“Мерси Кор” ТББ орон нутгийн иргэдийн дасан зохицох чадварыг хөгжүүлнэ
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, “Мерси Кор” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Билман нар БОНХАЖЯ, “Мерси Кор” байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
“Мерси Кор” нь “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн зах зээлийн тогтворгүй байдалтай холбоотой гарах эрсдэлээс сэргийлэх, түүнийг даван туулах чадавхийг сайжруулах зорилт тавьж, дараах гурван замаар хөдөө орон нутгийн иргэдийн дасан зохицох, даван туулах чадварыг хөгжүүлнэ гэж үзжээ.
Үүнд:
- Хариуцлагатай, иргэдийн оролцоотой, хөгжил дэвшил рүү чиглэсэн засаглал
- Хүртээмжтэй, төрөлжсөн, эрч хүчтэй зах зээл хөгжүүлэх
- Цаг уурын нөхцөл байдалд зохицсон, тогтвортой байгаль орчны удирдлага гэсэн гурван арга замаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.
Дээрх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ерөнхий цар хүрээг тодорхойлж байгаа бөгөөд цаашид нарийвчилсан төслүүд хамтран боловсруулах зэргээр ажиллах юм.
“Мерси Кор” төрийн бус байгууллага нь 1999 оноос хойш тогтвортой хөгжлийн чиглэлээр Монголд ажиллаж, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах, амьжиргааг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлагатай байгууллага юм.