Х.Болорчулуун: Нүүрс одоо үнс шиг байна, хүлээе
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.02.06

Х.Болорчулуун: Нүүрс одоо үнс шиг байна, хүлээе

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цөөн хором ярилцлаа.

-Засгийн газар сая “Хөгжлийн замаа хамтдаа сонгоё” гээд мессежээр санал асуулга явууллаа. Та санал асуулгад оролцсон уу?

Ороогүй, оролцож яах юм. Тэр чинь хэлбэр төдий л санал асуулга шүү дээ.

-Хөгжлийн замаа сонгоё гээд асууж байгаа нь хэлбэр төдий гэдэг нь...?

Нэгдүгээрт санал асуулга нь . өөрөө хэлбэр төдий. Хоёрт, санал хураалтын дүнг нийлүүлээд дүгнэж байгаа нь ч өөрөө тийм нээлттэй байсангүй. Ямар ч дүнг санаагаараа гаргаж болно шүү дээ. Мессежээр авсан саналын дүнг яаж ч засч болно.

-Авсан хэлбэр нь, агуулга нь гээд хоёулаа буруу гэж үү?

Хэлбэр нь ч, агуулга нь ч тэр. Угаасаа л том төслүүдээ урагшаа явуулах ёстой биз дээ. Бас Монгол Улс хэмнэж болох зардлаа хэмнэх нь ч хуулиараа нээлттэй байгаа. Хуулиар бүх боломж нь Засгийн газарт байгаа.

Ямар менежмент явуулах вэ гэдэг нь л сонголтын асуудал. Гэтэл тэрийгээ хэрэгжүүлэхгүй асууна гэдэг нь юу гэсэн үг вэ. Хэрэв асуултынх нь хариу “Үгүй” гэж гарсан бол том төслүүдээ явуулахгүй юм уу. Энэ бол асуултын хариулт нь тодорхой байсны л баталгаа.

-Энэ тэгээд хэнд ашигтай юм бэ?

-Том төслүүдээ явуулъя гээд санал асуулгын дүн гарчихлаа гэж байна. Энэ бол эрх барьж байгаа хүмүүст ашигтай. Дараа нь том төслүүд буруу явлаа гэхэд “Ард түмнээсээ асуусан шүү дээ" гэж л ам хаах гэж байгаа юм. Санал асуулгыг ийм л зорилгоор явуулсан.

-Ямартай ч санал асуулгад оролцсон 300 гаруй мянган хүнээс 160 мянга нь том төслүүдээ урагшлуулъя гэсэн байна. Одоо тэгээд юу, юугаа ашиглана гэсэн үг вэ?

Мега төслүүд л дээ. Тавантолгой, Оюутолгойгоос л эхэлнэ дээ.

-Энэ төслүүдийг урагшлуулах арга хэлбэр нь хэр оновчтой байгаа вэ. Бие даагч гурван гишүүн бол Оюутолгойн гэрээг үргэлж шүүмжилж ирсэн. Тавантолгой дээр яах вэ?

Угаасаа Оюутолгой дээр хувь эзэмшил 90:10-ын харьцаатай гэхэд болохоор байгаа. Тэгэхээр шүүмжлэхгүй яах юм.

-90:10 гэдэг нь юу гэсэн үг вэ. Оюутолгойд Монголын тал 34 хувиа эзэмшиж байгаа биз дээ. Хувьцаагаа зарчихсан гэсэн үг үү?

Эд нар зардлаа дураараа өсгөж байгаа юм. Тиймээс Оюутолгойгоос ашиг хүлээгээд хэрэггүй. 90:10 гэдэг нь монголчуудын хүртэх ашиг ердөө 10 хувь л гэсэн үг. Би тийм дүгнэлттэй яваа. Ядаж л Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамждаггүй болохоор цаад талдаа дураараа зардлаа өсгөх боломжийг олгоод байгаа юм.

Тийм ч учраас гэрээнд туссанаас илүү зардпыг анхны хөрөнгө оруулалтад зарцуулчихаад байж байна. Одоо бас хоёр дахь хөрөнгө оруулалт нэртэйгээр дахиж мөнгө оруулах гэж дайрч байна шүү дээ.

Нээрээ 90:10 гэдгээ тоогоор тайлбарлая. Оюутолгой төсөл 2015 онд 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Түүний 320 тэрбум төгрөг нь л Монголын талд тооцогдож байгаа юм. Гэхдээ бас энэ мөнгөнийхөө талыг 34 хувиа худалдаж авсан зээлийнхээ хүүнд өгчихөж байгаа юм. Ингээд бодохоор 170 гаруй тэрбум төгрөг л Монголд орж ирнэ. Энэ бол олж байгаатай нь харьцуулахад маш бага мөнгө.

-Хөрөнгө оруулагч талаас хоёр дахь шатны санхүүжилт хийхээс өмнө харилцан ойлголцлын санамж бичиг байгуулъя гэж манай Засгийн газрыг шахаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

Энэ Засгийн газрын үед Оюутолгойгоос сайн үр дүн хараад хэрэггүй ээ. Яагаад гэвэл засаг барьж буй Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр Оюутолгойн гэрээг байгуулахад идэвхийлэн оролцсон хүмүүс. Эд нартай яаж харьцах түлхүүр нь нөгөө талынхаа гарт байгаа.

-Тавантолгой төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Яг нарийн мэдээлэл бол авч чадаагүй байна. Ер нь охиноо гоо сайхан, үнэтэй байхад нь хадамд гаргахгүй харамлаж байгаад одоо гуйж хүнд өглөө гэдэг шиг л юм болох нь. Надад бүрэн мэдээлэл алга. Гэвч зарим тодруулах хэрэгтэй, анхаарах ёстой зүйлүүд байна.

Жишээ нь, Тавантолгойн нэг хөрөнгө оруулагч нь Японы “Сүмитомо” гэж байгаа шүү дээ. Гэтэл тэд хувь эзэмшил дээр биш, борлуулалт дээр л оролцож байгаа юм байна. Хятадын “Шиньхуа” харин нэлээд өндөр хувтай байгаа гэсэн. Гол хувь эзэмшигчээр буюу 49 хувиар оролцож байгаа юм билээ.

Харин 51 хувийг нь эзэмшиж буй “ММС"-гийн хувьд тодорхой хувь нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгааг бодолцох ёстой. Асуудал шийдэх санаачилга монголчуудын талд байхгүй болох вий гэж айж байна л даа.

-Тавантолгойгоор М.Энхсайхан сайдад асуулга тавьсан 14 гишүүний нэг нь та биз дээ. Хариулт нь ирсэн үү?

Ирээгүй л байна. Ер нь бол нүүрсний үнэ уначихсан ийм үед Тавантолгойн гэрээг хийж байгаа нь буруу. Нүүрс бараг үнс болчихоод байна шүү дээ. Миний бодлоор нүүрсний үнэ дахиад өснө ш дээ. Тэрийг хүлээх л байсан юм. Тэгвэл илүү олон боломж гарч ирнэ.

-Сүүлийн үед УИХ-д сөрөг хүчний бүлэг байгуулах нь гэсэн мэдээлэл явж байна. Тэр хэр ортой мэдээлэл вэ?

“Шударга ёс” эвслийнхэн ерөнхийдөө сөрөг хүчний бүлгийн байр суурьнаас ажиллана гэж яриад байгаа юм билээ. Бид мэдээж дэмжинэ. Гэхдээ одоохондоо бие даагчдын хувьд тэдэнтэй ярилцсан зүйл алга