Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодрууллаа
“Mining Journal Awards” ёслолын арга хэмжээг “Mongolian Mining Journal” сэтгүүл тав дахь удаагаа зохион байгууллаа.
2015.01.26

Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Монголын уул уурхайн шилдгүүдийг хараат бус шүүгчидтэйгээр шүүн шалгаруулдаг “Mining Journal Awards” ёслолын арга хэмжээг “Mongolian Mining Journal”  сэтгүүл тав дахь удаагаа зохион байгууллаа.

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудын шилдэг туршлагыг олон нийтэд болон салбарынханд таниулж, эрдсийн салбарын хөгжилд эерэг уур амьсгал төрүүлэх зорилготой “Mining Journal Awards”-ын 2014 оны арга хэмжээ нь салбарын хувьд тун хүнд байсан хэцүүхэн жилийн ажил бүтээлийг шүүн шалгаруулж буйгаараа онцлог юм.  

Зах зээл таагүй өрнөсөн 2014 оныг салбарын компаниуд хямралын менежментээр даван туулж чадсан төдийгүй энэ удаагийн шалгаруулалтад “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “Шилдэг технологи”, “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” гэсэн таван номинацид хийсэн ажлаараа өрсөлдлөө. Үүнд:

  • “Шилдэг уурхай” номинацид “Уулс заамар”, “Эрдэнэс Тавантолгой”, “Алтан Дорнод Монгол” компаниуд оролцсоноос “Алтан Дорнод Монгол” компани 2014 оны төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлж, борлуулалтын орлогоо өмнөх оныхоосоо 60 хувиар нэмэгдүүлсэн амжилтаар шилдгээр шалгарлаа. Тус компани өнгөрсөн онд 15 сая куб метр уулын цул хөндөж, 1548 кг алт олборлож, улс, орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
  • “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”-д “Терра Энержи”-гийн охин компани болох “Цагаан өвөлжөө”, мөн “Оюутолгой” компани өрсөлдсөнөөс 2014 онд баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, 27.5 сая тонн хүдэр боловсруулсан үзүүлэлтээрээ “Оюутолгой” компани шалгарлаа. Уг компани нь нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн олон улсын жишгийг Монголд үлгэр жишээ нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж буй юм.
  • “Шилдэг эко уурхай”-д “Уул уурхайн үндэсний олборлогч”, “Саусгоби сэндс”, “Оюутолгой”, “Алтандорнод майнинг сервис”, “Монполимет”, “Бороо гоулд”, “Алтан Дорнод Монгол” зэрэг компани өрсөлдсөнөөс “Монполимет” компани 2014 онд уурхайн олборлолт явагдсан талбайдаа 57.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 48.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 10 га талбайд 5500 мод тарьж, ойжуулалт хийсэн эко амжилтаар шилдгээр шалгарлаа.
  • “Шилдэг технологи”-д “Бэрэн метал”, “Фокус метал майнинг”, “Вагнер Ази технологи” зэрэг компани нэр дэвшсэнээс Фокус метал майнинг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан төмрийн нойтон баяжуулах үйлдвэрийн амжилтаар шилдэг нь болж чадлаа. Тус үйлдвэр нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эргэлтийн усан системтэй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү үйлдвэр жилдээ 600 мянган тонн хүдэр боловсруулж, 65%-ийн агуулгатай 300 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
  • “Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт”-д “Саусгоби сэндс”, “Вагнер Ази технологи”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд тус тус нэр дэвшиж хүчтэй өрсөлдлөө. Энэхүү номинацид “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби сэндс” компаниуд тогтвортой ажиллагааны үзүүлэлтээр тэнцэв. “Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн ордын Цанхийн уурхайгаас 2014 онд 4.3 сая тонн нүүрс олборлож, тогтвортой байдлаа хадгалж чаджээ. Зах зээлийн таагүй нөхцөлд шинээр хөрөнгө оруулалт татаж, уурхайн Гүний гааль, Цанхи хотхоныг ашиглалтад оруулсан, хэмнэлтийн горимд шилжсэн ч ажлын байраа тогтвортой хадгалаад зогсохгүй, цалинг 20%-иар нэмэгдүүлсэн зэрэг амжилт үзүүлжээ.

Мөн “Саусгоби сэндс” компани хэмнэлтийн горимд шилжсэн хэдий ч өнгөрсөн онд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 24 см цемент бетон хучилттай, 43 км авто замыг ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд үзүүлдэг дэмжлэг туслалцаагаа хумиагүй байна.

Түүнчлэн Овооттолгойн уурхайн ажлыг батлагдсан ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу явуулж, ажлын байраа тогтвортой хадгалах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллажээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд олборлолтын зардлаа нэмж бууруулан 10.3 доллар болгожээ. Тус компани олборлолтын зардлаа 2012 онд 25.1 ам.доллар, 2013 онд 11.27 доллар болгон бууруулаад байсан юм.

Хэдийгээр уул уурхайн салбарт уналтын гэж хэлж болохуйц мөчлөгийн үе тохиосон жил байсан ч 2014 онд компаниуд илүү эко, илүү тогтвортой, илүү хариуцлагатай ажиллагаа, илүү сайн технологийг нэвтрүүлэхээр ажилласнаа харуулж зүтгэснийг дээрх номинцациудад нэр дэвшсэн өрсөлдөгч компаниудын тоо, үйл ажиллагааны үзүүлэлтээс тод харагдсан гэж хэлж болно.

Түүнчлэн Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл “Mongolian Mining Journal”-аас зохион байгуулдаг “Mining Journal Awards”-д нэр дэвшсэн компаниудыг хараат бус шүүгчид шалгаруулдаг нь энэхүү арга хэмжээний үнэ цэн, ач холбогдол батлан харуулдаг билээ. Mining Journal Awards 2014-т өрсөлдсөн аж ахуйн нэгжүүдийг урьд жилүүдийн адилаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, мэргэжилтнээс бүрдсэн, хараат бус 9 гишүүн бүхий Шүүгчдийн Зөвлөл шүүж шалгарууллаа.