НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав
Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.02.04

НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав

Эрчим хүчний сайд Д.Зоригт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглиг хүлээн авч уулзав.

Уулзатын үер хатагтай Сезин Синаногли НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хэллээ.

Тэрээр Монгол Улс дахь НҮБ-ийн бүх төрөлжсөн байгууллагууд 2017 оноос эхлэн хэргэжих НҮБ-аас тус улсад хэргэжүүлэх 5 жилийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажил эхэлснийг мэдээлээд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран хөгжлийн төлөвлөлтийн макро эдийн засгийн Т21 загварчлалыг нэвтрүүлж байгаа, НҮБ-ын 5 байгууллага хамтран “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл”  хөтөлбөр гаргаж байгаа тухай нэмж дурдав.

Энэ жил Мянганы хөгжлийн зорилт дуусаж байгаа бөгөөд дээр дурьдсан төслүүд дээр цаашид хамтран ажиллах санал тавьсан. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Хөдөөгийн усан хангамж, ариун цэврийн байгууламж” төслийн хүрээнд МУ-ын 8 суманд халуун ус, халаалтаар хангагдах болсон бөгөөд Эрчим хүчний яамтай эдгээр сумдыг эрчим хүчээр хангах талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв

Эрчим хүчний сайд Д.Зоригт НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд Элчин сайдад талархал илэрхийлээд Эрчим хүчний яамны зүгээс дурдагдсан асуудлуудыг судлан хамтран ажиллах болно гэв. Уулзалтанд  Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин, мэргэжилтэн Э.Солонгоо нар байлцсан бол НҮБ-ын талаас Байгаль орчны гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бүнчиндэв Суурин зохицуулагчийн албаны ажилтан Д.Эрдэнэбулган нарын хамт оролцжээ.