Баянзүрх дүүрэг үйл ажиллагаагаараа тэргүүллээ
Нийслэл хотоо хөгжүүлэх үйлсэд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн 2014 оны үйл ажиллагааны дүнгээрээ есөн дүүргээ тэргүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл модон хонин жилийн босгон дээр өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, “төрд хандах иргэдийнхээ гүүр болон ажиллаж, төрийн албыг нээлттэй ажиллуулах нь бидний ажлын нэгэн хэсэг юм. Тиймээс орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх бүтээн байгуулалтын ажилд дүүргийнхээ иргэдийн саналыг авсан. Иргэдийн саналаар хийгдэж байгаа бүтээн байгуулалт бүхэн ирээдүйдээ бэлэглэх бидний хамтын бүтээл болж, дүүргийн маань хөгжил дэвшил болж байна.
Иргэдийн саналаа өгсөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ хийгдэн дуусч, бидний ирээдүй, хойч үе болсон хүүхдүүдийн маань төлөөлөл дулаахан тохьтой цэцэрлэгтээ явж, ээж аавууд нь сэтгэл амар ажлаа хийж болохоор боллоо.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүсчилсэн бүтээн байгуулалт, зам харилцааны дэвшил, цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдэж, хөгжил дэвшил тасралтгүй урагшилж байна. 2014 онд дүүргийн хэмжээнд зургаан цэцэрлэг ашиглалтад орж, 2015 онд дахин 2 цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн хоёр ч цогцолбор ашиглалтад орохоор баригдаж байна.
Нийслэл хотоо хөгжүүлэх үйлсэд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн 2014 оны үйл ажиллагааны дүнгээрээ есөн дүүргээ тэргүүлсэн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. 2015 он Баянзүрхчүүд бидний хувьд өнгөрсөн оны амжилтаа бататгаж, нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах болно” хэмээлээ.