Амгалангийн станцыг дөрөвдүгээр сард ашиглалтанд оруулж, дараа нь Багануур, Бөхмөрөнд станц барина
Цахилгаан станц
2015.01.19

Амгалангийн станцыг дөрөвдүгээр сард ашиглалтанд оруулж, дараа нь Багануур, Бөхмөрөнд станц барина

АМГАЛАНГИЙН ДУЛААНЫ СТАНЦ

Амгалан дулааны станц нь УС-15 халаалтын зуухны газар болон түүний орчим 348МВт (300 Гкал/ц)-ын хүчин чадалтай баригдаж дуусч байна. Тус төсөлд 25.0 сая ам.доллар зарцуулжээ. Гүйцэтгэл нь92.3 хувь байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдсоноор тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж нээгдэнэ.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдоно. Амгалан дулааны станцыг барих төслийг хэрэгжүүлснээр хотын дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС 4" ТӨХК- ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

Амгалан станцын төслийн хүрээнд станц болон 2 х 6ОООм шугам, дулаан дамжуулах 7 төв, 110/10 КВт цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж дуусч байна. Мөн түүнчлэн ТУЗ-ийн 2014 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн хурал, Зээлийн хорооны 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн хурлаар тус төсөлд зориулж 75,9 сая ам.доллар олгохоор шийдвэрлэж, Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээг байгуулаад байна.

"Амгалан" дулааны станцыг орчин үеийн техник технологид суурилагдсан, ашигт үйлийн коэффициент өндөртэй нам температурын эргэх буцламтгай үед шаталттай технологийн зуухтай, бүрэн автомат компьютерийн удирдлагатай, хүрээлэн буй орчинд учруулах хор нөлөө хамгийн бага байхаар, хоёрдугаар контурын сүлжээтэй бүрэн зохицож ажиллах боломжтой зуух байна.

Урьдчилсан төлөвлөлтөөр тус станцын төслийн суурилагдсан хүчин чадал 300 МВт, нүүрс хүлээн авах вагон хөмрөгч, нүүрс хадгалах битүү сав, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, шаарга хадгалах сав, усыг шүүж зөөлрүүлэх ус цэвэрлэгээний төхөөрөмж, сүлжээний усны насостой байна.

Сүлжээний өгөх усны температур целсийн 130 градус, даралт 1,6 МПа, сүлжээний буцах усны температур целсийн 70 градус байх ба Улаанбаатар хотын нэгдсэн дулааны шугам сүлжээнд 700мм-ийн голчтой тусдаа хос 2 шугамаар холбогдоно. Станцын үндсэн болон туслах тоноглолуудын удирдлага нь DCS  (автомат компьютерийн удирдлагын систем) - тэй байх бөгөөд SKA-DA системтэй холбогдоно.

БАГАНУУР ДҮҮРЭГТ БАРИГДАХ 700 МВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦ

Өнөөгийн байдлаар дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх таван станц, нэг дамжуулах сүлжээ, 10 цахилгаан түгээх сүлжээнээс бүрддэг бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, 13 аймгийн төв, 140 гаруй сумын төв буюу Монгол Улсын нийт газар нутгийн 70 хувь, хүн амын 80 орчим хувийг төвлөрсөн эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Системийн одоогийн үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадал нь 814.3 МВт байна. ТЭХС-ийн цахилгаан станцууд нь суурь горимд ажиллах зориулалттай, оргил ачааллын үед ачааллыг тохируулах чадавхи багатай байдаг тул системийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах, тохируулах зорилгоор ОХУ-ийн Буриад улсын ЭХС-тэй зэрэгцээ ажиллаж, импортоор цахилгаан авдаг.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн гаргасан 2020 он хүртэлх цахилгаан эрчим хүчний хэрэглээний таамаг, Азийн хөгжлийн банкны Зөвлөх компанийн Улаанбаатарын ДЦС-5 төслийн техникийн судалгааны хүрээнд тооцоолсон Монголын болон Говийн уул уурхайн бүсийн цахилгаан эрчим хүчний ачааллын таамаг, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд шаардагдах болон "Нийслэлийн "агаарын бохирдлыг бууруулах тухай" хуулинд тусгагдсан нийслэлийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч, "Уорли Парсонс" компанийн хийсэн аж үйлдвэрийн бүсүүдийн эрчим хүчний хэрэглээний тооцоо, 2010 онд ЭБЭХЯ-наас захиалж хийлгэсэн 'Товийн бүсийн уул уурхайн томоохон хэрэглэгчдийн эрчим хүчний хангамж" ТЭЗҮ зэрэг аж үйлдвэрийн болон суурьшлын томоохон бүс нутаг, хот суурингуудаар хэсэгчлэн хийгдсэн судалгаануудын тоо, тооцоог тоймлон нэгтгэн тооцоолж үзвэл, 2015-2030 оны түвшинд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүртэл өсөхөөр байна.

Одоо Ухаа худагийн 18 МВт ДЦС баригдаж, ДЦС-4-ийг 100 МВт-аар, Дарханы ДЦС-ийг 30 МВт-аар, Даланзадгадын ДЦС-ыг 3 МВт-аар өргөтгөх ажил хийгдэж байна. Салхитын 50 МВт-ын салхин парк, Хөшөөтийн 12 МВт-ын ДЦС болон Могойн голын 60 МВт-ын ДЦС баригдах бэлтгэл хангагдаж байна. 2015-2030 оны түвшинд дээр дурдсан хэрэглээний өсөлтийг хангах, эрчим хүчний эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүчийг экспортлох манай салбарын зорилтыг ажил хэрэг болгоход Таван толгой, Шивээ Овоо, Багануур, Адуунчулуун, Нүүрстхотгор, Бөөрөлжүүт, Чандганы болон бусад нүүрсний ордуудыг түшиглэсэн том чадлын цахилгаан станцуудыг барьж байгуулах шаардлагатай болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангаж, эрчим хүч экспортлогч улс болох гэсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой ажиллагаа, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний системийн үйлдвэрлэлийн аюулгүй найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах мөн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон төслүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Багануурын нүүрсний уурхайг түшиглэн шинээр цахилгаан станц барих шаардлагатай байна.

Төвийн бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаад зогсохгүй Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Говийн бүс нутгийн хөгжилд ихээхэн түлхэц өгөх нь дамжиггүй. Тухайлбал, Даланзадгад хотыг цахилгааны найдвартай эх үүсвэрт холбох таатай нөхцөл бүрдэнэ. Говийн бүсийн томоохон орд газрыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж байгаа өнөө үед Таван толгой, Оюутолгой, Цагаан суварга орд, бүс нутагт ойрын ирээдүйд бий болох томоохон хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэр байх боломжтой юм.

Станцын суурилагдсан хүчин чадал 700МВт/350МВт*2/

Хөрөнгө оруулалт

Дулааны цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын боломжит хувилбарууд Үүнд:

1 .Улсын төсвийн хөрөнгө оруулалт

  1. Дотоодын банк болон бусад эх үүсвэр
  2. Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт

Байгаль орчны талаас тавих онцгой шаардлага

1.Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах

  1. Нүүрсний шаталтаас үүсэх утааны хий дэх хорт бодисын агуулга маш бага байх технологи.
  2. Үнсийг зуухнаас хуурайгаар авч дараа нь барилгын түүхий эд болгох нөхцөлийг бүрдүүлэх.
  3. Усны эх үүсвэрийг хамгийн бага зарцуулалттайгаар шийдвэрлэх.

5.Тоос тоосжилтын асуудлыг 180 стандартын түвшинд шийдэх.

6.Хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тос тосолгооны болон дулаалгын материалыг сонгохгүй байх.

Цахилгаан станц барихын ач холбогдол, гарах үр дүн

Багануурын уурхайг түшиглэн 700 МВт-ын цахилгаан станцыг барьж ашиглах явдал техник эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй.

Багануурын уурхайг түшиглэн 700 МВт-ын цахилгаан станц барьснаар төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бий болгох чухал ач холбогдолтой. Цаашлаад станцын хүчин чадлыг нэмэгдүүлж эрчим хүч экспортлох боломжтой болно.

Цахилгаан станцыг барих гол үндэслэл нь цахилгаан эрчим хүчний эрэлт, цахилгаан эрчим хүчийг импортоор худалдаж авах үнэ өндөр мөн цаашид нэмэгдэж болзошгүй тул тус станцыг барьж ашиглалтанд оруулснаар хэрэглэгчид найдвартай хямд эрчим хүчээр хангагдах болно.

Дамжуулах сүлжээг шинэчлэн сайжруулах, өргөтгөх, шинээр барих үйл ажиллагааг шинээр баригдах эх үүсвэрийг барих явцтай уялдуулан хөгжүүлэх шаардлага гарч байна.

1987 оноос хойш эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаагүй бөгөөд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж систем үндсэндээ чадлын дутагдалд орсон нь харагдаж байна. Иймд уг станцыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа дээшилж, хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах болно.

Багануурын уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барьснаар Монгол орны бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь түргэтгэх, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулахад ихээхэн түлхэц өгнө. Урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааг БНХАУ- ын СМЕС компанитай хамтран хийж байна.

НҮҮРСТХОТГОРЫН УУРХАЙГ ТҮШИГЛЭН 60 МВТ-ЫН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд баруун бүсийн нүүрсний ордуудыг түшиглэн 60-100 МВт-ын дунд чадлын цахилгаан станц барих гэсэн чиглэлийг үндэслэн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, ОХУ болон БНХАУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарах зорилготойгоор Увс аймгийн Бөхмөрөн сумын Нүүрстхотгорын уурхайг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай Цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай байна.

Цаашдаа системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, техникийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, төвийн эрчим хүчний системтэй холбож, нэгдсэн систем хөтөлбөрийн биелэлтийг хангах хэрэгтэй байна.

Бөхмөрөний Цахилгаан станц ашиглалтад орсноор баруун аймгуудын хэрэглэгчдийг хямд, найдвартай эрчим хүчээр хангах, зах хязгаар нутгийн иргэдэд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, төв рүү тэмүүлсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах, Оросын холбооны улстай хил залгаа боомтыг цахилгаан эрчим хүчээр хангаснаар худалдаа, гаалийн чөлөөт бүс байгуулж, худалдаачид, хөрөнгө оруулагчид харилцан ашигтай, хамтран ажиллах бизнесийн орчин бүрдэнэ. Энэ ажлын хүрээнд төслийн урьдчилсан судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна.