Монголын ардчилал хэлмэгдүүлэлтийн сүүдэр дагуулж болохгүй
УИХ-ын гишүүн: Л.Болд
2015.02.11

Монголын ардчилал хэлмэгдүүлэлтийн сүүдэр дагуулж болохгүй

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр хатуухан байр суурь илэрхийлсэн юм.

Тэрээр Авлигатай тэмцэх газар, мөрдөн шалгах арга барил, цаашдын чиг хандлагын талаар нэг бус удаа эрс шүүмжлэл хэлж буй. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчид хандан хэлэхдээ “АТГ өмнөх нийгмийн До яам, НАХЯ шиг хэлэгддэг болсон муу нэрнээсээ салах цаг болсныг” сануулсан ба тэрээр олон чухал асуудлыг энэ үеэр ийнхүү хөндлөө.

АТГ-ын үйл ажиллагаа, нийгмийн анхаарлын төвд байгаа, байхаас ч аргагүй хурц, тулгамдсан асуудал. Үүнийг хэрэгжүүлж, хяналтаа тавьж, мөрдөн шалгаж байгаа ажиллагаан дээр олон асуудал үүсч байгаа нь харагддаг.

Шинээр томилогдож байгаа дэд даргыг дэмжиж санал өгнө гэж бодож байна. Гэхдээ УИХ-ын байнгын хороо, хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан хүний хувьд чуулган болон байнгын хороон дээр яригдаж байгаа асуудлаас дүгнэлт хийж бодитой ажил хийгээсэй л гэж хүсч байна.

Яагаад гэвэл яригдаж байгаа асуудлууд ноцтой байна л даа. Та өөрөө сонсч байна, юу гэсэн үг болохыг. Хүний эрх, шударга ёсны асуудал ярьж байна. Гаднаас захиалгаар хэрэг үүсгэж, улс төрийн нөлөөнд ордог, хугацаагүйгээр хүнийг хохироодог гэхчлэн.

Бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ? Монголчууд хорьдугаар зуунд үүнийг даваад туулаад өнгөрсөн шүү дээ. Яалаа даа, гучаад оны хэлмэгдүүлэлт гээд? Тэр үед шууд буудчихдаг байж, за яахав 60-70-аад онд сэхээтний төөрөгдөл гээд боддог, сэтгэдэг ажил хийдэг хүмүүсээ маш ихээр ажил амьдралаар нь тоглож, үр удмаар нь хохироож, маш их зовоосон. Би ч тийм гэр бүлд өссөн учраас сайн мэдэж байна. 

Гэхдээ энэ бүхний цаана үнэхээр тэр хохирсон хүмүүс нь ялдаг юм аа.Хохироосон нүгэлтнүүд бүгд цээрлэлээ хүртдэг юм шүү. Бид ардчиллын 25 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ цаг үед чухамдаа Монголын ардчилал өөрөө хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулж гарч ирнэ гэдэг бол эмгэнэл л дээ.

Гэхдээ энэ нь бас том сургамж байх. Тэгэхлээр бид үүнийг үеийн үедээ санаж, энэ үйл ажиллагаагаа засч явах ёстой. Ийм асуудлуудыг УИХ-ын гишүүд яриад сууж байна гэдэг .. үнэхээр харамсалтай. Энэ байгууллагыг анх 1999 онд С.Оюун гишүүн  бид туршлага судлаад анхны хуулийнх нь төслийг боловсруулаад өргөн барьж байснаа санаж байна.

Дараа нь байгуулсан л даа.  Яг тэр байгуулсан хүмүүс энэ байгууллагаар бодвол үйл ажиллагааг нь гажуудуулсны хариу юм уу эргээд өөрсөд дээр нь ирж байсан. Юм гэдэг яг ингэж л эргэдэг. УИХ-ын энэ танхим 25 жилийн парламентын засаглалын түүх, хариуцлагатай танхим. Энэ танхим дотор Монголын төрийн бүх асуудал шийдэгдэж байгаа, бүх том албан тушаалтнууд томилогдож байгаа.

Тэгэхээр энэ танхимд хэлсэн үг, яригдсан асуудал ор үндэсгүй байдаггүй. Үүнийг үнэхээр цаашид анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Түүхэнд байсан До яам, НАХЯ гэсэн тэр муухай нэрний үргэлжлэл нь АТГ болж, ард түмний дунд “Амьдаар нь тамлах газар” ч гэл үү янз бүрийн муухай нэрээр нэрлэгдээд л байгаа. Ийм байдал руу хүрэхийг Монголын ардчилсан төр хүсэхгүй байна аа.

Та нар үнэхээр энэ нэрээ цэвэрлээч ээ. Үнэхээр энэ бол хамгийн хэрэгтэй байгууллага гэж би боддог. Гэхдээ үйл ажиллагаанд нь засах юм байгаа учраас өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид бүгдээрээ ийм асуудлуудыг гаргаад байгаа. Арга барил дээр хүртэл маш олон гомдол гарч байна.

Гишүүдийн өмнө хэлсэн дээр нэмээд хэлэхэд. Вишенскийн онолоор бол дээр үед хүн өөрөө хэргээ хүлээвэл шууд бууддаг байсан. Сая баримтат киногоорч гарч байна. Манай төрийн зүтгэлтнүүдийг хойно аваачиж цаазаар авахдаа байж болшгүй аргаар яргалж тамласаар байгаад хэргийг нь хүлээлгэж, чичирсэн гараар гарын үсэг зуруулаад хороож байж.

Одоо болохоор хэргийг хүлээлгэх, эрүүдэх бүгд Үндсэн хуулиар хориотой болонгуут ямар арга руу шилжсэн гэхээр ямар  нэг гэрч. Эсвэл гэрч чи шоронд явна, эсвэл чи ямар нэг албан тушаалтан, миний захиалга авсан дайсны эсрэг мэдүүлэг өг. Ингэх юм бол чамайг гэрч болгоод чөлөөллөө гэсэн ийм асуудал руу хүртэл орж байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр шинэ үеийн хэлмэгдүүлэлт.

Та нар үнэхээр өөрсдөө хэргийг нотло. Хэн ч хэний эсрэг юу ч ярьж болно. Өнөөдөр бол ингэдэг нийгэм. Энэ танхимд ч гэсэн янз бүрийн юм яригдаж байгаа биз?! Тэгэхлээр та нар ийм арга барил руу шилжих юм бол наадахь чинь явахгүй ээ. Хэзээ нэг цагт шударга ёс тогтоно. Үнэн мөн тогтоно. Та нар хариуцлага хүлээнэ. Эргээд та нар л хариуцлага хүлээж таарна. Яагаад гэвэл та нар зэвсэг нь учраас.