“Монгол хүн” Монголын баялаг
Арав гаран жилийн өмнөөс нэгдсэн тогтолцоонд орсон хяналтын байгууллагын байцаагчдын эрх мэдэл, хяналтыг хэрэгжүүлэх арга барилд шинэчлэл хийж, салбарын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дотоод хяналт хариуцлагыг дээшлүүлэх практик хэрэгцээ шаардлага байгаа тул Хяналтын тухай хууль 2013 оноос хойш 3 дахь удаагаа УИХ-д өргөн баригдаад байна. Үүний цаана олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна эм хангамжийн салбар мэтийн үндэсний аюулгүй байдлын салшгүй тулгуурын нэг болсон өөрийн гэсэн онцлогтой салбарт тавих төрийн хяналт ямар байвал зохилтой нь шийдлээ хүлээсээр...
Хамгийн бодит хэрэгцээ шаардлага нь төрийн байгууллагын саланги тогтолцооноос үүдэлтэй үр нөлөөгүй, уялдаа холбоогүй, заримдаа гааль, татвар, санхүүгийн хяналтыг оролцуулахгүйгээр давхардсан хяналт /ЭМЯ, МХЕГ, НМХГ, ЭМГ, ШӨХТГ-аас/ хийгдсээр ирснийг засаж залруулж хязгаарлагдмал төсөв болон хүний нөөцөө үр ашигтай ашиглахуйц зохион байгуулалтын арга хэмжээ авах явдал гэж үзэж байна. Одоогийн нөхцөл байдал удаан үргэлжилвэл эцсийн үр дүнд манай улсын хүн ам эмчилгээний өндөр идэвхгүй, аюултай, чанар муутай эмээр үйлчлүүлэх эрсдэл хэвээр үлдэнэ. Энэ нь эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд ДЭМБ-ын аргачиллаар хийсэн үнэлгээний тайлан болон зарим судалгааны дүнгээс тодорхой харагдана. Тухайлбал:
- ДЭМБ-аас хийсэн албан ёсны судалгаагаар Монгол Улсын зах зээлд байгаа эмийн 19% нь улсын бүртгэлгүй, 14,6% нь стандартын бус эм байна.
- 2014 оны 5 дугаар сарын байдлаар эмийн үйлдвэрлэл эрхэлдэг 29 үйлдвэрт тусгай зөвшөөрлийг олгосон хэдий ч олон улсын, хөндлөнгийн байцаагч хяналт шалгалт хийх тохиолдолд эдгээр үйлдвэрээс зөвхөн 2-3 үйлдвэрийг шаардлага хангасан гэж үзэх магадлалтай.
- Монголд эмийн түгээлт, хадгалалтын /GDP,GSP/ шаардлагыг бүрэн хангаагүй, хэт олон эм хангамжийн байгууллага ажиллаж байна. 2014 оны 5 дугаар сарын байдлаар 127 Эм ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа нь гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад бэрхшээлтэй олон асуудлыг дагуулж байна.
Төрөөс хэрэгжүүлэх хяналтыг мэргэшсэн байлгах гэвэл өргөн барьсан хяналтын хуулийн үзэл баримтлалыг эргэн харах хэрэгтэй.
Өмнөх хэлэлцүүлгүүдээс харахад үзэл баримтлалын зөрүү нэлээдгүй байсан. Тухайн мэргэжил, салбарын хөгжлийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ, онцлог байдлыг харгалзаж, төрийн хяналт шалгалтыг зөвхөн бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамтыг бууруулахад чиглүүлэхгүйгээр хамрах хүрээ, заагийг нотолгоонд суурилан тогтоож дахин нягталсны дараа хуулийн шинэчлэлийг хийх нь зүйтэй.
Эм биобэлдмэлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд байцаагчаас мэргэжлийн өндөр мэдлэг, мэргэшсэн байдлыг шаардана. Эмчээс бусад эмнэлгийн мэргэжилтэн өвчнийг оношлох боломжгүйтэй адил эм барих эрхгүй эмнэлгийн бусад мэргэжилтнүүд эм зүйн дэглэмийг бүрэн сахих, тэр тусмаа эмийн үйлдвэрлэл, түгээлт, хадгалалт, хэрэглээнд тавих зохистой далын хяналтыг хэрэгжүүлэх нь учир дутагдалтай. Иймд эрүүл ахуйч, эмч зэрэг өөр мэргэжилтэй хүмүүс эм биобэлдмэлийн хяналтыг хил гааль болон хяналтын бусад объектуудад бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хийж байгаа өнөөгийн нөхцөл байдал хир оновчтой байгааг бодолцох цаг болсон.
Мэргэжлийн хяналтыг мэргэжлийн хүн л зохих түвшинд хийнэ.
Өргөн бариад байгаа хуулийн төсөлд заасанчилан хяналт шалгалт хийх тухайн байгууллага, объектдоо байцаагч зөвлөгөө өгөх нь олон улсын Эмийн хяналтын хэлэлцээрийн зарчимтай нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлвэл ДЭМБ-ын удирдамжид эмийн байцаагч хууль, техникийн удирдамжийг тайлбарлаж болох ч тухайн нэг компанийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг зөвшөөрдөггүйн учир нь байцаагч тухайн компанийн чадавхийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрхэлснээр өөрийн хийсэн хяналт шалгалтын мөрөөр хийгдэх ажлын биелэлтэд хараат бусаар хяналт тавих боломжгүй болох нөхцөл бий болдогт оршино.
Эм хангамжийн байгууллагад бизнесийн таатай орчин хэрэгтэй ч тэднийг чанартай үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага байлгах нь Монголын хүн амд хожоотой. Таатай орчин бүрдүүлж байна гээд хяналтын тоог хатуу тогтоож зарлах, төлөвлөх, гэнэтийн ба урьдчилан сэргийлэх хяналтыг хязгаарлаж зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлэх нь эмийн хяналтыг хэрэгжүүлж буй олон улсын жишгээс гажуудаж нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Иргэний нийгмийн байгууллагуудын тавих хяналт үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн хувь нэмэртэй. Эм зүйн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн нийгэмлэг холбоо төрийн хяналтад дэмжлэг үзүүлэх боломжтой. Энэ нь төрийн ачааллыг бууруулах хамгийн сайн арга хэдий ч Монгол төр Монгол хүний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсанаар удмын сангаа хамгаалж үлдэх учиртай.
Эмийн аюулгүй байдлыг хангахад төрийн оролцоо зайлшгүй чухал болохыг олон улсын жишиг ч харуулж байна.
Төрөөс тавих хяналтыг төсөв хэмнэж үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дараах онцгой чухал үйл ажиллагаанд чиглүүлэх нь оновчтой байх болно. Энэ талаар ”Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлээр хэдийнээ хуульчилжээ. Хэрэв эмийн зохицуулалтыг төрөөс нэгдсэн байдлаар хангая гэвэл үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй, мэргэжлийн байгууллагыг ажиллуулах шаардлагтай болно.
УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар Хүний аюулгүй байдлыг хангах 4 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс “эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх” асуудлын хүрээнд эмийн зохицуулалтын асуудлаар саналаа солилцохыг зорилоо.
Энэхүү үзэл баримтлалын 3.4.1.12.-д “эмнэлгийн хэрэгсэл, эм, вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаа, экспорт, импортод тавих стандартын шаардлага, хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, биотехнологийн цогцолбор байгуулах замаар чанар, аюулгүй байдлыг хангана.” хэмээн заажээ.
Дэлхийн улс орнуудын 80 орчим хувьд бие даасан эмийн эсвэл хүнс эмийн зохицуулалтын байгууллага ажиллаж байгаа
ДЭМБ-аас улс орнуудад эмийн зохицуулалт, хяналтын цогц үйл ажиллагааг гүйцэтгэх эрх бүхий бие даасан байгууллага байгуулахыг зөвлөдөг. Дэлхийн улс орнуудын 80 орчим хувьд бие даасан эмийн эсвэл хүнс эмийн зохицуулалтын байгууллага ажиллаж байгаа. Мөн бүсийн улс орны дундаас манай урд хөрш болон БНСУ-д яамны статустай бие даасан байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг мэдээлэхэд илүүдэхгүй болуу.
“Ухаалаг төр”-ийн хяналт шалгалт “мэргэшсэн” байхыг мэргэжлийн хүмүүс, олон нийт хүсэн хүлээж байна. Учир нь эм өөрөө өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэх, түгээх, худалдаалах, олгох, эцсийн хэрэглэгч хэрэглэх хүртэлх бүх үйл явц нь эрсдэл дагуулдаг тул дээрх бүх үйл явцад зохистой дадлын хэрэгжилтийг хянах хэрэгтэй юм. Төрөөс цогц хяналтыг хэрэгжүүлэхгүйгээр зах зээлийн урсгалд нь орхивоос эмтэй холбоотой гарах аливаа асуудал жолоогүй болно. Иймээс олон улсын хэмжээнд Эм хэмээх өвөрмөц бүтээгдэхүүний онцлогт тохирсон эрсдлийн удирдлагыг боловсруулсан байдгийг бид эх орондоо нутагшуулан мэрэгшсэн хяналтыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх цаг хэдийнээ болжээ.
Эцэст нь хэлэхэд зохион байгуулалтын хувьд Эм биобэлдмэлийн хяналт нь зөвхөн нэг салбарын хяналт бус, салбар дундын хяналт учир аль нэг яам дангаараа хариуцах боломжгүй. Гагцхүү эмийн зохицуулалтыг хэрэгжүүлэх мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай, чадавхтай, мэргэшсэн, ёс зүйтэй, сонирхлын зөрчилгүй байж, төрийн зохицуулалтын залгамж чанар хадгалагдаж байх нь чухал бөгөөд энэ нь хууль сахиулах болон хэрэгжүүлэгч тал аль алинд нь ач тустай билээ. Мөн эм хангамжийн байгууллагын дотоод хяналтын механизм сайн, нийгмийн хариуцлага өндөр байх нь чухал шаардлага. Ямар ч тохиолдолд бидний эмийн хэрэглээ импортоос хараат байгаа цагт хөрш улсуудтайгаа эмийн асуудлаар ижил түвшинд харилцах бүтцийг бий болгох том зорилгын төлөө хамтран ажиллахыг шийдвэр гаргагчдад уриалж байна. Эрүүл монгол иргэн хэзээд үндэсний баялаг байх болно.
Харин хүний аюулгүй байдлыг хангах бусад гурван бүрэлдэхүүний хувьд хүнсний аюулгүй байдлыг хангая гэвэл мөн төрийн цогц, мэргэшсэн хяналтын тогтолцоог бусад улсын жишгээр бүрдүүлэх, амьдрах орчин,орон байрны аюулгүй нөхцлийг баталгаажуулая гэвэл төрөөс төвлөрсөн хяналт тавихаас илүүтэйгээр салбарын яамд, нутгийн захиргааны болон холбогдох төрийн бус байгууллагууд, олон нийтийн хяналт зэргийг нэгтгэсэн өргөн хүрээний, тодорхой зааг ялгааг тогтоосон хяналтын механизмыг бий болгох, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах гэвэл хууль, хүчний байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн хувийн санал байна.