Б.Дуламсүрэн: Найман аймгийн 14 суманд малын галзуу өвчин гарсан
Малын галзуу өвчин
2015.02.05

Б.Дуламсүрэн: Найман аймгийн 14 суманд малын галзуу өвчин гарсан

Өнгөрсөн нэгдүгээр сард хэд хэдэн аймагт малын галзуу өвчин бүртгэгдсэн билээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийтийн харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Малын галзуу өвчин гарах нь ихэслээ. Одоогоор хэчнээн аймгийн суманд галзуу өвчин гарчихсан байгаа юм бэ?

Хэнтий аймгийн Дадал, Хэрлэн, Говь-Алтай аймгийн Цээл, Есөнбулаг, Баян-Уул, Архангай аймгийн Хашаат, Өгий нуур, Булган аймгийн Гурванбулаг зэрэг найман аймгийн 14 суманд малын галзуу өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Сүүлийн үед мал, амьтны галзуу өвчин гарах нь ихэсч байгаа. Зэрлэг ан амьтан буюу галзуу үнэг.чоно айлын хот хүн рүү ноцох хэд хэдэн тохиолдол өнгөрсөн саруудад гарлаа.

-Галзуу өвчин гарсан бүс нутагт хэдий хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож байна вэ?

Засаг даргын захирамжийн дагуу тогтоодог. Манай байгууллага хорио цээрийн дэглэмд хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэддээ анхааруулж хэлэхэд, галзуу өвчний сэг зэмд хүрэхгүй байх, малаа байнгын хариулгатай байлгах, ариутгал халдваргүйжилтийг сайн хийх хэрэгтэй.

-Галзуугаар өвчилсөн малыг хэрхэн устгалд оруулж байна вэ. Хэчнээн мал амьтанг устгалд оруулсан бэ?

Булж устгалд оруулдаг. Ариун цэвэр, ариутгал халдваргүйжилтийн ажлыг мэргэжлийн байгууллагынхан хийж байна. 14- 15 мал амьтныг устгалд оруулсан.

-Сар шинийн баяр удахгүй болох гэж байна. Цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байх бол?

Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан. Мэдээг харахад зарим газраар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна. Мөн хүйтний чангарч, хүчтэй шороон шуурга шуурна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг аймгуудад хүргэсэн.

-Өнгөрсөн сард орон нутагт огцом хүйтэрч, автомашин цасанд суусан гэх мэдээлэл байсан?

Өнгөрсөн сард Булган аймгийн Тэшиг,Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарийн гол, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хушаат, Зүүн бүрэн, Цагаан нуур, Орхон, Сүхбаатар, Ерөө,Хүдэр,Сүхбаатар аймгийн Хатгал, Төв аймгийн Жаргалант, Увс аймгийн Хяргас, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул,Эрдэнэбулган зэрэг суманд 11- 25 см зузаан цас орсон. Дархан, Сэлэнгийн нутгаар их хэмжээний цас орсон гэсэн мэдээ байна.

-Сар шинийн баяраар иргэд орон нутгийг зорих нь ихэсдэг. Гарч болзошгүй эрсдэлээс хэрхэн сэрэмжлэх вэ?

Сар шинийн баяраар хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ жил харьцангуй дулаан өвөл болж байгаа. Гол мөрний мөсний зузааныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10- 40 см нимгэрсэн. Тиймээс иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих зайлшгүй шаардлагатай. Цаг хожих нэрийдлээр баталгаагүй зам, хөлдсөн голоор зорчдог. Үүнээс болж гол цөмрөх, машин суух, амь насаа алдах эрсдэл гардаг гэдгийг иргэддээ анхааруулмаар байна.

-Он гарсаар энэ төрлийн осол гарсан уу?

Архангай аймгийн Өндөр- Улаан, Булган аймгийн Орхон, Ховд аймгийн Чандмань, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт голын мөс цөмөрснөөс автомашин явах боломжгүй болсон байна гэх дуудлагаар орон нутгийн онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж, 25 хүний амь насыг нь аварсан. Мөн автомашиныг татан гаргаж авран хамгаалсан.

Онцгой байдлын ерөнхий газар