүхдүүдэд шинэ  жилийн  бэлэг, эд  материалын  тусламж  үзүүлсэн байна.