Д.Болдбаатар: Монгол улс эмийн замбараагүй хэрэглээтэй орны тоонд ордог
НЭМГ-ын эм эмнэлэгийн хэрэгслийн чанар хяналт хангамж эмийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатартай Монголчуудын эмийн хэрэглийний талаар ярилцлаа.
- Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Үүний тулд эхлээд эм гэж юу болохыг тайлбарлах хэрэгтэй байх. Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.
Эмийн зохистой хэрэглээ гэдэг бол хүний нас, биеийн онцлог, өвчлөлд зохих тун хэмжээгээр тодорхой хугацаанд хэрэглэхийг хэлээд байгаа юм. Манайхан голдуу эмийн заавар, эмчийн зөвлөгөөг ойшоолгүй эм хэрэглэдэг, зовиур гайгүй болонгуут больчихдог. Ингэснээр өвчин архагших, өвчинд дасалтай болох, дараа хэрэглэхэд үйлчлэхгүй байх, эмийн хордлогод орох зэрэг сөрөг үр нөлөө гардаг. Эмчилгээ ямар ч үр дүнгүй болж, зардал их гардаг. Мөн олон эмийг зэрэг хэрэглэх, ижил найрлагатай эмийг хавсран хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Харин антибиотикийг зөвхөн нянгаар үүссэн өвчлөлийн үед эмчийн заавраар болгоомжтой хэрэглэх ёстой. Түүнээс биш бидэн шиг ам дамжуулан хэрэглэдэггүй.
Түүнчлэн жоргүй олгох эм гэж бий. Жороор болон жоргүй олгох эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байдаг. Гэтэл ард иргэд эмчийн жоргүй эмийн санд очоод авчихдаг. Эмийн санчид ч жор шаарддаггүй.
- Хүмүүсийн дунд ийм нэг яриа байдаг. Зарим эмнэлэгт эмч нар жор бичихдээ тийм эмийн сангаас эм аваарай гэж зааж өгдөг. Үнэндээ эмч, эмийн сан хоёр тохиролцож өөрсдийн бизнес хийгээд байдаг гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?
Ийм яриа байдаг ч тодорхой мэдээлэл алга. Голдуу өрхийн эмнэлгийн эмч нар хажуу талын эмийн сантайгаа холбоотой байж өөр эмийн санд тийм эм байхгүй гэж хэлдэг гэсэн яриа бий.
- Хориглосон мөртөө анзаарагдахгүй хэрэглээнд орчихсон эмүүд байдаг уу?
Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн 2800 орчим эм, эмийн түүхий эдийн жагсаалт бий. Шинээр орж ирсэн эмийг эхлээд клиникийн туршилтаар шалгасны үндсэн дээр Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл өгдөг.
Хэдийгээр хяналт шалгалт ажиллаж байгаа ч мэр сэр бүртгэлгүй эмүүд тааралддаг. МХЕГ-ын дарга ч гэсэн бүртгэлгүй эмүүд хураагддаг талаар ярьсан. Хууль хяналтаа чангатгахгүй бол бүртгэлгүй эм орж ирэх нь зогсохгүй. Индонези, Хятад гэх мэт улсын бүртгэлгүй эмүүд байдаг. Саяхан Хятадаас орж ирсэн үр зулбуулах эм илэрсэн.
- Монголчуудын эмийн хэрэглээний талаархи судалгаа байдаг уу?
Нарийн судалгаа байдаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Монгол улс эмийг замбараагүй хэрэглэдэг орны тоонд ордог. Хоол шиг хэрэглэдэг хүмүүс олон байдаг шүү дээ. Эмийн жорын хуудсыг үнэт цаас болгоё гэдэг санал явж байна. Манайд мансууруулах үйлчлэлтэй эмийн жорыг стандартын дагуу бичдэг. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жоруудыг мөнгө төгрөгтэй холбоотой учраас сайн бичдэг.
- Ард түмний дунд амьтдын ямар нэгэн эрхтнийг идэх нь хүний бие организмд сайн хэмээн ам дамжуулан хэрэглэдэг. Тухайлбал тарваганы хүн мах, чонын элэг гэх мэт? Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Энэ бол клиникийн туршилтаар тогтоосон зүйл биш. Яг хэрэгтэй юу үгүй гэдэг нь орчин үеийн анагаах ухаанаар нотлогдоогүй.