Д.Сарангэрэл: Чуулганаар ороод 5 минутын дотор шийдэгдэх асуудал байсан ч харамсалтай нь ороогүй
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй эмийн талаар төрөөс баримтлах бодлогын ажлын хэсгийг ахалж ажилласных нь хувьд ажлын үр дүнгийн талаар нь ярилцлаа.
-Төрөөс эмийн талаар баримтлах бодлого энэ хаврын чуулганаар сүүлийн хэлэлцүүлэгт орж амжсангүй. Уг нь бүх хэлэлцүүлэг амжилттай болсон шүү дээ. Хяналтын хуулиас болоод ийм байдалд хүрэв үү. Та ямар тайлбар хэлэх вэ?
Би төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай ажлын хэсгийг ахалж ажилласан. Тус бодлого нь их хурлын намрын чуулганы завсарлагааны үеэр ч, байнгын хорооны хуралдааны үеэр ч тэр сайн хэлэлцүүлэгдсэн.
Үүнд манай ЭМЯ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албадууд хамтарч сайн ажиллаж чадлаа гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүд маань ч ажлын хэсэгт сайн орсон.
Хаврын чуулган завсарлахаас өмнөх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгээ хийчихсэн байсан. Харамсалтай нь хаврын чуулганы сүүлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд орж амжсангүй.
-Хяналтын хуулийн төсөлтэй зөрчилдсөн юм биш үү?
Хуралдаанаар ороод таван минутын дотор шийдэгдэх асуудал байсан ч харамсалтай нь орсонгүй. Уг нь бүх хэлэлцүүлгийг хийж, олон талын байр суурийг сайн тусгасан бодлого байсан юм.
Эмийн үйлдвэртэй танилцаж байгаа нь.
Хэрвээ чуулганаар ороод батлагдсан бол өнөөдөр хаврын чуулганы ажлын тоог нэгээр нэмэх байлаа. Яагаад ч юм оруулаагүйд харамссан.
-Энэ хаврын чуулганаар амжаагүй учир ирэх намрын чуулганаар орно. Энэ хугацаанд ямар ажил орхигдох вэ?
Батлагдсан бол гуравдугаар улиралд багтаан бодлогын дагуухийх ажлын төлөвлөгөөг гаргах байлаа. Гэхдээ Хяналтын хуулийн төслөөс болоод эмийн бодлого орсонгүй гэж хэлж болохгүй л дээ. Яагаад гэвэл энэ эмийн бодлого батлагдсаны дараа эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт орно, бодлогыг хэрэгжүүлэхэд дагалдаж гарах журам, ажлын төлөвлөгөөнд мөн өөрчлөлт орно.
Тэгэхээр журам, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах, хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах цогцоор нь авч үзэн бодлогыг хэрэгжүүлнэ.
-Хяналтын тухай хуулиар эм хүнсний хяналтаа төвлөрсөн байдлаар авч үлдэнэ гэж байгаа шүү дээ?
Ерөөсөө эмийн бодлогын үйлвэрлэл, борлуулалт, түгээлт, зохистой хэрэглээ, зах зээлийн үеийн танадалтын асуудлыг Хяналтын хуулийн өөрчлөлтөөр Нэгдсэн хяналтын байгууллага хийнэ гэж ойлгож байгаа. Эмийн бодлоготойгоо нийлээд цогц болж байж л бодлого хэрэгжинэ. Тийм учраас яг хяналтын хуулиас болоод төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт оруулаагүй гэж үзэхгүй л байна даа.
-Эмийн бодлого батлагдсанаар эмийн чанар сайжрах нөхцөл бүрдэх үү?
Төрөөс эмийн талаар баримтлах бодлого 10 гаруй жилийн турш шинэчлэгдээгүй. Эмийн хангамжийг сайжруулах, чанар аюулгүй байдал, үнийн хөөрөгдөл зэрэг зохицуулах чухал асуудалд эм зүйчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал.
Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй йчанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг юм.
Бодлогын баримт бичигт эмийн чанар, аюулгүй бадйлын баталгаа, эмийн зохистой хэрэлээ, хүртээмж, хангамж, худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалт, засаглал, хяналт үнэлгээ зэрэг асуудлыг тусгасан.