Б.Гарамгайбаатар: Ашигт малтмалын тухай хуулийг эхэлж батлах нь зүйтэй
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2015.02.10

Б.Гарамгайбаатар: Ашигт малтмалын тухай хуулийг эхэлж батлах нь зүйтэй

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Гацууртын ордод төрийн эзэмших хувь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон эдийн засгийн хүндрэлээс гарах зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэнэ. Эдгээрт УИХ дахь АН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг тус булгийн дарга Б. Гарамгайбаатараас тодрууллаа.

-Гацууртын ордод төр 20 хувийг эзэмших тухай тогтоолын төсөл гарсан. Үүнд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

Засгийн газрын оруулж ирж байгаа тогтоолын төсөлд төр 20 хувийг эзэмшихээр тусгасан. Үүнийг манай бүлгийн гишүүд УИХ- д оруулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

-Харин эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухайд?

Эдийн засгийн хүндрэлийг•даван туулах таван заалт бүхий тогтоолын төслийг Засгийн газар оруулж ирсэн. Үүнийг яг энэ байдлаар нь хэлэлцэх шаардлагагүй гэж бүлэг үзсэн. Гишүүд ч нэлээд шүүмжлэлтэй хандсан. УИХ-аас Засгийн газарт эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхтэй болгох тухай хоёр тогтоолыг гаргаж өгсөн.

Энэ тогтоол дээр байгаа заалтууд давхардаж орсон учраас өмнө нь гарсан тогтоолын шийдвэрийн дагуу Засгийн газар хэрэгжүүлээд явах нь зүйтэй. Мөн Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудал хавсралт материалд орсон байна. УИХ-аас Тавантолгой, Оюутолгойтой холбоотой тодорхой чиглэл гарсан. Түүгээрээ шийдээд явах ёстой. Засгийн газарт энэ боломж нь байгаа гэж бид харж байна.

Тиймээс энэ асуудлыг одоо оруулж ирсэн төслөөр хэлэлцэх боломжгүй. Монголбанкны мөнгөний бодлогын хүрээнд УИХ-аас тодорхой шийдвэрүүд гарсан байгаа учраас уг асуудлыг тусгайлан авч хэлэлцэх шаардлагагүй юм.

-Ашигт малтмалын тухайд хуулийн өөрчлөлт ямар байдлаар орж ирж байгаа бол?

-Ашигт малтмалын тухай хуулийн тухайд тавдугаар бүлэг дээр өөрчлөлт оруулж ирж байгаа. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий нөөц ашигласны төлбөрийн асуудал дээр өөрчлөлтүүд оруулж байгаагаа Засгийн газар албан ёсоор тайлбарласан.

Үндсэндээ Оюутолгойн 34 хувь, Гацууртын ордын эзэмшлийн хувь болон бусад ордтой холбоотой хувь эзэмшихээс гадна өөр нөхцөл байдлаар хувь эзэмших боломж байна гэсэн чиглэлээр өөрчлөлт оруулж байна гэж ойлгож байгаа.

Ач холбогдлоор нь аваад  үзвэл Ашигт малтмалын тухай хуулийг УИХ эхэлж  батлах нь зүйтэй. Ингэвэл одоогийн маргаан дагуулж буй Гацуурттай холбоотой тогтоол үндсэндээ Гацууртыг эзэмшиж байгаа тухайн байгууллагын хүсэлтийг үндэслээд өөрчлөгдөх боломж бүрдэж байна гэсэн үг.

-Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын нэг нь өмч хувьчлал. Үүнийг бүлэг дээрээ ярьсан уу?

2015-2016 оны өмч хувьчлалын асуудлыг Засгийн газар өмнөх УИХ-д өргөн барьсан байснаа буцааж татаж авсан. Ингэсэн гол шалтгаан нь хувьчлагдах аж ахуйн нэгжүүдийн жагсаалт байхгүй байсантай холбоотой. Харин энэ удаа жагсаалтыг хамтад нь өргөн барьсан.

Энэ асуудлыг бүлэг дээр ярилцаад бүлгийн гишүүд Төрийн өмчийн хорооноос тодорхой мэдээлэл авах зайлшгүй шаардлагатай байна гэсэн.

-Сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэв үү?

Энэ тухай хэлэлцсэн. Огцруулах үндэслэл харагдахгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан.