Г.Шийлэгдамба: Элэгний С вирусын эмийг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.01.07

Г.Шийлэгдамба: Элэгний С вирусын эмийг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас элэгний С вирусын эмийг Монгол Улсад оруулж ирэх болсон талаар тодрууллаа.

-Элэгний С вирусын өндөр үнэтэй эмийг манай улсын эмийн бүртгэлын жагсаалтад оруулж ирэхээр болжээ.

-Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянган орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан.  

Тиймээс би эмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Ингэснээр олны анхаарлын тевд байгаа  элэгний С вирусын эсрэг эмийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм. Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж тухайн  өвчнөөр өвчилсөн хүний үхэлд хүргэх аюултай өвчин.

Иргэд энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байна. Тухайлбал 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүст судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10,7 хувь нь уг вирусээр өвчилсөн гэсэн дүн гарсан байна.  

Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан бол  журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна.

Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эмийг  бүртгэгдэх юм. Уг  эмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/  400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc  үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно.

-Ямар үнээр борлуулагдах бол. Эрүүл мэндийн сайд байсан Н.Удвал, дэд сайд Амарсанаа нар хоёр өөр үнэ ярьж байсан?

-Эм бүртгэлийн эрх бүхий байгууллагууд С вирусын эмийг нялтан дорж оруулж ирнэ. Нийлүүлэгч байгууллагын албан мэдэгдлээр бол хамгийн хямд үнээр Монгол Улсад нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн.

Яг нарийн үнэ нь гараагүй байна. Бид зөвхөн журмын зохицуулалтаа хийж байгаа. Эм хоорондоо нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд үнийг эцсийн байдлаар тогтооно. Гэхдээ бид бусад улс, оронд борлуулж байгаагаас хамгийн хямдаар авна. 900 доллар гэдэг нь гурван сар, 1800 доллар нь зургаан сар уух эмийн үнэ юм билээ.

-Төрийн алба хаагчдын эмнэлгийн барилгын асуудал дээр Засгийн газар нэгдсэн байр сууринд хүрсэн үү. Хэрэв эмнэлгийн зориулалтаар нь  ашиглахаар бол төсөвт хөрөнгийг нь тусгасан уу?

-Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудал дээр Ерөнхий сайдтай нэг байр суурьтай байгаа. Ингэхдээ төрөлжсөн биш, нэгдсэн эмнэлгийн зориулалтаар ашиглана. Тодруулбал нэгдсэн дөрөвдүгээр эмнэлгийг байгуулна гэсэн урдьчилсан байдлаар ярьж байна. Төсөв хөрөнгийг одоогоор тусгасан зүйл байхгүй. Шийдвэр гарсны дараа хөрөнгө мөнгө яригдана.