Д.Галсандорж: Роялтийн 40 хувийг урьдчилгаа болгож авна гэдэг аюул ч байж магадгүй
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2015.01.13

Д.Галсандорж: Роялтийн 40 хувийг урьдчилгаа болгож авна гэдэг аюул ч байж магадгүй

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандоржтой Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээний явцын талаар ярилцлаа.

-Оноос өмнө Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч тодорлоо. Өнгөрсөн долоо хоногоос хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажлыг эхлүүлсэн. Таны хувьд хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээр хийх Монголын талын ажлын хэсгийнхний бэлтгэл хэр хангагдсан байна гэж харж байгаа вэ?

Тавантолгой бол олон улсын хэмжээний, дэлхийд дээгүүрт орох нүүрсний орд газар. Манай улс энэхүү орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж таван жил гаруй ажиллаж байна. Ямартай ч олон жил ярьсны эцэст нээлттэй тендер зарлаж гаднын хүч чадалтай хөрөнгө оруулагчдыг шалгарууллаа.

Энэ нь гаднын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед нэг талаасаа маш сайн мэдээ. Мөн гадаад зах зээлд Монголын уул уурхайн салбарын нэр хүнд сэргэхэд эергээр нөлөөлнө. Гэхдээ хэлэлцээ хийх явцад анхаарах асуудал ч олон байна. Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч хэлэхдээ, хэлэлцээ ил тод явагдана, Монголын талын бэлтгэл сайн байгаа гэж онцолж байсан.

Энэ нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж 5-6 жил ярьж хэлэлцэж байснаа ярьж байгаа болов уу. Гэтэл уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн дотор Монголын тал бэлтгэл ажлаа сайн хангаагүй гэж үзэх хүн нэлээд олон байгаа.

Хэлэлцээний бэлтгэлийг сайтар хангах, хэт яарахгүй байх, хэлэлцээрийг Монголын талын хувьд өндөр өгөөжтэй хийх асар их хариуцлагатай үе тулгараад байна.

-Гэхдээ нарийвчилсан судалгаа хийх хугацаа байхгүй байгаа. Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийн ажлыг Цагаан сараас өмнө дуусгаж, ирэх тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Өмнө нь хийж байсан судалгаа тооцоог үндэслэн ажлын хэсгийнхэн хэлэлцээрээ хийж байгаа болов уу?

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани Тавантолгойн ордыг түшиглэж төмөр зам барих, нүүрс угааж баяжуулах үйлдвэр байгуулах талаар судалгаа хийж байсан.Мөн “Энержи Ресурс" ч эдгээр төслүүдээр нэлээд бодитой ажил хийсэн байгаа.

Энэ нь гаднын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед нэг талаасаа маш сайн мэдээ.

Гэхдээ Тавантолгойн ордыг иж бүрнээр нь ашиглах, тухайлбал Зүүн, Баруун Цанхи, Ухаахудаг болон бусад нүүрсний ордын нүүрсийг олборлох, боловсруулах.тээвэрлэх болон гадаад зах зээлд борлуулах, тэдгээрт хөрөнгө оруулалт татах зэрэг олон асуудлыг тусгасан банкны ТЭЗҮ-ийг хийгээгүй. Монголын талын ажлын хэсэг хэлэлцээрийн төслөө өөрсдөө бэлтгэж хөрөнгө оруулагч нарт өгөөгүй байна гэж ойлгогдож байгаа.

-Тэгэхээр манай тал боловсруулсан ТЭЗҮ, нарийн судалгаа тооцоогүй учраас хөрөнгө оруулагчдын тавьсан санал дээр л үндэслэж хэлэлцээ хийнэ гэсэн үг үү. Энэ тохиолдолд хэлэлцээр үр ашигтай болох болов уу?

Хөрөнгө оруулагчийг шалгаруулах сүүлийн шатанд Америкийн “Пибоди Энержи” компанийн зүгээс санхүүгийн саналаа илгээхийн гулд манай талын ТЭЗҮ-тэй танилцах хүсэлт тавьсан ч ТЭЗҮ байхгүй учраас саналаа өгж чадаагүй гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардах, ямар үр ашигтай байх зэргийг тусгасан ТЭЗҮ алга байна.

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой" компани дээр ч энэ талаар нарийвчилсан тооцоо судалгаа байхгүй.Хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж, ямар төслүүдэд хэдийг зарцуулах, ямар ашиг орлого олох, хэдэн жилээр хэлэлцээрийн хугацааг тохирох, байгуулах, жилд хэчнээн хэмжээний нүүрс үйлдвэрлэж экспортлох, Хятадын зах зээлд худалдан авах багтаамж байгаа юу зэргийг нарийвчлан тооцоогүй. Энэ тооцоо гараагүй байхад Тавантолгойн хувьцааны үнэлгээ ярих бол бүр эрт байна.

-Ер нь олон улсын төвшинд энэ хэмжээний уул уурхайн томоохон төслийн гэрээ хэлэлцээрийг хэрхэн хийдэг юм бэ. Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт олон улсын гэрээ хэлэлцээр хийх туршлагатай, чадалтай мэргэжилтэн багтсан уу?

Тавантолгойн ажлын хэсэгт хувийн хэвшлийнхнээс Уул уурхайн үндэсний ассоциаци, Нүүрсний ассоциацын төлөөлөл орсон. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээний хүрээнд Тавантолгойн ордуудаас нүүрс олборлох боловсруулах гэрээ, нүүрсний тээвэрлэлтийн гэрээ, нүүрсний борлуулалтын удаан жилийн гэрээг хийнэ.

Эдгээр гэрээ хэлэлцээрийг хийхэд эрдэс баялгийн эдийн засагч, уул уурхайн хуульч, хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байдаг. Тийм мэргэжилтнүүд ажлын хэсэгт ороогүй байна. Уг нь уул уурхайн томоохон гэрээ хэлэлцээрийг хийхийн тулд уул уурхайн хууль сайн мэддэг, уул уурхайн санхүү, хөрөнгө оруулалт, эрдсийн бүтээгдэхүүний олон улсын худалдааны өргөн мэдлэгтэй хүнийг ажлын хэсэгт оруулах хэрэгтэй.

Учир нь.хөрөнгө оруулагчдыг төлөөлж хэлэлцээний ширээний ард Хятад, Япон, Монголын хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд бэлтгэгдсэн олон улсын хэмжээний мэргэжилтнүүд сууж байгаа. Хятадын төрийн өмчит “Шинхуа”, Японы уул уурхайн акул “Сүмитомо”, олон улсын зах зээлд нүүрсний олборлолт, арилжаа хариуцдаг, нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн гэрээ хэлэлцээрийн асуудалд гаршсан мэргэжилтнүүд сууж байгаа.

Харин манай улсыг төлөөлж хэлэлцээ хийж байгаа төрийн хоёр сайд, төрийн өмчит компанийн захирал бол эдийн засаг, гадаад харилцааны мэргэжилтэй хүмүүс байгаа учраас хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийг өндөр өгөөжтэй байгуулна гэдэг эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ том төслийн хэлэлцээрийг байгуулах, хэрэгжилт орлого зарлага мөнгөний  урсгал, үр өгөөжийг иж бүрнээр нь харж чадах эсэхэд эргэлзэж байгаа юм.

-Оюутолгойн гэрээг улстөрчид хийсэн шиг үйл явдал Тавантолгой дээр ч давтагдах магадлалтай гэсэн үг үү?

Ер нь олон улсын практикт уул уурхайн томоохон төслүүдийн хэлэлцээг төрийн сайдын төвшинд хийдэггүй, энэ асуудлаар мэр- гэшсэн төрийн, яам болон ажлын хэсгүүд, сайн мэргэжилтнүүд хийдэг. Хөрөнгө оруулагчдын зүгээс нүүрсний арилжаа, худалдаа, төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан өндөр туршлагатай мэргэжилтнүүд оролцоно.

Тавантолгойн ордыг түшиглэсэн иж бүрэн ТЭЗҮ байхгүй хэрнээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэж ярьж байна. Энэ тоо хэрэгцээ болохоос тооцоо судалгааны үндсэн дээр гарсан хөрөнгө оруулалт биш болов уу. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад нэг тэрбум ам.доллар гэдэг хэтэрхий тооцоогүй, том хөрөнгө оруулалт шиг санагдаж байгаа. Төмөр зам байгуулах асуудлаар хоёр ч ТЭЗҮ-ийг хийсэн.

“Энержи ресурс” бол Монголын үндэсний томоохон компани.

Хөрөнгө оруулалт нь тодорхой байгаа. Одоогийн байдлаар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд төсвөөс 300 орчим сая ам.доллар зарцуулаад байгаа. Энэ төслийн ажлын явц, хөрөнгө оруулалтын ашиглалтад үнэлгээ өгч, цаашид хэчнээн хэмжээний санхүүжилт нэмж хэрэгтэй гэдгийг тооцох хэрэгтэй шүү дээ.

-Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж, үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51- ээс багагүй хувийг үндэсний компани эзэмшинэ гэж тогтоолд заасан. Консорциумд багтсан “Энержи ресурс” компани 51 хувийг эзэмших нь тодорхой болсон. Тэгэхээр “Энержи ресурс” компани ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг. Гэхдээ “Энержи ресурс” компанид хөрөнгө оруулалт хийх боломж байна уу?

“Энержи ресурс” бол Монголын үндэсний томоохон компани. Олон улсад танигдсан, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан. Гэхдээ энэхүү компани нь гадаад хөрөнгө оруулагчидтай нэг консорциумд багтсан учраас Монголын талд бус хөрөнгө оруулагчдынхаа нэгдсэн эрх ашгийг дагаж энэхүү гэрээ хэлэлцээрийг хийх учраас өөрийн эрх ашгийн үүднээс хөрөнгө оруулалтын хэлэлцээрт оролцох болов уу.

“Энержи ресурс” компанийн өнөөгийн санхүүгийн байдлыг харвал хөрөнгө оруулах боломж бага байгаа. Монголын тал ордын эзний хувьд орд газрынхаа өнөөгийн үнэ цэнийг тогтоож, Монголын талын хувь хэмжээг бүрдүүлэх боломжтой. Харамсалтай нь, төслийн талаар гаргасан Засгийн газрын тогтоолд ийм заалт байхгүй. “Эрдэнэс-Тавантолгой" компани өнгөрсөн таван жилийн хугацаанд нүүрсний олборлолт борлуулалт, экспортын тал дээр сайн ажилласан.

Мөн энэ хугацаанд их хэмжээний зээл авч өртэй байгаа. “Энержи ресурс” ч санхүүгийн хувьд ихээхэн хүндрэлтэй байгаа. Тэгэхээр энэ компаниуд зээлээ л төлнө үү гэхээс хөрөнгө оруулалтыг шууд хийж чадахгүй л болов уу.

-Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажил хэдийнэ эхэлчихсэн. Цаашид яриа хэлэлцээ үргэлжлэх хугацаанд ажлын хэсгийнхэн, Засгийн газар юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Манай Засгийн газрын ажлын хэсэг санаачлагаа гартаа авч, хөрөнгө оруулагч консорциумтай сайн хэлэлцээр хийх өндөр хариуцлагатай тулгарч байна. Цаашид ажлын дэд хэсэгт хөрөнгө оруулалтын гэрээ, эрдэс баялгийн мэргэжилтэн, уул уурхайн салбарт ажиллаж байгаа төрийн бус байгууллагын төлөөллийг нэмж оруулах хэрэгтэй.

Асуудлаа мэддэг, илүү туршлагатай нь л гэрээг олон улсын төвшинд байгуулж чадна. Мэргэжлийн бус улстөрчдийг хэлэлцээний ширээний ард суулгавал гадаадын хөрөнгө оруулагч нарт давуу тал олгож, Оюутолгойн гэрээний адил болно шүү дээ. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.

-Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс-Тавантолгой”-д нийт роялтийнхаа 40 хувьтай тэнцэх хөрөнгийг урьдчилгаа хэлбэрээр өгөх боломжтой гэж хэлснийг ажлын хэсгийнхэн онцолж буй. Үнэхээр ийм боломж байгаа юу?

Хөрөнгө оруулагчдаас нийт роялтийн 40 хувийг урьдчилгаа болгож авна гэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь аюул байж ч магадгүй. Өөрөөр хэлбэл, эргээд төлж чадахгүй өр болж хувирна гэсэн үг. “Чалько”-гоос 350 сая ам.доллар зээлчихээд оронд нь гурван жил нүүрсээ зөөгөөд ч барагдуулж чадаагүй л байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам. долларын санхүүжилтийг зээл хэлбэрээр л авна.

Ямар банкнаас, хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугацаатай зээл авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Консорциумд багтсан хөрөнгө оруулагчид зээлийн хэд хэдэн хувийг гаргах вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.

Өндөр өгөөжтэй зээл авч төслөө хэрэгжүүллээ гэж бодъё. Гэхдээ зээлсэн хөрөнгөндөө 20, 30 жил нүүрс үнэгүй ачихаар болбол яана. Ямар ч үр ашиггүй болно. Тиймээс урьдчилгаа хөрөнгө болон хөрөнгө оруулалтын асуудлыг маш нарийн судалгаа тооцооны үндсэн дээр хийх хэрэгтэй байна.

-Хөрөнгө оруулагчид Тавантолгойн нүүрсийг нэг цонхны бодлогоор гаргаж, цаашлаад гурав дахь зээлд хүргэнэ гэж ярьж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

Нэг цонхны бодлогоор нүүрсээ зах зээлийн үнэд хүргэж зарна гэж байгаад Хятадын “Шинхуа” компаниас борлуулалт шууд хамаарч магадгүй. Уг нь нэг цонхны бодлого гэдэг нь ганц ховорхон компанид нийлүүлэх асуудал биш шүү дээ. Ганц компанид худалдсаар байвал олон улсын зах эээлийн өндөр үнэд нүүрсээ хүргэж борлуулж чадахгүй.

Хоёрт, Баруун ба Зүүн Цанхи, “Энержи ресурс” дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Австралийн “Махмохан”, “Лейтон” болон орон нутгийн гэрээтэй компаниудын асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал үүснэ. Мөн төмөр зам барьж байгаа Өмнөд Солонгос, Японы компаниудын гаргасан зардлыг хэрхэн барагдуулах вэ.

Одоо хийгдэж байгаа төслийн санхүүжилт хэд болсон, нэмж хийх төслийн хөрөнгө оруулалт хэд вэ гэдгийг тооцсон санхүүгийн нарийн судалгаа чухал. Нарийн тооцоо судалгаа байхгүй байгаа нь Монголын талд томоохон эрсдэл болох вий гэж санаа зовж байна.

-Сайнаар харж үзье л дээ. Гэрээ хэлэлцээр амжилттай болж хөрөнгө оруулагчид ажлаа эхлүүлснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарах бол. Одоогийн байдал өөрчлөгдөж, зах зээл сэргэх болов уу?

Хэлэлцээ сайн явагдаж, Тавантолгойн хөрөнгө оруулалт, экспортын гэрээг амжилттай, Монголд өндөр өгөөжтэй хийж чадвал үнэхээр сайн хэрэг. Ингэхийн тулд ажлын хэсэг л маш сайн ажиллаж, өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Стратегийн том орд газар дээр гурван улсын томоохон компаниуд ажиллахаар сонгогдсон нь сайн хэрэг. Хөрөнгө оруулагчид олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, худалдаагаар мэргэшсэн компаниуд ажиллах гэж байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг үзүүлэлтийг авчирна.

Нөгөөтэйгүүр, “Эрдэнэс- Тавантолгой”, “Энержи ресурс” компаниуд санхүүгийн ихээхэн хүндрэлд орсон үөд Монголын нүүрсний хоёр том уурхайг дампуурлаас аварч, эдгээр ордыг эрчимтэй хөгжих замд гаргах шийдвэр гаргасан гэж харж байна. Гэхдээ өндөр үнээр хөрөнгө оруулалт татаж, төслөө хэрэгжүүлчихээд эргээд өгөөж нь гарахгүй бол түүнээс илүү эрсдэлийг үүрнэ. Өнөөдөр 1.5 тэрбум ам.долларын бондын өр тавьсан байгаа. Үүн дээр нэмж дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт авч байна гэсэн үг шүү дээ.

Хэрвээ энэ төсөл өгөөжгүй болж хувирвал Монголын эдийн засаг дааж давшгүй өр төлбөрт орно. Учир нь Тавантолгойн хэлэлцээрийн үр дүнгээс Монголын нүүрсний салбарын хувь заяа ч шууд хамаарна. Тэгэхээр хэлэлцээг амжилттай хийж дуусгах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн нөхцөл байдалд энэхүү гэрээ хэлэлцээрийг хийж байгаа учраас төрийн албан хаагчид өндөр хариуцлагатай байх ёстой. Өндөр хариуцлагыг ганц Монгол Улсын сайдаас гадна Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд, Засгийн газар ч хариуцах ёстой.