Д.Оюунхорол: Хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.02.17

Д.Оюунхорол: Хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа.

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бусаар мод бэлтэсэн гэх мэдээлэл твиттер, фейсбүүкээр цацагдсан. Энэ талаар тайлбар өгөөч?

Засгийн газрын гишүүд ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Миний хувьд Завхан аймгийн гурван суманд ажиллаад саяхан ирлээ. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас олон машин мод бэлтгэлээ гэсэн мэдээллийн мөрөөр манай яам, цагдаагийн байгууллага, МХЕГ, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн' асуудлыг нягтлан судалж, хяналт шалгалт явуулж эхэлсэн.

Манай яамны хувьд гаргасан захирамж, албан даалгавраа хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хууль зөрчин мод бэлтгэснээс гадна эрхийн бичиг аваагүй ойн цэвэрлэгээ хийсэн нь тогтоогдвол хуулийн дагуу модыг хураах, мод тээвэрлэсэн машиныг хураах, эрүүгийн хэрэг үүсгэнэ.

-Горхи-Тэрэлжид мод бэлтгэх сайдын тушаал хэзээ гарсан бэ?

Өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны тушаал ёсоор улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос ойн цэвэрлэгээний огтлолоор бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг “Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зорилгоор ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг тогтоосон

шийдвэр гарсан.

Сайдын тушаалын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ой цэвэрлэх, хэрэглээний мод бэлтгэх сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан.Сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцсоноос ЭБЭЭ, “Төв ой- ан” гэсэн хоёр аж ахуйн нэгж шалгарсан. Тэдгээр аж ахуйн нэгжтэй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов гэрээ байгуулсан юм.

Дээрх аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд БОНХАЖЯ  Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийдэг. Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ хийх эрхтэй 306 аж ахуйн нэгж байдгаас Улаанбаатарт 78 нь бий.

 Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ хийх эрхтэй 306 аж ахуйн нэгж байдгаас Улаанбаатарт 78 нь бий.
-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх БОНХАЖ-ын сайдын албан даалгаврын хэрэгжилт ямархуу байгаа бол?

БОНХАЖ-ын сайдын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албан даалгавар энэ оны нэгдүгээр сарын 25-нд гарсан. Уг албан даалгавраар тодорхой асуудлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Байгаль орчны газрын дарга нар, мөн ЦЕГ, МХЕГ-ын дарга зэрэг албан тушаалтнуудад үүрэг болгоод ажиллаж байна.

Манай яамнаас цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагууд, иргэний нийгмийнхэн, иргэдийг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж, тэндээс гарсан санал дүгнэлтийн үндсэн дээр албан даалгавар гарсан.

Хамгийн гол нь хууль бус мод бэлтгэлтэй ерөөсөө л хамтын хүчээр тэмцэж амжилтад хүрнэ гэсэн дүгнэлтэд бид хүрээд, хамтран ажиллаж байна.

Мөн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага. зохион байгуулалтаар хангаж салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна Бидний үйл ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.