Гацууртын ордын тухай асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2015.01.19

Гацууртын ордын тухай асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэхүү төслийг Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн  бөгөөд Гацууртын ордын тухай асуудал юм: Уг асуудлаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг нэгдүгээр сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас ажлын 5 хоног завсарлага аваад байсан юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү:Тэгэхээр урт нэртэй хуулийг яаж давж шийдэх гэж байгаа юм бол? 

Ноён уулын булшны танилцуулгын харлаа. Ямартай ч ашиглалтын талбайд нь 1999, 2000, 2005 онуудад олдвор байгаагүй гэж уул уурхайн яамнаас мэдээлсэн байна. Тэгвэл цэвдгийн судалгаа хийдсэн үү. Ордыг ашигласнаар цэвдэггүй болчихвол нөхөн сэргээлт хийх ямар ч боломжгүй болдог гэсэн. Мөн гачууртын ордыг ашиглавал бидний сайхан баталсан Соёлын өвийн тухай хуультай нийцэж байна уу. Бас урт нэртэй хууль хүчинтэй. Ойн сав бүхий газарт энэ орд байна. Тэгэхээр урт нэртэй хуулийг яаж давж шийдэх гэж байгаа юм бол? Гацууртын ордыг шийдчихлээ гэхэд үйл ажиллагааг нь зогсоочихсон 108 лицензийн эзэмшигчдэд тэгш байдал үйлчлэх шаардлагатай болно.

 Ц.Даваасүрэн: Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулаад баялгаа худалдаж авдгаа больё.

Энэ ордын ойролцоо байгаа газрууд олдвортой холбоотой асуудлууд гэлтгүй ургамлын төрөл зүйл нь хамгийн их анхаарал  татдаг юм байна лээ. Хичнээн нөхөн сэргээлээ ч гэсэн олон төрлийн зүйл эмийн ургамлыг дахин ургуулна гэж байх уу. Тэгэхээр хэдэн зоосноос болж нэг сайхан уулаа, тийм баян хангайг, түүх дурсгалын газраа байхгүй болгох гэж байгаа юм биш биз. Энэ талаар нь шинжлэх ухааны байгууллагуудтай хир харьцаж, хамтарч ажилласан юм. Хоёрдугаарт ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулаад баялгаа худалдаж авдгаа больё.

Ж.Энхбаяр: Ноён уул буюу хүннүгийн цогцолбор бий болгож өгөх асуудлыг гэрээнд оруулах боломж бий юу

Бид шийдвэрээ гаргах цаг болсон. Өнөөдрийн эдийн засгийн хямралаа давахын тулд алтны нөөцөө ашиглах явдал. Монгол улсад бэлэн байгаа нэг алтны нөөц бол Гацууртын орд.Энэ үүднээс стратегийн ордод хамруулъя. Монголын төрд 34 хувийг нь өгье гэж санал тавиад орж ирж байгаа гэж ойлгож байна. Өмнө нь Сентерра гоулдын Бороогийн уул уурхайд хийгдсэн гүйцэтгэл чанар стандартын хувьд ямар болсныг бид мэднэ. Нийгмийн хариуцлагын талаасаа ч тэр. Үнэхээр Ноён уул, Хүннүгийн олдворыг хамгаалах талаасаа ярьж байгаа бол Бид Монголын нийт археологийн олдворын тав хүртэлх хувийг судалгааг ч хийж чадаагүй. Тэгэхээр энэ төслийг уяж нийгмийн өмнө хүлээх хариуцлага болгож өгөөд Ноён уул буюу хүннүгийн цогцолбор бий болгож өгөх асуудлыг гэрээнд оруулах боломж бий юу. Бас Монголын талын 34 хувийг иргэд олон нийтэд арилжаалах боломж бий юу

 Гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжиж тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.