Нүүрсний гүнзгий боловсруулалтын үйлдвэрүүд байгуулагдах цаг ойрхон ирлээ
ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабороторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Ази-Номхон далайн орнуудын материал судлалын олон улсын академийн гишүүн, академич доктор (Sc.D), профессор Б.Пүрэвсүрэнгийн нүүрсний судалгаа, боловсруулалтын хэтийн төлвийн талаарх саналыг хүргэж байна.
Дэлхийн хэмжэээнд авч үзвэл нүүрсний нөөц хамгийн их 14.3 триллион тонн ба жилд 7,5 тэрбум тонныг хэрэглэдэг, нефтийн нөөц 91 тэрбум тонн ба нийт шатах ашигт малтмалын 93,4% нүүрс, занар, хүлэр, 7% нь нефть, байгалийн шатдаг хийд ноогдож байна. Эдгээр органик түүхий эдүүдийн үлдээд байгаа нөөц нь хүн төрлөхтний хэрэгцээг тухайлбал нефть 40 жил, байгалийн хий 50 жил, нүүрс 164 жил хангах боломжтой гэж тооцоолсон байдаг. Иймд нүүрс нь дэлхийд 21 дүгээр зууны эрчим хүчний үндсэн эх сурвалжийн үүргийг гүйцэтгэхээс гадна химийн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд байх болно гэж эрдэмтэд санал нэгтэй үзэж байна.
Монгол орон төрөл бүрийн нүүрс тухайлбал коксждог, чулуун, хүрэн нүүрс болон занарын арвин их баялагтай бөгөөд манай улсын нүүрсний одоогоор судлагдаад байгаа геологийн нөөц 175,5 тэрбум тонн үүнээс баталгаажсан нөөц нь 26,8 тэрбум тонн бөгөөд цаашид энэ хэмжээ улам өсөх хандлагатай ба манай улс нүүрсний нөөц баялгийн хэмжээгээрээ дэлхийн нүүрсээр баялаг 10 оронд багтдаг. Монгол улс 2014 онд 31 сая тонн нүүрс экспортолно гэж төлөлөвлөснөөс 17 сая тонныг экспортлоод байна. Монголын нутаг дэвсгэрийн нилээд томоохон хэсгийг эзэлж байгаа дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн төвийн эдийн засгийн бүсэд л гэхэд Нялга-Чойрын хэмээн нэрлэгддэг нүүрсний олон орд газрыг хамарсан бүхэл бүтэн сав газар байдаг.
Манай улс нүүрсийг зөвхөн эрчим хүчний эх үүсгэвэр болгон цахилгаан станцууд, хот, аймаг, сум болон айл өрхийн түлшний хэрэгцээнд зориулж жилд 8-9 орчим сая тон нүүрс хэрэглэж байгаа нь эдийн засгийн хувьд ач холбогдол муутай төдийгүй дулааны цахилгаан станцуудын ашигт үйлийн коэффициент 40%-аас хэтэрдэггүй, мөн чанар сайтай коксждог нүүрсээ маш бага үнээр боловсруулалгүй түүхийгээр нь их хэмжээгээр шороон замаар
гадагш нь зөөж байгаа нь эдийн засгийн ашиг муутай, байгаль орчинд муугаар нөлөөлж, экологийн нөхцөл байдал улам хүндэрсээр байна.
Нүүрсийг зөвхөн шатааж эрчим хүч үйлдвэрлэхээс гадна түүнийг байгалийн органик түүхий эд болгон үйлдвэрийн аргаар боловсруулж нэмүү өртөг шингэсэн эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүнүүд болох нүүрсний баяжмал, кокс, хагас кокс, идэвхжүүлсэн нүүрс, кальцын карбид, нийлэг шингэн ба хийн түлш, ацетилен болон бусад химийн нэгдлүүд гарган авдаг үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжлийг хангах чухал асуудлуудын нэг юм. Эдгээр үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ их бөгөөд бидний ярьж заншсан жижиг, дунд үйлдвэр цехийн маягаар байгуулах боломжгүй тул төр засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн үндсэн дээр улсын, хувийн болон гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг ашиглах зайлшгүй шаарлагатай.
2008 онд дэлхий дахиныг хамарсан санхүү эдийн засгийн хямрал эхлэх нэг шалгаан нь нефтийн үнийн хөөрөгдөл түүхэндээ хамгийн дээд цэгтээ хүрч нэг баррель нь 140 ам долларт хүрч байсан бол одоо 50 ам доллар хүртлээ буурч байна. Энэ үнийн хөөрөгдөлд хамгийн амархан, хамгийн хүнд нэрвэгдсэн улс бол Монгол улс бөгөөд тэр үед хөөрөгдсөн дотоодын бензин шатахууны үнэ дэлхий нийтээр буурахад манайд багасахгүй байгаа явдал юм.
Нөгөө талаас дэлхийн бусад орнууд нүүрсийг гүнзгий боловсруулахад илүү анхаарч харин эрчим хүчний эх үүсвэрийнхээ 20-30%-г нүүрсээр хангадаг бол манай орны хувьд энэ үзүүлэлт 82,8% байгаа нь нүүрсийг урьдчилан боловсруулахгүйгээр түүхийгээр нь шатааж байгаль орчноо түүний дотор Улаанбаатарын агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүргэж байгаа үндсэн шалтгаан болж байна.
Манайд нүүрсний нээгдэж ашиглагдаж байгаа 50 гаруй ордууд нь Налайхыг эс тооцвол бараг бүгдээрээ ил уурхайн аргаар олборлогдож байгаагаараа ихээхэн онцлогтой. Одоогоор Тавантолгойн ордын нүүрсийг ашиглах талаар дотоодод болон гадаадад ихээхэн анхаарагдаж тухайлбал “Энержи ресурс” компани хувийн хөрөнгө оруулалтаар монгол инженерүүдийнхээ хүчээр энэ нүүрсийг баяжуулах орчин үеийн шинэ үйлдвэр, цахилгаан станц, нүүрсийг урьд хил хүртэл зөөх авто замыг барьж байгуулж ашиглалтанд оруулсан нь дээр дурьдсан нүүрсийг үйлдвэрийн аргаар гүнзгий боловсруулж ашиглах боломжтойг харуулсан сайхан эхлэл боллоо. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн Багануурын нүүрс шингэрүүлэх цогцолбор, “МАК” ХХК-ийн Адуунчулууны хүрэн нүүрснээс метанолоор дамжуулан бензин үйлдвэрлэх төслийн техник эдийн засгийн үндэслэл 2013 онд Уул, уурхайн яамны Эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн батлагдаж хэрэгжүүлж эхлэх шатандаа явж байна.
Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт Сайншандын аж үйлдвэрийн паркын хүрээнд 2 сая тонн кокс үйлдвэрлэх кокс-химийн үйлдвэр байгуулахаар тусгагдсан, Монгол улсын ерөнхий сайдын 2013 онд Хятад улсад айлчлах үеэр ойрын жилүүдэд Хятадад экспортлох нүүрсний хэмжэг 1 тэрбум тоннд хүргэх, жилд 80-100 сая тонн хүрэн нүүрсийг хийжүүлж 16 тэрбум м3 хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хамтарсан нүүрсний хийн түлшний үйлдвэр байгуулах талаар ярилцсан зэрэг нь нүүрсийг гүн боловсруулах эхлэл тавигдаж нэмүү өртөг шингэсэн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох нүүрсний баяжмал, кокс, нефть төстэй шингэн бүтээгдэхүүн (давирхай), шатдаг хий зэргийг үйлдвэрлэх боломжийг улам ойртуулж байна.
Тавантолгойн нүүрсийг баяжуулах ба коксжуулах үйлдвэр байгуулагдсанаар нүүрсний баяжмал ба коксыг цаашид дахин гүн боловсруулалтанд оруулж тухайлбал баяжмалаас идэвхжүүлсэн нүүрс, коксыг төмрийн хүдрийг боловсруулж төмөр, коксыг шохойтой хольж хайлуулан кальцын карбид үйлдвэрлэх үйлдвэрүүдийг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжтой болно. Нэгэнт кальцын карбидыг үйлдвэрлэснээр ацетиленийг гарган авч түүнд үндэслэсэн полимер химийн аж үйлдвэрийг жинхэнэ ёсоор эх орондоо хөгжүүлэх эх суурь тавигдаж нүүрсний гүнзгий боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн болох орчин үеийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй нийлэг полимерууд болох поливинилхлорид, поливинилацетат, поливинилийн спиртийг үйлдвэрлэснээр төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнүүд, органик лак, будаг, цавуу, нийлэг мяндас болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээгээ хангах хэтийн сайхан төлөв байгааг онцлон тэмдэглэж байна. Иймд нүүрсийг гүнзгий боловсруулах талаар дараах чиглэлийн үйлдвэрүүдийг санал болгож байна үүнд: угааж баяжуулах, коксжуулах, хагас коксжуулах, хийжүүлэх, идэвхжүүлэх ба шингэрүүлэх. Эдгээр үйлдвэрүүдийг барьж байгуулснаар Монгол оронд эх орныхоо нүүрсний баялагт суурилсан харилцан уялдаа бүхий түүхий эдээс аваад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны химийн аж үйлдвэрийн цогцолбор болох кокс ба шохойн чулуунаас карбидын аргаар гарган авсан ацетиленд үндэслэсэн полимер химийн үйлдвэрийн цогцолбор байгуулагдах юм.
Мөн үүнээс гадна нүүрсийг идэвхжүүлэх үйлдвэр байгуулагдсанаар хортой бохир ус болон хийг цэвэрлэх, хүрэн нүүрсийг хагас коксжуулж утаагүй түлшийг жинхэнэ ёсоор нь үйлдвэрлэснээр агаарын болон утааны бохирдлын асуудал шийдэгдэж хүн амын аюулгүй орчинд амьдрах, байгаль орчны бохирдлыг бууруулах зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудлуудыг шийдвэрлэх боломж олгоно.
Монголын нүүрсний орд газрууд нь нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд тархсан, улс орны хөгжилд хамгийн чухал бүс болох эдийн засгийн төвийн районд нүүрсний бүх судлагдсан нөөцийн ихэнх хувь нь төвлөрдөг. Одоогоор нийт 200 гаруй нүүрсний орд газар илрээд байгаагийн 50 орд газар нь геологийн хайгуул хийгдсэн.
Нүүрсний энэ их баялагаас гадна одоогоор нөөц нь тогтоогдоогүй, шинж чанар, найрлага ба боловсруулалтын судалгаа нь бараг хийгдээгүй,манай орны бараг бүх нутгийг хамарсан геологийн тойм нөөц нь 800 орчим тэрбум тонн гэж тооцогдоод байгаа нөөц нь нүүрснийхээсээ олон дахин их, халууны аргаар боловсруулахад хялбар органик гаралтай түүхий эд бол занар юм. Одоогоор занарыг халууны боловсруулалтын хийжүүлэлтийн болон шингэрүүлэлтийн орчин үеийн аргаар гүнзгий боловсруулж нефть төстэй шингэн бүтээгдэхүүн, химийн аж үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах талаар өндөр хөгжилтэй орнууд маш их анхаарч мөн өнөөг хүртэл ажиллаж ирсэн занарыг боловсруулах үйлдвэрүүдээ шинэчлэх ажлууд хийгдэж байна.
Манай төр засгаас энэ их баялагаа боловсруулж ашиглах талаар анхаарч холбогдох хөтөлбөр санал боловсруулах комисс ЭБЭХүчний сайд ба ШУА-ийн өрөнхийлөгчийн 2012-3-9-ний 049/29 хамтарсан тушаалаар байгуулагдан ’’Шатдаг занар боловсруулах ‘’ хөтөлбөрийг боловсруулж 2012 оны сүүлчээр УУЯ-нд өгсөн.
Мөн шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зургадугаарт нүүрснээс хий, шингэн түлш гаргах судалгааны ажлыг эрчимжүүлж дэвшилтэд тенхологи нэвтрүүлэн хийн түлш, нефть бүтээгдэхүүний гадаад хамаарлаас ангижирч дотоодын эх үүсвэртэй болох, метан хий, шатдаг занар болон бусад эх үүсвэрийн талаарх судалгааг эрчимжүүлж ашиглалт олборлолтын талаар бодлого боловсруулж эрх зүйн орчинг бүрэлдүүлнэ гэж заасан нь нүүрс ба занарт үндэслэсэн гүнзгий боловсруулалтын үйлдвэрүүд байгуулагдах их үйлс ойрхон ирсэнийг нотолж байна.
1960- аад оноос ШУА-ийн Химийн хүрэлээн ( хуучин нэрээр), МУИС, Геологийн төв лаборатори, Уул уурхайн хүрээлэн, Нүүрсний хими технологийн эрдэм шинжилгээний үндэсний төв зэрэг газруудад нүүрсний химийн судалгаа хийгдэж ирсэн ба одоогоор ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнд Нүүрсний хими технологийн лаборатори ажиллаж нүүрсний судалгааг дагнан явуулж байгаа манай улсын хамгийн том бөгөөд ганц байгууллага юм.
Нүүрсний судалгааны боловсон хүчнүүдийг гадаадад эрчимтэй бэлтгэж улмаар дотооддоо бэлтгэх болсоноор нүүрсний судалгааны ажил эрхлэн явуулах боловсон хүчний болон лабораторийн судалгаа туршилтын материаллаг бааз бэхжиж дээр дурьдсан мэргэжлийн хүрээлэн, тэнхим, лабораториуд байгуулагдаж мөн гадаад харилцаа хөгжсөнөөр нүүрсний судалгааны ажлын онолын түвшин өндөрсөж, практик ач холбогдол нь нэмэгдсэн.
Нүүрсийг баяжуулан органик ба эрдэс хэсгээр нь ялган молекулын бүтэц байгууламж ба бүрэлдэхүүн хэсгээр нь орчин үеийн спектрийн багажуудаар нарийвчлан судлах, нүүрснээс өвөрмөц шинж чанар ба биологийн идэвх бүхий бодис, бүтээгдэхүүнүүдийг ялган гаргаж авах, тэдгээрээр практик ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг жишээлбэл гуминий бордоо ба бэлдмэлүүд, сульфжүүлсэн нүүрс, нүх сүвэрхэг бүтэцтэй шингээгч материал гэх мэт үйлдвэрлэх технологи боловсруулж хэрэгжүүлэх, нүүрсийг халуун задралын аргаар боловсруулах механизм ба нөхцлийг тогтоох, Орос, Чек, Герман, Англи, Япон зэрэг орны гадаадын эрдэмтэдтэй манай нүүрс судлаачдын тогтоосон хамтын ажиллагааны дүнд орчин үеийн нүүрсний судалгаа боловсруулалтын хамгийн шалгарсан пиролизын, хийжүүлэлтийн, шингэрүүлэлтийн төхөөрөмжүүд дээр туршин судалж эдгээр боловсруулалтын дүнд гарган авсан хатуу, шингэн, хийн бүтээгдэхүүнүүдийн шинж чанар, химийн найрлага зэргийг судлан тогтоож 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлийг гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж, олон арван илтгэлүүдийг олон улсын хуралд хэлэлцүүлсэн ба эдгээр бүтээлүүдээс гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлүүддээ 500 гаруй удаа ишлэл хийсэн зэргээс үзэхэд нүүрсний судалгааны ажлын онолын үр дүнгүүд дэлхийн жишигт хүрсэнийг онцлон тэмдэглэж байна.
Нүүрсний судалгааны ажлыг нэгтгэн дүгнэж үзвэл манай судлаачид Монголын нүүрсний нийт 43 ордын техникийн болон физик-химийн үндсэн үзүүлэлтүүд, 20 гаруй ордын нүүрсний элементийн найрлага, 10-аад ордуудын нүүрсний гарал үүсэл, ангилал , нийт 15 ордын нүүрсний хагас коксжих болон пиролизын шинж чанарыг судлан тодорхойлж, гарган авсан хатуу, шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийн гарц, найрлага ба техникийн шинж чанарыг тогтоож, үндэсний олон арван стандартуудыг бий болгосон байна.
Мөн манай нүүрс судлаач эрдэмтэд хүрэн нүүрсийг хагас коксжуулах, пиролизын аргаар боловсруулах, чулуун болон коксждог нүүрсийг коксжуулах, исэлдсэн хүрэн нүүрсийг химийн аргаар боловсруулах зэрэг судалгаа туршилтуудыг олон жилийн турш хийсний дүнд утаагүй хагас коксжсон түлш, янз бүрийн холбогчтой сайжруулсан шахмал түлшнүүд, нүх сүвэрхэг бүтэцтэй шингээгч ба шүүгч материалууд, сульфжүүлсэн нүүрс, нүүрс-усны хольц, гуминий бордоо, хөрс сайжруулагч бордоо, нүүрсний усан будаг, малын дархлааг сайжлуулах бэлдмэл, малыг ариутган угаагч керолиний бэлдмэл, хүний эмчилгээний ялзмагт шаврын бэлдмэл зэрэг 20 орчим бүтээгдэхүүнүүдийн жижиг, дунд оврын үйлдвэрүүдийн технологиудыг холбогдох патент, стандарт, техник эдийн засгийн тооцооны хамт боловсруулан хэрэгжүүлж үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн. Тухайлбал Хими, хими технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораториос боловсруулсан нүүрсний хагас коксон утаагүй түлшний технологийг ‘’Баялаг эрдэнэ цом‘’ ХХК үйлдвэрлэлд нэвтрүүлж жилд 10-20 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Чойр хотод байгуулж бүтээгдэхүүнээ Улаанбаатарын утааг арилгах үйлсэд зориулан нийлүүлж эхлээд байна.
Манай нүүрс судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд бий болсон дээр дурьдсан судалгааны тайлангууд, хэвлүүлсэн ном, монографууд, дотоод гадаадын мэргэжлийн сэтгүүлд бичиж хэвлүүлсэн бүтээлүүд, дотоод гадаадын хуралд илтгэл байдлаар хэлэлцүүлж хэвлүүлсэн материалуудын ашиглалт хангалтгүй, тэдгээрийн тухай олон түмэнд ялангуяа бизнесийн байгууллага хүмүүст нээлттэй сурталчлан ашиглуулах талаар үр дүнтэй ажлууд бага зохиогддогоос болж бэлэн байгаа судалгааны үр дүнг ашиглахын оронд хувийн хэвшлийн байгууллагууд нүүрсний шинжилгээнүүдийг Монголд ажиллаж байгаа гадаадын лабораториудад болон гадаадад давхардуулан маш их хөрөнгө зарж хийлгэж байна. Сүүлийн үед ШУА-иас хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар гэрээнүүд байгуулах, хамтарсан хурал, семинар, зөвлөлгөөн хийх, үзэсгэлэн зохион байгуулах талаар хийж байгаа ажлуудыг цаашид улам эрчимжүүлэн үр дүнтэй болгож чадвал судалгааны хүрээлэнгүүд ба бизнесийн байгууллагууд, эрдэмтэд ба ажил хэрэгч хүмүүсийн хооронд харилцан ашигтай, бие биенээ хүтдэтгэсэн ажил хэрэгч холбоо тогтож Монгол оронд мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэл технологи хөгжүүлэх төр засгийн бодлого хэрэгжихэд тус дөхөм болно.