“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилго, ач холбогдол, шинэ үзэл баримтлал
VIP EXPERT, ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, дэд профессор
2015.02.12

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилго, ач холбогдол, шинэ үзэл баримтлал

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын үндсэн зорилго нь хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх явдал юм.

“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” нь эм зүйн тусламж үйлчилгээний хууль эрх зүйн чухал  баримт бичиг бөгөөд Монгол улсын УИХ-аар 2014 оны 10-р сард шинэчлэгдэн батлагдсан бодлого нь 8 бүлэгтэй\2002 оны бодлого 5 бүлэгтэй\:

  1. Эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа
  2. Эмийн зохистой хэрэглээ
  3. Эмийн хүртээмж, хангамж
  4. Эм худалдан авах боломж
  5. Эм зүйн салбарын зохицуулалт, засаглал
  6. Хүний нөөц
  7. Судалгаа шинжилгээ
  8. Хяналт үнэлгээ

 “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг шинэчлэн дараах нэмэлт заалтыг оруулсан нь эмийн зохицуулалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, боловсронгуй болгох, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалтыг зөв зохион байгуулах, эмийн эмчилгээний үр дүн чанар хангамжийг сайжруулах, эмийн үнийг зохицуулах, иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх, эм зүйн салбарын хүний нөөцийг төлөвлөх, хөгжүүлэх, эм зүйн салбарын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Үүнд:

Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар: эмийн чанарыг хянахад эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага өөрийн харъяаны эсхүл хараат бус, олон улсын ISO 17025 шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораториор эмийн чанарыг баталгаажуулах(1.2), эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага нь өөрийн бүтээгдэхүүний чанарын баталгааг хариуцах, бүртгэлийн дараах аюулгүй байдлын тандалт судалгааг хийх үүргийг хүлээх, үр дүнг эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагад мэдээлэх (1.4), үндэсний эмийн үйлдвэрүүдийн чанарын баталгааг хангуулж "Эм үйлдвэрлэлийн зохистой дадал" /GMP/-ийн гэрчилгээ олгох (1.6),

Эмийн зохистой хэрэглээний талаар: хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмийн хэрэглээг төлөвшүүлж, зохисгүй хэрэглээг бууруулах, жороор олгох эмийг, ялангуяа антибиотикийг зөвхөн жороор олгох дадал, хэвшлийг төлөвшүүлэх (2.1.4), эмийн жор бичилт, олголтод цахим системийг үе шаттай нэвтрүүлж, эмийн хяналтад бар кодыг ашиглах(2.1.5.),

Эм зүйн ба эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний талаар: эмнэлэг бүрт эм зүйн албыг байгуулан ажиллуулж, хэвтэн эмчлүүлэгч болон амбулаториор үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн тусламж үйлчилгээг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх(2.1.6), эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт эмийн талаар төрөөс баримтлах бодлого, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлзүйн удирдамж, эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөө, хордлогоос сэргийлэх, хэрэглэгчдэд өгөх зөвлөмжийн асуудлыг тусгах(2.3.1), эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жор бичилтын болон эмийн талаарх үзэл баримтлалд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх(2.3.2.), эмийн зохистой хэрэглээний талаар хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх(2.3.2.),

Эмийн мэдээлэл ба зах зээлд таниулах талаар: эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааг ДЭМБ-ын “Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагаанд тавих ёс зүйн шалгуур”-т нийцүүлэн хэрэгжүүлэх(2.4.3),

Эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажилллагааны талаар: төсвийн хөрөнгөөр зөвхөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, эмнэлзүйн удирдамжид орсон, эмчилгээний үр дүн сайтай, эдийн засгийн үр ашигтай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нөхцлийг бий болгох(2.3.2.),

Эмийн санхүүжилтийн талаар:санхүүгийн дарамт үүсгэх өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоонд шаардагдах өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг санхүүжүүлэхэд улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх(3.3.2), ядуу, эмзэг бүлгийн хүн амд шаардлагатай эмийн зардлыг санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх(3.3.3),

Эмийн үнийн талаар: эмийн үнийн мэдээний санг бий болгож, эмийн үнийн хараат бус, бодит мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчдэд түгээх(4.2.2), засгийн газраас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох(4.2.3),

Эм зүйн салбарын зохицуулалт, засаглал: эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллага нь эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эм зүйн мэргэжилтний зөвшөөрөл, зохистой дадлын зөвшөөрөл, түүний хяналт шалгалт, эмийн улсын бүртгэл, бүртгэлийн дараах тандалт судалгаа, эмийн аюулгүй байдлын хяналт үнэлгээ (фармаковижиланс), эмнэлзүйн судалгааны үнэлгээ, эмийн чанарын хяналт, эмийн импорт, экспортын хяналт болон эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааг зохицуулж, олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах(5.1.2),.төрөөс эмийн зохицуулалтын чиг үүрэг бүхий байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн болон мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааны уялдааг сайжруулахад бүх талаар дэмжлэг үзүүлэх(5.1.3.),.

Сайн засаглалын талаар: Эмийн зохицуулалтын байгууллага холбогдох ISO стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнах(5.2.1.), авлигын эсрэг, шударга, ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, хууль бус үйлдэл, ёс зүйгүй үйл ажиллагааг мэдээлэх арга замыг эм зүйн тусламж үйлчилгээнд бий болгох(5.2.4.),

Хүний нөөцийн талаар:   Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  эм зүйн мэргэшсэн хүний нөөцийн байршил, хуваарилалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх(6.2),Эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмийн мэргэжилтэн тасралтгүй сургалтад хамрагдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх(6.3),.

Судалгаа, шинжилгээний талаар: Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлж байгаа нөлөө, эмийн зохистой хэрэглээ, эмийн эмчилгээний эдийн засгийн үр ашгийг тооцох үйл ажиллагааны судалгааг өргөжүүлэх(7.1.2), судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлж, шийдвэр гаргахад өргөн ашиглах(7.1.3) зэрэг олон чухал заалтууд байна.

Иймд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг Монгол улсын эм зүйн салбарт хэрэгжүүлэхдээ:

  • Эм эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан, батлуулах,
  • Бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөх, зохион байгуулах,
  • “Эмийн зохицуулалтын байгууллага” байгуулах,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн журам болон бусад холбогдох журмыг боловсронгуй болгох,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн худалдан авалтын ажиллагааны зарчим, журмыг боловсронгуй болгох,
  • Эм зүйч, эмнэлзүйн эм зүйч бэлтгэх төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах,
  • Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн сайн засаглалын тогтолцоог шинэчлэх, мэдээллийн тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэх
  • Эм хангамжийн байгууллагууд, сургалт судалгааны академик байгууллагууд, ТББ-дын нягт хамтын үйл ажиллагааг зөв уялдуулан зохион байгуулах нь чухал болохыг харуулж байна.