Ө.Эрдэнэбаяр: Монголд сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насны хохирлыг тооцдог болно
Хохирол үнэлгээчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяртай Монгол хүний эрүүл мэнд, амь насны хохирлыг хэрхэн үнэлэх ёстой талаар ярилцлаа.
-Танай холбоо хэзээ байгуулагдсан бэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар товчхон танилцуулахгүй юу?
Манай холбоо 2013 онд байгуулагдсан. Одоогоор манай холбоо 13 гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж байна. Ер нь улсын хэмжээнд хохирол үнэлгээний 20 компани, 200 гаруй хохирол үнэлгээчид байдаг.
Бид даатгагч даатгуулагч хоорондын итгэлцлийн гүүр байх эрхэм зорилготойгоор ажилладаг бөгөөд Монгол улсад хохирлын үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэх, даатгалын зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахад үнэлгээний компаниудын үүрэг, оролцоог дээшлүүлэх, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцах, мэргэжлийн сургалт зохион байгууллахад оршино.
Манай холбооны гишүүн байгууллагууд нь сүүлийн 15 жилийн туршид Улсын хэмжээний байгаль цаг уур, гал түймэр, авто осол, бусад эрсдэлийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад учирсан хохирлын үнэлгээг хийж ирсэн арвин туршлагатай.
Хэрвээ аль нэг компанийн гаргасан үнэлгээ захиалагчийн шаардлагад эс нийцвэл мэргэжлийн шинжээчид томилж шуурхай шийдвэрлэдэг. Бид доктор, профессор, бизнесийн удирдлага, удирдахуйн ухаан, эдийн засаг, техникийн шинжлэх ухааны магистр, инженер, эдийн засагч зэрэг төрөл бүрийн мэргэжил бүхий мэргэшсэн үнэлгээчидтэй.
-Танай холбоог саяхан Өмнөд Солонгосын хохирол үнэлгээний талаар туршлага судлаад ирсэн гэж сонссон. Ямар туршлага судалсан бэ. Манай монголд авч хэрэгжүүлэх боломжтой ямар үнэлгээ байна вэ?
Өнгөрсөн оны 12 сард Өмнөд Солонгосын Хохирол үнэлгээчдийн холбооны урилгаар тав хоног ажиллаад ирсэн. Энэ хугацаанд тус улсын хохирол үнэлгээний байгууллагуудын үйл ажиллагаа болон Хөрөнгө үнэлгээний холбоо, хөрөнгө үнэлгээний компаниудтай танилцсан. Тэнд хохирол үнэлгээ өндөр түвшинд хөгжсөн байдаг юм билээ.
Бид Солонгосын Хохирол үнэлгээчдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр бид хохирлын үнэлгээ хийх арга туршлагаас суралцах боломжтой болно. Хамгийн эхлээд автомашины осол аваараас үүссэн хохирол үнэлгээг хийх асуудлаар сургалт зохион байгуулна.
Энэ сургалт зайны хэлбэрээр эхлэх бөгөөд Солонгосоос таван хүний бүрэлдэхүүнтэй профессорын баг ирж биднээс шалгалт авч, сертификат олгоно. Ингэснээр манай үнэлгээчид олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
Өнөөдөр автомашины осол аваараас олон янзын хохирол үүсдэг. Наад зах нь эд хөрөнгийн хохирол, цаандаж хүний эрүүл мэнд, амь нас, мөн аль алинаас нь хүн өөрийн ирээдүйн боломж бололцоогоо алддаг.
Амьдрал ажил үйлсийн хэм хэмжээ алдагддаг. Ийм дөрвөн төрлийн хохирол үүсдэг. Одоогийн байдлаар монголд зөвхөн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал яригддаг болохоос биш, нөгөө гурав нь бүрэн орхигдсон.
-Эрүүл мэнд, амь насны хохирлыг хэрхэн үнэлж тооцдоггүй гэсэн үг үү. Ямар байдлаар зохицуулдаг гэсэн үг юм бол?
Тэгэхээр бид эд хөрөнгөө үнэлээд сурсан. Харин эрүүл мэнд хохирсон бол яаж үнэлэх нь тодорхойгүй, амь насыг нь хэрхэн үнэлэх нь ойлгомжгүй. Нас барсан хүн үг хэлэх биш, үлдэж байгаа нь хохирогч болоод хоцордог. Үнэлгээ байхгүй учир хөөцөлдсөөр байж оршуулгын зардлыг л нөхөн төлүүлдэг.
Эрүүл мэндийн хохирол учирвал эмнэлэгт үзүүлсэн гэсэн баримт цуглуулаад л авна. Харин насаараа тахир дутуу болвол яах вэ. Бас л бүрхэг. Буруутай хүнээс нөхөн төлүүлэх асуудал бүрхэг хэвээр.
-Үнэлгээ хийдэг болгоход ямар асуудал байна вэ?
Үнэлгээ хийхийн тулд эхлээд хууль эрх зүйн орчин бүрхэг байдлыг арилгах ёстой. Өнөөдрийн хууль тогтоомжоор бол нөхөн төлбөрийг хэнээс нэхэх, яаж барагдуулах нь асуудалтай. Хүний амьдралд авто аваараас гадна олон янзын хохирол тохиолддог. Хилс хэрэгт холбогдох, гүжир гүтгэлэг гэх мэт.
Ер нь дэлхий нийтийн чиг хандлага хөрөнгийн харилцаа, хөрөнгийн хохирлоос илүүтэйгээр эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, оюуны хохирлын хэмжээнд ярьдаг болчихлоо. Одоо манай улсад сэтгэл санааны хохирлыг тооцож хэмжиж чадахгүй байгаа. Тиймээс энэ бүгдийг тооцдог арга зүйг монгол оронд бий болгохоор бид санаачлан ажиллаж байна.
Гэхдээ юуны өмнө төрийн байгууллагын хүмүүсийг сургалтад хамруулж, хууль эрх зүй, дүрэм журманд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Иргэн хүнийхээ амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд эхлээд төр нь анхаарал тавьж, хохирлын талаар мэдэж авах хэрэгтэй.
Хамгийн гол хийх ёстой ажил нь хүмүүст ойлгуулах, мэдрүүлэх асуудал. Хүний амь нас чухал гэдгийг ойлгохгүй мэдэхгүй хүн байхгүй. Гэтэл амь нас, эрүүл мэндийг нь хэрхэн хамгаалах вэ, нэгэнт бий болсон гай гамшгийг яаж арилгах вэ, гачаал зовлонг нөхөн төлөх асуудал нь хоцрогдчихсон. Тиймээс энэ харилцааг залруулж, хүнлэг нийгмийн зорилгод нийцүүлж хөгжүүлэхийн төлөө бид ажиллана.
-Бусад улс оронд эрүүл мэнд амь нас, алдагдсан боломжтой холбоотой хохирлыг хэрхэн тооцдог юм бол. Ямар туршлага байна вэ?
Туршлагыг судлаад л явж байна. Солонгос улсын хувьд ярихад тус улс нь засаглалын индексээр тэргүүлдэг учир хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг.
Солонгост эд хөрөнгөний маргаан байхгүй болсон. Машин эвдэрсэн хохирлыг даатгал шинэ зүйл худалдаж аваад нөхөх хэмжээнд өгч байна. Даатгалын хохирлыг 120 хувь хүртэл өгдөг. Манайд бол 100 хувь дотор ба түүнээс бага.
Тэгээд даатгалын нөхөн төлбөрийг олгохын зэрэгцээ осол аваарт орсноос болоод боломж алдагдвал боломжийг нөхдөг.
Жишээлбэл машин засварт байх хооронд түрээсийн машин унасан бол төлбөрийг нь өгнө. Хэрвээ машинаараа ажлаа хийдэг байсан бол ажлын хөлсийг нь өгдөг.
-Сайн туршлагыг манайд нэвтрүүлэхэд хууль, дүрэм журмын асуудал байгаа юм уу. Өөр ямар асуудал байна вэ?
Хууль эрх зүйн орчин, хууль дүрэм журам гээд чөдөр тушаа байгаа. Тухайлбал манай Иргэний хуулинд иргэн хүн автомашинаа даатгуулахад даатгагч, даатгуулагч хоёр даатгалын үнийг хоорондоо тохиролцоно гээд заачихсан. Манайд даатгалын мэдлэг ямар билээ, харилцаа ямар билээ гээд бодохоор аль болох бага үнээр даатгуулахыг боддог.
Сая төгргөөр машинаа үнэлээд 10 сая төгрөг даатгуулсан хүн их хохирол амссан ч нэг сая төгрөгөөс илүүг авахгүй. Солонгост хохирлыг хангалттай нөхөх үнийн стандартыг мөрддөг.
Тэнд эд хөрөнгөний хохирол, алдагдсан боломжийн хохирлын талаар маргаан гарахгүй л бол үнэлгээ хийгдэхгүйгээр олгодог. Өөрөөр хэлэл маргаан гарахгүй хэмжээнд хохирлыг шийддэг гэсэн үг.
Аль аль тал нь хариуцлагатай. Үнэлгээ хийдэг гол зүйл нь хүний эрүүл мэнд, амь насны үнэлгээг хийдэг. Одоо хүн төрөлхтөн, эд хөрөнгийг материалыг шүтэх хандлагаас холдож оюун ухаан, хүнийг шүтэх болсон.
Гэтэл манайд одоо эд хөрөнгө эд хурц байна шүү дээ. Хохирол үнэлгээний компаниуд дээр ихэвчлэн машин, эд хөрөнгөө үнэлүүлье гээд л орж ирэхээс биш эрүүл мэнд, амь нас гэж орж ирдэггүй.
Шүүх цагдаагаар яваад эрүүгийн хариуцлага эсвэл ар гэртэй нь тохиролцох байдлаар шийдээд, хүний амь нас хохироосон нь шоронд л явдаг. Харин Солонгост хүн нас барвал үнэлээд хохирлыг нь төлдөг.
-Хэрхэн үнэлдэг гэсэн үг вэ. Хүний амийг яаж үнэлнэ гэсэн үг вэ. Манайд хамгийн эрсдэлтэй хэл аманд ордог нь барилгын салбар. Хүний амь нас хохироход нөхөн төлбөрийг ар гэртэй нь тохиролцож өгдөг. Хохирол үнэлгээ хийгддэггүй гэсэн үг үү?
Уг нь хохирол үнэлгээ байх л ёстой. Өнгөрсөн жил гэхэд хоёр оюутан залуу сургалтын төлбөрөө олох гээд барилга дээр ажиллаж байгаад ослоор нас барсан.
Гэтэл мөн чанартаа тэдгээр залуус ардаа хүлээсэн үүрэгтэй, сурна боловсорно гээд асар их зорилгыг өмнөө тавьчихсан, эцэг эхийнхээ ач тусыг нь хариулна гээд зөндөө л зүйл төлөвлөчихсөн байсан нь ойлгомжтой. Магадгүй айлын ганц хүүхэд байсан бол яах вэ. Тэр улсуудын гомдлыг яаж шийдэх вэ.
Компаниуд нь гомдолгүй гэж хэлүүлэхийн тулд тохиролцож, ногдох ялаа багасгадаг ч гэлээ асуудалтай. Үхсэн хүний цаана нэг хэсэг хүн гүнзгий хохирол үзэж байгаа.
-Шүүх хохирол үнэлгээний талаар бас мэргэшсэн байх шаардлагатай байдаг болов уу?
Шүүх практикт эд хөрөнгийн хохирол дээр биднээс үнэлгээ аваад хэвшчихсэн. Харин хүний эрүүл мэнд, амь нас, нэр төр, сэтгэл санаа, алдагдсан боломж гээд ирэхээр байхгүй.
-Эрүүл мэнд, амь насыг хохирлыг хэрвээ үнэлээд ирвэл тухайн тохиролцож байгаагаас илүү нөөн төлбөр авах боломжтой гэсэн үг үү. Манай улсад хадгаламж зээлийн хоршооны хохирогчид байдаг. Тэр хүмүүсийн алдагдсан боломж асар их байгаа?
Тэгэлгүй яах вэ. Манай төр дэндүү хариуцлагагүй. Ер нь төр хаана байх гэж бодогдохоор зүйл олон тохиолддог. Ялангуяа төрийн албан хаагчид бол засаг захиргаагүй зан авир гаргадаг.
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид өнөөдрийг хүртэл хохирлоо бүрэн арилгуулаагүй л байдаг. Тэр юу бүтээдэг байсан, аж ахуй эрхэлдэг байсан уу. Өдрийн хэдэн саяар тоологдох орлоготой хүн байсан бол яах вэ гээд асуудал гардаг.
Тиймээс хохирлыг арилгах эрх зүйн орчныг бий болговол аяндаа хөгжинө. Хохирол үнэлгээний хууль гарах байх. Хамгийн гол нь суурь хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Иргэний хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай.