Эмийн хэрэглээ, үнэ, чанарт анхаарна
Эмийн чанар, болон үнэ.
2015.02.11

Эмийн хэрэглээ, үнэ, чанарт анхаарна

Эмийн салбарт ил тод байдал бий болгох эвсэл байгуулах тухай асуудлыг салбарынхан нь хэлэлцэж байна.

Өнөөдөр болж буй хуралд Эрүүл мэндийн яам,төрийн болон төрийн бус байгууллагууд, ОУ-ын байгууллага, эмийн худалдан авалтын газар, Шудрага өрсөлдөөний газар зэрэг байгууллагууд  оролцож, эвсэл байгуулан,  хямд чанартай эмээр иргэдийг хангах асуудлыг хөндөн ярилцаж байна.

Монгол Улсын эмийн хэрэглээ их байгаа ч эмийн чанарын хувьд муу үзүүлэлттэй гэдэг. Сүүлд хийсэн судалгаагаар Монголд байгаа эмийн 30% нь чанаргүй, хуурамч эм байна гэх үр дүн гарчээ.Түүнчлэн  олон улсын жишгээс харахад Монгол Улс эмийн өндөр үнэтэй орны нэгд тооцогдож байна. Мөн эмийн тендер нь эмийн үнийг өсгөх хэрэглэл болсоор ирснийг хуралд оролцогчид онцолж байлаа.

“Transparency International Mongolia”-гийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер О.Батбаяр энэ талаар "Улсаас эрүүл мэндийн салбарт их мөнгө зарцуулдаг. Гэвч гаднаас орж ирж байгаа эмийн ихэнх нь өндөр үнэтэй бөгөөд чанаргүй байдаг. Эмийн үнийг бууруулж,чанарыг сайжруулах, мөн иргэдэд эмийн талаар боловсрол олгох хэрэгцээ шаардлага өндөр байна. Өнөөдрийн энэ хуралд ерөнхийдөө эмийн салбар болон бизнесийг шилэн болгох талаар ярилцаж байна" хэмээн ярилаа.