Ж.Энхбаяр: Айлчлалын дүнд Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах боломжтой
Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2015.02.12

Ж.Энхбаяр: Айлчлалын дүнд Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлал хийгээд ирлээ. Энэ нь Ерөнхий сайдын хувьд анхны гадаад айлчлал бөгөөд айлчлалын хүрээнд  Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзсан. Ерөнхий сайдын айлчлал “Номура Шокэн” компанийн Ерөнхийлөгч К.Нагаитай уулзах уулзалтаар эхэлж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч К.Яжима зэрэг хүмүүстэй уулзсан юм. Айлчлалын зорилго болон үр дүнгийн талаар Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа. 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айчлал хийгээд ирлээ. Айлчлалын зорилго, үр дүн юу байв?

Япон бол Монгол Улсын стратегийн түнш. Ялангуяа манай улсын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. Бүс нутагтаа эдийн засаг, улс төрийн тэргүүлэгч улс орон. 1990-ээд оны шилжилт, хүнд үеийг даван туулахад Японы Засгийн газрын үзүүлсэн тусламж, шийдвэрлэх үр нөлөөтэй байсан. Үүнийг бид мартаж болохгүй. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлалын хүрээнд хөнгөлөлттэй зээлийг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын болон Хөгжлийн банкны үнэт цаас буюу бондыг Японы зах зээлд борлуулах ажлын хоёр дахь шатыг эхлүүлэхийг зорьж байгаа байх. Эхний шатанд Самурай бондыг гаргасан. Учир нь Шийдлийн Засгийн газрын гол асуудал нь эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн томьёлол дээр явж байгаа. Тэр агуулгаар энэ айлчлалыг хийсэн. 

Хамгийн гол зүйл нь Монгол, Япон улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр үндсэндээ гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болж байгаа. Ингэснээр  Монгол Улсын уламжлалт экспортын бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах боломж нээгдэж байна. Мөн шинэ ноу хау технологиор боловсруулсан Японы стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах боломжтой болж байгаа. 

Чөлөөт худалдааны хэлэлцээр нь тарифын нэлээн хөнгөлөлттэй байдаг. Япон Улс өндөр тарифын бодлогоор их сайн хамгаалагдсан. Монгол Улсад энэ бололцоо олдож байгаа нь эдийн засгийн хувьд их таатай мессэж болно. Үүнтэй холбоотойгоор олон төрлийн бараа Японы зах зээлд гарах боломж бүрдэнэ. 

Бидэнд 1990-ээд оны сүүлээр АНУ-д гаргах оёмол бүтээгдэхүүний зах зээлд гаргах боломж нээгдэж байсан. Үүний үр дүнд маш богино хугацаанд 30-аад мянган ажлын байртай оёдлын үйлдвэрлэлийн нэгдлүүд бий болж байсан. Энэ 10-аад жил үргэлжилсэн хүндрэлийг давахад нэлээн том хөшүүрэг болсон үйл ажиллагаа байсан. Үүнтэй ижил бид оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ эцсийн шатныхаас хоёр дахь шатны боловсруулалт хийсэн. Ээрэх, сүлжих, утас, даавуу гээд нэлээн өргөн хүрээнд Японы зах зээлд гаргах боломж бүрдэж байгаа. 

Тэгэхээр бид үүнийг сайн ашиглах хэрэгтэй. Мөн энэ Чөлөөт худалдааны гэрээг дагаад гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтойгоос гадна Японы жижиг дунд үйлдвэрүүд Монголд орж ирж, бүтээгдэхүүндээ боловсруулалт хийгээд эргээд өөрийнхөө зах зээлд гаргах боломжтой. 

-Хөнгөлөлттэй хоёр дахь зээл авах зорилготой айлчлал гэж байна. Хэдий хэмжээний зээл авах боломжой вэ. Энэ нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Бидний хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл бол Хөшигийн хөндийн нисэх буудлын төсөл байгаа. Үүний хоёр дахь шатны буюу энэ ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх ажил явагдаж байгаа гэж ойлгож байна.

Хэрвээ гэрээ хэлэлцээр амжилттай болвол Хөшигийн хөндийг нэг, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулах боломжтой

-“Таван толгой” төсөл дээр Японы Сүмитомо компани орж байгаа. Энэ ажил хамтын ажиллагаанд нөлөөлөх үү?

Бид урд хөрштэйгээ тээврийн болон тарифын хөнгөлөлттэй гэрээ, хэлэлцээр хийж чадсан. Манай нүүрс далайн боомт дээр очно. Тэнд очсон тохиолдолд хамгийн ойрхон зах зээлийн нэг нь Япон Улс. 

Тэр утгаараа “Таван толгой”-н консерциумд хамтрагч болж, худалдааны компанид хувь эзэмшиж байгаа Сүмитомо компани орж ирж байгаа гэж ойлгож байна.