Б.Гарамгайбаатар: С.Баярцогт сайдыг гүтгэсэн
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын мэдээллийг сонсчээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэв. УИХ-аас томилдог АТГ-ын дэд дарга, СЕХ-ны гишүүд, Үндэсний статистикийн хорооны даргын асуудлыг ойрын үед шийдэх аж.
СЕХ-ны тухайд эхлээд гишүүдийг нь томилоод үүний дараа дотроосоо даргаа сонгодог юм. Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлэл өгчээ. АН-ын бүлгийн гишүүд “УИХ-аас өмнө нь энэ чиглэлээр баталсан хоёр ч тогтоол бий.
Оруулж ирсэн тогтоолын төслийн агуулга эдгээртэй давхцаж байна. Тиймээс дахин тусгайлж ийм тогтоол гаргах шаардлагагүй. Өмнөхүүдийг нь сайн хэрэгжүүл” гэсэн чиглэл өгсөн аж.
Үүнээс гадна Гацууртийг стратегийн орд болгосон учраас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох учиртай. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулах төсөл оруулж ирсэн байна.
Үүнд төрийн эзэмшил уг ордод 20 хувь байна гэж тусгажээ. Ингэвэл жилийн дараанаас төр ногдол ашгаа хүртэж эхэлнэ хэмээн тайлбарлаж буй юм байна.
Түүнчлэн Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах, эсэхээр таван гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцжээ. Тэд ‘Түүнийг огцруулах үндэслэл алга. Холбогдуулсан үндэслэлд нь С.Баярцогтыг гүтгэсэн гэж үзсэн” гэв. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар Засгийн газраас өргөн барьсан тоггоолын төслийг хэлэлцэхгүй гэж үзсэн хэрэг үү?
Б.Гарамгайбаатар: Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас хоёр талаасаа санал авч тогтоолын төсөл боловсруулсан байх. МАН- ын бүлгээс 50 гаруй санал оруулсан юм билээ. Гэвч энэ бүхэн нь өмнө баталсан хоёр тогтоолд орчихсон, санаа давхардсан байгаа учраас тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаар, тусгайлан тогтоол батлах хэрэггүй гэж үзлээ.
Ш.Түвдэндорж: Засгийн газрын оруулж ирсэн төслөөс макро эдийн засгийн чиглэлээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан асуудлуудыг нь хэлэлцэнэ. Тогтоолыг бүхэлд нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.
-С.Баярцогг сайдыг огцруулах үндэслэлийг яагаад гүтгэлэг гэж үзсэнээ тайлбарлаач?
Б.Гарамгайбаатар: Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалтад С.Баярцогт ХЭГ-ын даргын хувиар гарын үсэг зураад Байнгын хороонд илгээсэн.
“Эрдэнэс Оюутолгой” компанид хуулийн зөвлөх авах зорилгоор 17 тэрбум 45 сая төгрөгийг энэ оны төсөвт тусгасан. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй учраас С.Баярцогтыг гүтгэсэн.
Ш.Түвдэндорж: Засгийн газраас УИХ-д оруулах бүх бичиг баримтад С.Баярцогт ХЭГ- ын даргын хувиар гарын үсэг зурдаг. Огцруулах үндэслэлд түүнийг дээрх компанид 17.5 тэрбум төгрөгөөр хуулийн зөвлөх авах гэрээ хийсэн гэсэн байсан.
Гэрээг С.Баярцогт хийдэггүй юм. Уг мөнгөнөөс 455 сая төгрөгийг өнгөрсөн онд олгосон. Үлдсэн мөнгө нь Хөгжлийн банкинд байгаа, шилжүүлээгүй.