Ж.Энхбаяр: Түншлэлийн хэлэлцээр батлагдвал гадны хөрөнгө оруулагчдад эерэг нөлөөлөл үзүүлнэ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.02.11

Ж.Энхбаяр: Түншлэлийн хэлэлцээр батлагдвал гадны хөрөнгө оруулагчдад эерэг нөлөөлөл үзүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяраас “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”- ийн төслийн талаар тодрууллаа. Уг асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.

- ”Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн. Ерөнхий сайд ч мөн энэ хүрээнд Япон руу айлчилж байна. Уг хэлэлцээрийг их онцлоод байгаа болохоор танаас асууж байгаа юм?

Юуны өмнө энэ нь Монгол Улсаас бусад улстай, түүний дотор дэлхийн эдийн засгийн нэг тэргүүлэгч гүрэнтэй байгуулж буй чөлөөт худалдааны анхны гэрээ болох гэж байгааг хэлэх нь зүйтэй юм. Та мэдэж байгаа, чөлөөт гэдэг нь эцсийн дүндээ импортын татвар, зарим нэг онцгой тохиолдолд тогтоодгийг эс тооцвол тоо, хэмжээний болон элдэв бусад хязгаарлалтгүй хийгдэх улс хоорондын худалдаа гэсэн үг.

Үүнд хүрэхийг эрмэлзэхийг Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд гишүүн орнууддаа чиглэл болгож байдаг. Улс орнууд өөр хоорондоо чөлөөт худалдаа, үйлчилгээний иймэрхүү гэрээ, хэлэлцээр хийх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Манай байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхдээ юуны өмнө үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа. түүний дотор эдийн засаг, гадаад худалдааны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, сорилтын талаас нь голлон анхаарч байгаа.

-Энэ хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн ямар асуудал шийдэгдэх бол. Гол ач холбогдол нь юу байж, ямар чиглэлд хамтран ажиллах юм бэ?

Гол нь хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр түүний дотор уул уурхайн олзворлох, боловсруулах салбарын нэмүү өртөг шингэсэн экспорт, улмаар валютын орлогыг нэмэгдүүлэх, энэ салбарт Японы өндөр хөгжсөн технологийг оруулж ирэх явдал байгаа юм. Үндсэн арга нь элдэв бараа, бүтээгдэхүүнд ноогдуулдаг тарифын болон тарифын бус элдэв саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршино.

Өөр нэг тэмдэглэх зүйл бол дэлхийн өндөр хөгжилтэй Япон улс манай оронтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж зах зээлээ чөлөөтэй болгож байгаа нь хямрал нүүрлээд байгаа өнөө үед үзүүлж буй улс төр, эдийн засгийн цагаа олсон дэмжлэг юм. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн зах зээлийнхэнд, хамгийн гол нь манайд орж ирэх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж буй гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг үлгэр жишээ болох ач холбогдолтой юм.

-Хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын эдийн засагт ямар эерэг өөрчлөлт гарна гэж харж байгаа вэ?

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт өснө. Японоос манайд оруулах хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж болох юм гэдэг нь Японтой ийм төрлийн гэрээ байгуулсан бусад орны туршлагаас харагдаж байгаа юм.

Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажил болон хэлэлцээний явцад хөндлөнгийн судалгааны багуудаар нэлээд олон судалгаа, тооцоо хийсэн байна. Ингээд Монгол Улс, Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан тохиолдолд хоёр орны гадаад худалдааны эргэлт эхний жилдээ л нилээдгүй нэмэгдэх тооцоо гарсан байдаг.

Түүнчлэн Монгол Улс өрсөлдөх чадвар өндөртэй. Үүл уурхайн салбарт тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийг зорьж буй энэ цаг үед эхний ээлжинд Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн Японы хөрөнгө оруулалт нэмэгдэх нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, эдийн засгийг төгөлдөржүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Хөдөө аж ахуйн, оёмол сүлжмэлийн, савхин эдлэлийн болон цаашдаа уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлснээр хоёр талын худалдаа өргөжин, үйлдвэрлэл өсөж, цөөнгүй ажлын байр шинээр бий болно гэж хүлээж байна. Мөн манай улсын үйлдвэрлэгч, экспортлогч нарын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар ихээхэн дээшилнэ.

-Энэ хэлэлцээрээс болж дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэгчид ямар нэгэн сөрөг нөлөө учрах юм биш биз?

Чөлөөт худалдааны аливаа хэлэлцээрийн гол агуулга нь өөр хоорондын худалдаан дахь гаалийн импортын тарифийг тэглэж, тарифийн бус хориг саадыг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах үүрэг амлалтыг харилцан хүлээх явдал байдаг. Ер нь онолын хувьд нялх эдийн засагтай, эсвэл дөнгөж хөгжиж эхэлж буй улс орон гаднаас татваргүй болон демпинг, татаас бүхий буюу зориудаар дотоодын зах зээл дээр борлуулагдаж байгаагаас доогуур үнээр бараа, бүтээгдэхүүн ихээр орж ирэх тохиолдолд хэрэглэгчид хямдыг нь сонгоно.

Тэгснээр үндэсний үйлдвэрлэлд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үздэг. Тийм тохиолдолд өрсөлдөх чадвар муутай салбарын үйлдвэрлэл богино, дунд хугацаанд уналтад орж, ажилгүйдэл нэмэгдэж болох талтай юм.Тиймээс Монгол Улс чөлөөт худалдааны гэрээний оролцогч тал болсноор гаалийн татваргүй худалдаанаас учирч болох тодорхой сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалах эрх зүйн орчныг одооноос бий болгох хэрэгтэй. Эдгээр асуудлыг энэ гэрээнд ямар нэг хэлбэрээр тусгах нь чухал байж болох юм.

Тухайлбал, ямар нөхцөлд дотоодын зах зээлээ хамгаалах буюу худалдааны хамгаалалтын тусгай, демпингийн эсрэг, татаасыг саармагжуулах гэх мэт арга хэмжээг авах, мөн гадаадын хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаатай холбогдол бүхий зүйл, заалт, оюуны өмчийг хэрхэн  хамгаалах вэ. Эцэст нь хяналт, үүсэж болзошгүй маргааныг яаж шийдвэрлэх зэрэг асуудлыг хэрхэн тусгахаа бас сайн бодмоор санагдаж байгаа.

Гэхдээ судалгаанаас харахад Монгол, Японы хувьд харилцан өрсөлдөх, давхардсан салбар бараг байхгүй тул ийм байдал үүсэх магадлал ихээхэн бага юм. Өөрөөр хэлбэл, Японоос орж ирэх импортын дийлэнх хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүн эзлэх учраас эдгээрийг гаалийн тарифаас чөлөөлөх нь үндэсний үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулахгүй байх гэж бодож байна.

-Импортын татварын тал дээр нөлөөлөл бий юу?

Чөлөөт худалдааны гэрээ байгуулсанаар гардаг өөр нэг нийтлэг сөрөг зүйл бол хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан хамаарал ихээхэн нэмэгддэг. Нэг үгээр хэлбэл, аль нэг орных нь эдийн засаг хямралд орох, өсөлт нь удаашрах тохиолдолд нөгөө орны эдийн засагт сөргөөр нөлөөлдөг гэсэн үг.

Гэвч Япон манай улсын гадаад худалдааны эргэлтэд одоогоор маш бага хувь эзэлж байгаа учир ойрын ирээдүйд энэ улсын талаасаа иймэрхүү төрлийн сөрөг нөлөө үүсэх магадлал бага. Үүнээс гадна манай хоёр улсын эдийн засаг бие биенээ нөхсөн, харилцан ашигтай бүтэцтэйгээр хөгжих бололцоотой, тэгээд ч бид аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хувьд хоорондоо ихээхэн ялгаатай түвшинд байгаа, манай эдийн засаг хямралд өртлөө гээд Японд ямар нэг нөлөө үзүүлж чадахгүйг хэн бүхэн мэднэ.

Хэлэлцээрийн төсөлд импортын одоо байгаа таван хувийн татварыг жил дараалан бага багаар бууруулахаар тусгасан нь бололцоотой зүйл юм. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоогоор хэлэлцээр байгуулсан эхний жилд улсын төсвийн орлого багаахан хэмжээгээр буурах юм билээ Гэхдээ нөгөө талаасаа Японы хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэж, үйлдвэрлэл өсөн хоёр орны худалдааны эргэлт ихээхэн нэмэгдэх, гол нь манай бараа, бүтээгдэхүүн Японы зах зээлд чөлөөтэй нэвтрэх бололцоо гарах юм Энэ нь их чухал л даа.