Л.Болд: До яам, НАХЯ гэсэн тэр муухай нэрний үргэлжлэл нь АТГ болжээ
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.02.12

Л.Болд: До яам, НАХЯ гэсэн тэр муухай нэрний үргэлжлэл нь АТГ болжээ

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдрийн чуулган дээр ийн өгүүлэв.

Тэрээр “Шинээр томилогдож байгаа дэд даргыг дэмжиж санал өгнө. Гэхдээ УИХ-ын байнгын хороо, хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан хүний хувьд чуулган болон байнгын хороон дээр яригдаж байгаа асуудлаас дүгнэлт хийж бодитой ажил хийгээсэй л гэж хүсч байна.

Яагаад гэвэл одоо яригдаж байгаа асуудлууд ноцтой байна. Хүний эрх, шударга ёсны асуудлыг ярьж байна. Гаднаас захиалгаар хэрэг үүсгэж, улс төрийн нөлөөнд ордог, хугацаагүйгээр хүнийг хохироодог гэх асуудлыг хэлж байна. Бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ.

Монголчууд хорьдугаар зуунд үүнийг даваад туулаад өнгөрсөн. Яалаа даа, гучаад оны хэлмэгдүүлэлт байна. Тэр үед хүнийг шууд буудчихдаг байж. 60-70-аад онд сэхээтний төөрөгдөл гээд боддог, сэтгэдэг ажил хийдэг хүмүүсийнхээ ажил амьдралаар тоглож, үр удмаар нь хохироож, маш их зовоосон. Би ч тийм гэр бүлд өссөн учраас сайн мэдэж байна.

Гэхдээ эцэст нь хохирсон хүмүүс нь ялдаг юм шүү. Хохироосон нүгэлтнүүд бүгд цээрлэлээ хүртдэг юм. Бид ардчиллын 25 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ цаг үед чухамдаа Монголын ардчилал өөрөө хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулж гарч ирнэ гэдэг бол эмгэнэл.

Энэ нь бас том сургамж байх л даа. Тэгэхээр бид үүнийг үеийн үедээ санаж, алдаагаа засч явах ёстой. Түүхэнд байсан До яам, НАХЯ гэсэн тэр муухай нэрний үргэлжпэл нь АТГ болж, ард түмний дунд “Амьдаар нь тамлах газар” ч гэл үү янз бүрийн муухай нэрээр нэрлэгдээд байгаа. Ийм байдал руу хүрэхийг Монголын ардчилсан төр хүсэхгүй байна аа.

Та нар энэ нэрээ цэвэрлээч ээ. АТГ бол хамгийн хэрэгтэй байгууллага гэж боддог. Гэхдээ үйл ажиллагаанд нь засах юм байгаа учраас өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ, асуудлуудыг нь яриад байна. Арга барил дээр чинь хүртэл маш олон гомдол гарч байна.

Гишүүдийн өмнө хэлсэн дээр нэмээд хэлэхэд. Вишенскийн онолоор бол дээр үед хүн өөрөө хэргээ хүлээвэл шууд бууддагбайсан. Сая баримтат киногоор ч гарч байна. Манай төрийн зүтгэлтнүүдийг хойно аваачиж цаазаар авахдаа байж болшгүй аргаар яргалж тамласаар байгаад хэргийг нь хүлээлгэж, чичирсэн гараар гарын үсэг зуруулаад хороож байж.

Одоо хэргийг хүлээлгэх, эрүүдэх нь бүгд Үндсэн хуулиар хориотой болсон учраас гэрч нь шоронд яв, үгүй бол ямар нэг албан тушаалтан, миний захиалга авсан дайсны эсрэг мэдүүлэг өг. Ингэх юм бол чамайг гэрч болгоод чөлөөллөө гэдэг тулгалт хийдэг болж байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр шинэ үеийн хэлмэгдүүлэлт. Та нар үнэхээр өөрсдөө хэргийг нотло.

Та нар ийм арга барил руу шилжих юм бол наадах чинь явахгүй ээ. Хэзээ нэгэн цагт шударга ёс тогтоно. Үнэн мөн тогтоно. Та нар хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл та нар зэвсэг нь учраас тэр” хэмээн хэлсэн юм.