БОНХАЖЯ-ын удирдлага ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2015.02.11

БОНХАЖЯ-ын удирдлага ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Удахгүй болох сар шинийн баяраа угтаж БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол, яамны бусад удирдлага өнөөдөр салбарынхаа ахмад буурлуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад энэ салбараас гавьяаныхаа амралтад гарсан 40 гаруйахмад настан хүрэлцэнирэв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилээ үдэж, “Согтууруулагч” хэмээх хөхөгчин хонин жилээ угтах энэ мөчид ахмадуудтайгаа уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын өнгөрсөн оны ололт амжилт, цаашдын зорилтоос танилцууллаа.

Өнгөрсөн онд тус салбарын хамт олон ахмадуудтайгаа нийлж цөөнгүй ажил зохион байгуулжээ. Монгол Улсад ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг яамны ахмадуудтайгаа хамтран зохион байгуулж, байгаль хамгаалах хаврын сарын аяны хүрээнд Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд шинэс, гацуур, шар хуайс зэрэг модны суулгац 150 орчим ширхэгийг Монголын ойчдын холбоотой хамтран ахмадуудынхаа дэмжлэгээр суулгажээ. Мөн ”Ойн нэвтэрхий толь бичгийн эх”-ийг ахмадуудынхаа дэмжлэгээр бүтээсэн гэхчилэн тэднийг оролцуулсан ажлууд хийсэн байна.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уг албанд томилогдоод хийхээр төлөвлөсөн ажлуудаа ахмадуудад танилцуулж, тэдний үг сургаалийг сонслоо. Тэрбээр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд энэ салбарт   тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, гарт баригдаж, нүдэнд харагдахуйц ажил хийхийг зорьж буйгаа хэллээ. Тухайлбал, салбарын сайдын хувиар хамгийн түрүүнд модны хулгайтай тэмцэх ажлыг барьж авч, сайдын албан даалгавар гаргаад ажиллаж эхэлснээ танилцууллаа. Мөн агаар, хөрсний бохирдол, уул уурхайн нөхөн сэргээлт гэхчилэн тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллахаар салбарын бодлогыг чиглүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн шугамаар анхаарал хандуулж байгаагаа танилцуулсан.

Ахмадууд яамны шинэ бүтцээр ой, усны асуудлыг чухалчлан авч үзэж, газрын асуудал яамны бүтцэд ирсэнд ихэд олзуурхаж байгаагаа хэлж, шинэ сайдын бодлогыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ахмадуудыг дэмжиж, тэдний амьдралын чанарыг сайжруулах талаар УИХ, Засгийн газрын гишүүнийхээ хувьд цаашид онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж, XVII жарны хөхөгчин хонин жилдээ эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөлөө.