Р.Бурмаа: Урамшууллаас аж ахуйн нэгжийн өрийг суутгасан
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.02.09

Р.Бурмаа: Урамшууллаас аж ахуйн нэгжийн өрийг суутгасан

Тариаланчид улаан буудайн урамшууллаа авч чадахгүй байгаа тухай ярьж байгаа билээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн урамшууллыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

350 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүд болон тариаланчдын буудай тушаасан баримт Тариалан эрхлэлтийг дэмжих санд ирсэн. Энэ баримтын дагуу бид нэг тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгосон.

Гагцхүү өмнө нь өртэй байсан аж ахуйн нэгжийн өрийг урамшууллаас суутгасан. Өөрөөр хэлбэл, тариалалт хийх үеийн хэрэгцээний шатахууны урьдчилгааг зээлээр авсан компани болон хувь хүмүүс бий. Зарим нь буудайн борлуулалтын орлогоос төлсөн бол зарим нь өртэй байсан юм.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих санд гурилын үйлдвэрүүд, тариаланчдаас авах 80- аад тэрбум төгрөгийн авлага бий Тэгэхээр энэ өрийг суутгажтариалалтад зарцуулах хөрөнгийн хуримтлал үүсч байгаа юм. Ер нь цаашдаа. урамшууллыг олгохдоо чанар стандартыг харгалзан олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн тариа тарих, хураах болон лабораторит хөндлөнгийн хяналтыг байлгах хэрэгтэй гэж харж байгаа. Ийм хяналт байхгүйгээс үл ойлголцол гарч байна.

-Одоогоор манай улсад эрчимжсэн мал аж ахуйн фермер хэд байгаа вэ. “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжилт авсан төслийн явц ямар байна вэ?

Том жижиг нийлсэн 1500 гаруй фермер бий. Гэвч томоохон нь цөөхөн. Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт авсан нэлээд хэдэн төсөл бий. Мөн хүнсний ногоо тарих хүнсний Төслийн санхүүжилт авсан.

Мах үржил, ноос, ноолуурын чиглэлээр ч зээл авсан газрууд байгаа. Зээлийн явцын талаарх мэдээллийг “Голомт” банкнаас тодруулахад 80 гаруй хувь нь санхүүжилтээ авсан бөгөөд гүйцэтгэлээрээ авч байгаа гэсэн хариу өгсөн.

-Эрчимжсэн мал аж ахуйн фермер нэмэгдсэнээр сүүний үнэ тогтворжих уу. Цаашилбал буурах боломж бий юу?

Сүү бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын хэрэгцээг аюулгүй хүнсээр хангах шаардлагатай. Тэгэхээр дотоодын хэрэглээгээ шингэн сүүгээр бүрэн хангах зорилготой. Ингэснээр хуурай сүүг импортоор оруулахгүй байх бодлого баримталж байна.

Одоо хэрэглэж байгаа сүүний 80 гаруй хувийг “Сүү” компани нийлүүлдэг. Тэгэхээр. шинээр нээгдэж байгаа фермерээ бүрэн хүчин чадлаар нь ашиглавал шингэн сүүний хэрэглээг 100 хувь хангах бүрэн боломжтой.

Түүнээс гадна сүүний жижиг үйлдвэрүүд нийлүүлэлт хийнэ. Хэдийгээр фермерүүд шинээр нээгдэж байгаа ч бидний зүгээс аюулгүй байдлыг илүү анхаарч байна.

-Зөвхөн фермерт зориулан “Чингис” бондоос хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн бэ?

Тухайлбал, “Макс агро” ферме.рт 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж байгаа юм. Тэгэхээр үүний гуравны нэг буюу 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Зээлийн зарцуулалт болон үр дүн сайн байгааг эрчимжсэн мал аж ахуйн фермерийн нээлт баталлаа.