Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.03.02

Г.Шийлэгдамба: Согтуучуудыг эмчид бус цагдаад нь даатгах хэрэгтэй

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлж байгаа тухай мэдээлж байсан. Энэ нь эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж эмч нарт дарамт болж байгаа учраас Эрүүл мэндийн яам согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5-р зүйлд:

Өөрийн үйлдэлээ удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг зөрчилд өртөгдөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн албан хаагч тухайн этгээдийг хамгаалах тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгнө гэсэн заалт байдаг.

Энэхүү хуулийн заалт нь гэртээ агсан тавьсан гэмт хэрэг зөрчил гаргасан иргэдэд хамаарахгүй гэж албаныхан хэлж байна.  2014 онд 64943 иргэн архидан согтуурснаас 3,7 хувь нь эмнэлэгт хүргэгдсэн. Харин үлдсэн 62 мянга гаруй нь дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 10 эрүүлжүүлэх байр байгаа юм.  Харин эрүүлжүүлэх байрны нэрийг саатуулах байр гэж өөрчилсөн нь өнөөдөр эрүүлжүүлэх байр байхгүй мэт ойлгож согтууруулах ундаа хэрэглэсэн хүн бүрийг эмнэлэгт хүргэгдэж байгаа гэсэн ойлголтыг Хууль зүйн яам үгүйсгэж байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нилээн хүндрэлтэй нөхцөл байдалд явуулж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт маш их ачаа үүсгэж эмнэлэгийн тусламж үйлчилгээний ажлыг хэвийн явуулах үйл явцыг ноцтойгоор алдагдуулж эхэлсэн.

Ийм учраас Эрүүл мэнд спортын яамнаас энэ асуудлыг гаргаж тавьж нийтэд бодит байдлыг харуулж цаашлаад УИХ-ын түвшинд амьдрал дээр бодитойгоор хэрэгжих боломжгүй энэ шийдвэрийг эргэн харж өмнө цагдаагийн байгууллага хариуцаж байсан зохицуулалтанд нь эргүүлэн оруулах шаардлагатай юм.