Өрийн удирдлагын тухай хууль дэмжигдлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж 4 асуудал хэлэлцэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2014 оны 4-р сарын 30-ны өдөр өргөн барьсныг Төсвийн байнгын хороо өнгөрсөн 1-р сарын хуралдаанаараа хэлэлцэх явцад өрийн таазыг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор зарим саналыг нэмж тусгахаар Засгийн газар татаж аваад байсан билээ.
Өнөөгийн манай эдийн засагт өрийн зохистой түвшинг хангах замаар арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх төлбөрийн дарамтыг бага байлгах, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн өрийн үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгох, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх зэрэг шаардлагууд тулгамдаад байгаа юм.
Хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль зүйн орчныг харьцуулан судлах замаар өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавин ажиллажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.