С.Ганбаатар: Энд шунал ноёлоод байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Хуралдааныг хэр үр дүнтэй хуралдлаа гэж харж байна вэ. Сайдын томилгоо, албан тушаалтныг халах солих асуудлыг л анхаарсан өмнөх хуралдаануудаас ялгагдах зүйлгүй үр дүнгүй болчихов уу?
Улс төр судлаачдын дүгнэлтэд УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлын 50-иас илүү хувь нь сандал ширээний эргэн тойрондох асуудал байлаа гэж гарсан байсан. Би ч үүнтэй санал нэг байна. МАНАН нийлээд яаж сандал ширээгээ хуваах, булаацалдах вэ гэдгээ л ярьсан уралдсан асуудал гурван жил өрнөлөө.
Би бол бие даагч. Жирийн иргэдийг төлөөлж байгаа, тэр дундаа Дарханчуудыг төлөөлж байгаагийн хувьд дэндүү ёсзүйгүй байгааг удаа дараа хэллээ. Энд шунал ноёлоод байна. МАНАН бүлэглэлийн шунал ноёлсноос болж жирийн ард иргэдийн төлөөх шийдвэр гарч чадахгүй байна. Олон улсын үндэстэн дамнасан корпораци, тэдний бууны нохой болсон хэсэг бүлгийн эрх ашиг УИХ дээр маш хүчтэй болчихлоо.
Улсаа худалдахад ч бэлэн хүмүүс парламент дотор байгаа учраас хуулийн төслүүд цаашаа явахгүй сунжирч хүндэрдэг. Худалдахын тулд ч албан тушаалд шунахайрч, нэр хүндээ барж Засгийн газарт хамтарч байж магадгүй. Уг нь улстөрчид иргэдийн бэрхшээлийг шийдэх гэж сонгогдсон ч өнөөдөр эргээд ард түмний бэрхшээл болчихоод байгаадаа дүгнэлт хийх цаг нь болжээ.
-Үр дүнг нь хувиар илэрхийлвэл?
50 хувьтай ажилласан гэж хэлье дээ. Маш олон хуулийн төслүүд хаврын чуулган руу шилжлээ. Хэлэлцэх ёстой хуулиудаа дарж хэвтсээр байгаад одоо бөөндөж байна, ар араас нь. Хугацаа сунгах шалтгаан ч намрын улстөржилттэй холбоотой.
-Бие даагч гишүүд өнгөрсөн хугацаанд сөрөг хүчин болж ажилласан. Та бүхэн ямар үр дүнтэй ажиллав. Шоудах нь их байлаа гэсэн шүүмжлэл гарч байгаа?
МАНАН-д бол бид тэгж л харагдана. Харин ард түмэн бидэнд өөр дүн тавьж байгаа шүү. Бие даагч гишүүний хувиар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлж батлуулж чадлаа. Сэтгэл өндөр байна. Мөн Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдах шатандаа ороод хоёрдугаар хэлэлцүүлэгт орчихсон. Энэ бол том амжилт. Мөн Компанийн тухай хууль батлагдаж чадлаа.
Одоо валютын эрхзүйн орчныг бүрдүүлэх Валютын тухай хуулийг өргөн барьж байна. Газрын тухай хуулиа өргөн барих гээд судлаачдыг урьсан ч зарим эрдэмтэд маань өндөр үнээр “биеэ үнэлээд” мөнгийг нь дийлэхгүй удааширсан байдалтай л сууж байгаа. Ажлууд харьцангуй сайн явж байна. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүд маань ч нэлээд олон хуулийн төслүүд өргөн барьж, зарим нь батлагдсан. Хууль батлах талаар бид чамлахааргүй ажилласан.
Гэхдээ Ноён уулаа тавиад туучихлаа. Бие даагч гишүүд хүч хүрсэнгүй. Оюутолгойн гэрээний өөрчлөлт, ард түмний эрх ашгийг хамгаалах асуудал цаг алдаж байгааг ний нуугүй хэлэх ёстой. Одонтой эхчүүд, жирэмсэн эхчүүд, хүүхдийн мөнгийг хасна аа гэж байхад анх удаа бие даагч гишүүд Ч.Сайханбилэгийг огцруулна гэдэг асуудлыг хөндөж шийдвэрүүдийг хэвээр үлдээлээ. МАН бүлгээрээ нааштай шийдвэр гаргахад бид нөлөөлсөн.
Цалин тэтгэвэр нэмэхгүй гэж байхад бие даагч гишүүд 120 тэрбумыг нэмүүлэх талаар хөөцөлдөж ажил хэрэг болгож чадлаа. Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хороог даргалж байхад бүр 500 тэрбумыг суулгана гэж ярьж байсан юм шүү. Ахмадууд, багш, эмчид хайртай, тэднээр шоу хийхдээ асуудлын гол байгаа юм биш. Энэ хүмүүс чинь зах дээр очиж худалдан авалт хийж эдийн засгийг сэлбэдэг юм.
Энэ хүмүүсийн орлого багасна гэдэг захын худалдан авалт буурч, талхны цехүүд дампууралд ойртоно гэсэн үг. Эдийн засгаа сэлбэж, ажлын байрыг тогтворжуулах бодлого чинь өөрөө энэ юм. Заримдаа ядарч, зүдрэх, хүч хүрэхгүй аргагүй байдалд ордог л юм. Чуулганд бид цөөнх байлаа ч жирийн иргэд дотроо бол олонхи шүү гэдгийг хэлмээр байна.
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Энэ хуулийн талаар дараа хоёулаа бүр том ярилцлага хийе. Энэ талаар ярих зүйл маш их байна. Асуух зүйл чинь их учраас би бараг л Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ярьсаар цагийг чинь авчих болов уу /инээв/.
Нийгэмд яах аргагүй хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл батлагдаж чадсан учраас баяртай байгаа. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дараа сэдэв болгож том ярилцлага өгөх бодолтой байна.
-Тэгье ээ. Дараа нэг том сэдвээр ярилцахаар нөөцөлчихье. Та яагаад Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцээд байгаа юм бэ. Төр нөхөн төлбөрийг өгч чадахгүй бол журмаа өөрчлөөд лицензүүдийг өгөхөөс өөр гарц байхгүй биз дээ?
Дэлэнт дээшээгээ, уутат уруугаа гэдэг ардын сайхан үг бий. Арвайн гурилын уутыг нэг л өдөр уруугаа гөвж иддэг шүү дээ. Харин дэлэнт малын буяныг 1000 жилийн дараа ч эдэлж, тусгаар тогтнолоо хадгалсан хэвээр байна. Монголын эдийн засгийн суурь бол мал аж ахуй. Хамгийн их ажлын байрыг өөртөө шингээдэг. Мал аж ахуй, малчин ард түмэн Монголыг монголоор нь авч яваа хүмүүс. Энэ буяныг бид барж хэзээ ч идэхгүй. Харин мэрж иднэ. Харин уул уурхайгаа барж идэж байна.
Нийгэмд яах аргагүй хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл батлагдаж чадсан учраас баяртай байгаа.
Малчид таван хошуу малынхаа буянаар амьдардаг. Таван хошуу мал бэлчээр, уснаасаа хамаарч өсч үрждэг. Бэлчээр ус бол гол мөрний урсац, ойн сангаас хамаарч бий болдог. Тэгэхээр энэ бүгд чинь уялдаатай байгаа биз. Мөнх цэвдэгтэй уул усыг эксковатораар ухлаа гээд хэдэн хүн алттай болж том том жип унана. Ихэнх нь гадны хүмүүс л дээ. Харин малгүй, махгүй, малчингүй болж амьжиргаагаа бид тасалж байгаа хэрэг болно.
Уулын мухарт байгаа малчин ардынхаа амьжиргааны эх үүсвэрийг таслах шийдвэрийг УИХ гаргах гээд байхад эсэргүүцэхгүй яах юм бэ. Засгийн газартай, газаргүй тэд ажиллаж амьдардаг. Тэдэнд битгий гай бол. Усны эх бүрэлдэх газрыг ухна аа гэдэг бэлчээргүй болгож байгаа хэрэг.
Ган зуд үргэлж нүүрлэнэ. Би эдийн засагч. Их сургуульд эдийн засаг зааж явлаа. 20 гаруй жилийн өмнө эдийн засаг сурч, бас зааж явахад эдийн засгийн ухаан дотроо байгалийн ухаан нь багтдаг байсан юм. Одоо байгаль орчны ухаан дотор нь эдийн засаг нь багтдаг болчихож.
Чи боддоо. 300 компани 3000 эксковатораар ухлаа гэж бодъё. Гол горхи ширгэлээ гэхэд Монгол Улс цөлжиж, элсэн цөл болж дараа нь ямар ч эдийн засгийн онол үйлчлэхээ болих тухай асуудал яригдах юм. Үүнийг зарим нэг гишүүдийнхээ толгойд хийх гэж аргаа барж байна. Миний ярилцлагыг уншсан зарим нэг гишүүд нэгийг бодно гэж бодож байна. Сонгосон гишүүддээ үүнийг ойлгуулж өгөөч ээ гэж иргэдийг уриалмаар байгаа юм.
-Ч.Сайханбилэг сайд өнгөрсөн долоо хоногт иргэдээс санал асуулга авлаа. Иргэд Оюутолгойг урагшлуулж, бүтээн байгуулах замаар ханшаа тогтоох нь зөв гэж үзжээ. Оюутолгойг эсэргүүцдэг цөөхөн хэдэн гишүүний нэг бол та. Ардаас асуусан асуулгыг хэрхэн дүгнэв?
Нэгдүгээр асуулт нь чи үнээгээ өгөх үү гэж асуусан. Хоёрдугаар асуулт нь сүүгээ өгөөд өлбөр гэсэн асуулт байна лээ. Хоёулаа биш. Оюутолгойг явуулах уу гэж асуусан. Оюутолгой явахын дээдээр явж байгаа. Би чамд баяртай мэдээ дуулгая. Оюутолгой 123 сая тонн зэс гаргасан. Нэг сая тонн зэс гэдэг чинь ямар их мөнгө билээ.
Тэгээд бодоод үзэхээр 123 сая тонн зэс гээд боддоо. Монгол Улсын газар нутгийг хэдэн удаа зэсээр бүрэх мөнгө олсон. Ийм их зэс гаргасан байна. Дээр нь нэмээд 16 тонн алт, 30 тонн мөнгө гаргачихлаа. Явахын дээдээр явж байна. Хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Яагаад явуулах вэ гэж асуугаад байгаа юм.
Явж байна. Зүгээр л Оюутолгойгоо 15 банкны барьцаанд тавих уу гэж гуйж байна. Рио Тинтог Монголоос гарахыг нь зөвшөөрье гэж байгаа хэрэг. Энэ олон тонн сая зэснээс бид ямар ч ашиг авахгүй байгаагаас болж тэтгэврээ тавьж чадахгүй, одонтой эхчүүдээс мөнгө харамлаад сууж байгаа. Ч.Сайханбилэгийг надаас асуухаас өмнө энэ орд чинь явчихсан. Хоёрдугаарт, надаас бүсээ чангалах уу гэж асуулаа. Би чангалмааргүй байна гэж хариулна. Хоёр чонын алинд нь идүүлэх вэ гэж асуусан гэж ойлгосон.
Зүгээр л Оюутолгойгоо 15 банкны барьцаанд тавих уу гэж гуйж байна.
-Гуравдах асуулт байх ёстой гэж үү?
Тийм. Байх ёстой юм. Ардчилсан орон юм бол эрдэмтдээсээ, ард түмнээсээ асуу гэж би хэлнэ.
-Бие даагч гишүүд, Г.Уянга, Л.Цог нарын гишүүд хамтраад цөөнхийн бүлэг байгуулна гэсэн үнэн үү?
Тийм зүйл яригдаж байгаа. Би өнгөрсөн хавар 13-ын бүлэг байгуулж, МАНАН-тай “үзэлцэж” ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой гэдгийг ярьж, өөрөө удирдаж санаачилж явсан. Сонин, радиогоор над руу их дайрсан. 13 хүний гарын үсэг цуглуулаад гүйсэн. Зарим нь дэмжсэн.
Зарим нь дэмжээгүй удааширсан. Энэ бүлгийг зохион байгуулж байгаа хүмүүст байр сууриа тодорхой хэлчихсэн. Та нар санаачил, би дэмжинэ ээ гэж хэлсэн. Бүгдэнд нь гарын үсэг зурна, МАНАН-ийн эсрэг явах бол дуртайяа дэмжихээ ч хэлчихсэн. Би өөрөө зохион байгуулахгүй. Намайг дарга нь болох гэж байна гэж хардаж болохгүй.
-Та “Хүний төлөө”, “Хөдөлмөрийн нам” байгуулах гээд яваад байгаа гэсэн биз дээ. Намын нэрээ авах гэж байгаа юм билээ. Нэрээ эцэслэн тохирсон уу?
Монголын маш олон нийгмийн салбарын хүмүүс намайг дэмжиж байна. Намайг хайрладаг. Энэ их хайр хүндэтгэлийг буцааж хариулахын тулд иргэдийн төлөө шийдвэр гаргадаг,ажилтай орлоготой болгох л зорилго тавьж ажиллана. Их сургуулийн маш олон багш, эрдэмтэн мэргэд, хүчнийхэн, гадаадад сурч ажиллаж амьдардаг иргэдийн холбоо гээд гурван ч клубэд би мэдээлэл өгдөг.
Их хурал дээр юу болж байгаа, ямар шийдвэр гарах нь вэ гэдгийг мэдээлж, 11 жилийн тэмцлийн арга туршлагаасаа хуваалцдаг. Тэндээс нам байгуулъя гэдэг санаачлага гарсан. Хүний төлөө Хөдөлмөрийн нам байгуулахаар санаачлага гаргаад материалаа цуглуулаад явж байгаа юм билээ. Энэ болгонд би хүчээ өгч, туршлагаа хуваалцаж ажиллана гэж хэлсэн.
-Нам байгуулчихвал та орох уу, орохгүй юм уу?
Би ямар ч байсан Монголын төлөө явна. МАНАН-г гайхширтал нь, нам гэж ийм байдаг юм гэдгийг харуулахын тулд хүчээ өгнө. 10 жил би зүтгэсэн хүн. Надад байгаа давуу талаа ашиглуулна.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар орох нь гэж яриад байх юм?
Энэ талаар өөрсдөөс нь асуу.
-Та УИХ-ын даргыг нэг өдрийн популизм дууслаа гэж хэлснийхээ төлөө дарханчуудаас уучлалт гуйх ёстой гэсэн. Таниас уучлалт гуйсан юм уу?
Надаас уучлалт гуйх асуудал биш. Би Зандаахүүгийн Энхболдоор уучлалт гуйлгахыг хүсэхгүй. Гагцхүү Ганбаатарыг сонгосон иргэдээс тэр хүн уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйхгүй бол дарханчууд тэр хүнд ямар дүн тавих нь тодорхой. Дарханчуудыг бүслүүрээ доод талыг нь эхлээд чангал гэж тэд хэлсэн.
Би сонгогдсон аймагтаа сар болгон очдог.
Дээд бүслүүрээ чангал гэж хэлсний төлөө нэг өдрийн популизм ингээд дууслаа гэж хэлсэн. Энэ үгнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Улстөрчдийн бүсийг чангалахын тулд 17 дэд сайдын зардлыг танах асуудлыг оруулж ирсэн. УИХ-ын гишүүд ч дэмжсэн. Гэтэл З.Энхболд дарга хууль зөрчин энэ асуудлыг оруулж дахин батлуулсан. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байгаа.
-Өнгөрсөн сард бие даагчид хаана ажиллаад ирэв. Фэйсбүүк, твиттерээр нэлээд идэвхтэй жиргээд байсан?
Би сонгогдсон аймагтаа сар болгон очдог. Заримдаа 1-2 удаа ч очдог. Энэний өмнөх долоо хоногт Орхон суманд очиж ажиллаад ирлээ. Мөн Дархан суманд ажиллаж Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн ахмадуудтайгаа уулзсан. Мөн Шарын гол, Хонгор суманд ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа.
Ард иргэдийн дуу хоолой болж ажиллах ёстой гэдгийг захиж байна. Зарим хуулийн төслүүдээр ярилцаж санал бодлыг нь сонслоо. Энэ долоо хоногт Дорнодод очиж ажиллах бодолтой байна. Амралтын өдөр болгон хөдөө орон нутагт ажиллахыг зорьж байна. 76 гишүүн 1-2 асуудлыг барьж аваад дөрвөн жил ажилчихвал монголын 100 гаруй тулгамдсан асуудал шийдэгдчих юм шүү дээ, уг нь.
-Фэйсбүүк, твиттерээ өөрөө хөтөлдөг үү?
Тэгэлгүй яахав. Өөрөө л хөтөлнө. Маш олон дагагчтай, намайг дэмждэг иргэдтэйгээ санал бодлоо хуваалцдаг болсон.