Төсвийн мэдээллийг ил болгосноор харилцан бие биендээ итгэх итгэл нэмэгдэнэ
УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийгэм, эдийн засгийн голлох тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх, нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг гаргадаг төрийн байгууллагууд тоон мэдээллийг нэгдсэн байдлаар тогтмол гаргах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь эдийн засгийн төлөвлөлт, тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Эдийн засгийн гол гол макро үзүүлэлтээр нийгэм болон зах зээл рүү тогтмол мэдээлэл өгч байх нь зах зээлийн эдийн засагтай орнуудын заавал баримтлах дүрэм, мөрдөж байх соёл юм.
Энэ зорилгоор цаашид Засгийн газрын хэмжээнд төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай нийлж нэгтгэж, ил тод байдлыг ханган байнга мэдээлэх эхлэлийг өнөөдрийн УИХ-ын хуралдаанд Та бүхэнд хүргүүлж байна. Энд УИХ-ын дөрвөн байгууллага, тухайлбал Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, мөн гүйцэтгэх эрх мэдлийн дөрвөн байгууллага болох Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас авсан тоон үзүүлэлтийг тухайн чиглэл бүрээр хавсаргасан болно. Ингэснээр төсөвт байгууллагууд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаандаа хяналттай, бас хариуцлагатай хандах нэг хөшүүрэг болох, нөгөө талаас тоо тойрсон улс төржилтийг багасгана гэж үзэж байна.
Тоо бүр нэгийг өгүүлдэг. Төсвийн мэдээллийг ил болгосноор харилцан бие биендээ итгэх итгэл нэмэгдэж та бидний, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урагшлах ёстой билээ.
Цаашид, УИХ болон Засгийн газрын эдгээр байгууллагууд мэдээллээ нэгтгэн улирал бүр энэхүү мэдээллээ тогтмол гаргадаг болгох саналтай байна.
Эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсхүл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд УИХ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх горимд шилжье.
Эдгээр үзүүлэлтийг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, дүгнэж танилцуулдаг нэгж, албыг УИХ, Засгийн газар дээр байгуулах чиглэлээр ажиллах саналтай байна” хэмээсэн. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат, нэгдүгээр сар гарсаар аж ахуйн нэгжүүдэд 19 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийсэн, НӨАТ-тай холбоотой өр, авлагын асуудал байхгүй. Хөрөнгө оруулалтын хувьд зарим зүйлсийг тодорхой болгосны дараа мэдээлэл өгье гэж хэлсэн. Түүний хэлснээр, Сангийн яаманд хөрөнгө оруулалтын газрыг шинээр байгуулсан бөгөөд тэр газар хөрөнгө оруулалтын асуудалд хяналт тавьж ажиллах юм байна. Аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, хасагдсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх мэт маргаан гардаг учир дээрх маргааныг нягтлан шалгаж хяналт тавьж ажиллаж байхаар болсон аж.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Шийдлийн Засгийн газрын шийдэж буй зүйл маш цөөн байгаагаас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хүлээлт үүсгэн, эдийн засагт хүндрэл учруулж байна гээд Засгийн газар хэзээ дорвитой арга хэмжээ авч шийдэх вэ гэж асуусан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд төсвийн тодотголыг батлууллаа. Оюутны асуудлыг шийдвэрлэснээс гадна, 80 байгууллагыг 25 болгон цөөрүүлэн, Гацууртын ордыг хөдөлгөөнд оруулах ажлыг эхлүүлж, гурван талт хэлэлцээрийг амжилттай хийлээ. 106 лицензийн асуудлыг шийдэж, Таван толгойн хэлэлцээр дуусах шатандаа орж байна гээд тоолбол багагүй ажлыг хийсэн. УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө 10 хууль батлагдвал цаашид олон зүйлийн шийдлийг түргэтгэх болно гэсэн хариулт өгсөн юм.
Гишүүд Төрийн албаны зөвлөл, Сангийн яамнаас гаргасан төрийн албан хаагчдын тоо 10 шахам мянгаар зөрж байгаа, Улсын бүртгэлийн газар, Үндэсний статистикийн газраас гаргаж буй аж ахуйн нэгжийн тоо ихээхэн зөрж байгаагийн учрыг тодруулж байлаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Төрийн албаны зөвлөлөөс гаргадаг төрийн албан хаагчдын тоонд гэрээгээр ажилладаг, төслийн ажилтан, ажлын хэсэг, төрөл бүрийн хороо, комиссын гишүүдийн тоо ордоггүйгээс энэ үзүүлэлт зөрдөг гэсэн хариулт өгсөн бол Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам хоёрын тоо мэдээгээ гаргадаг хугацаа өөр байдаг нь тоо зөрөхөд нөлөөлдөг хэмээгээд цаашид хоёр байгууллага энэ тал дээр хамтран ажиллаж, тоогоо нэгтгэж явахаас аргагүй гэсэн хариулт өгсөн.
Аж ахуйн нэгжийн талаар хоёр байгууллагаас гаргадаг тоо зөрдөг нь мөн л шалтгаантай аж. Улсын бүртгэлийн газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоог гаргадаг бол Статистикийн газрын хувьд судалгааны мэдээлэл цуглуулах байдлаар аж ахуйн нэгжүүдтэй холбогддогоос тооны зөрүү гардаг гэсэн тайлбарыг Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайхан өгсөн юм.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авсны дараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулиудын болон тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, мөн “Монгол Улсад цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цөмийн технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, бүрдүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах” чиг үүргүүдийг Цөмийн энергийн комисст тус тус шилжүүлэх, УИХ-ын гишүүн Л.Болд цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн үүсгүүртэй холбогдох тусгай зөвшөөрлийг олгоход Цөмийн энергийн комиссын саналыг авч байх, УИХ-ын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг хууль зүйн техникийн хувьд гүйцээн боловсруулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулсан юм.
Харин энэ асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийнзавсарлага авч байгааг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдсэнээр хэлэлцэхийг хойшлууллаа.