МҮЭ-ийн холбоо УИХ-д дахин хандлаа
УИХ-аар 2014 оны улсын төсвийн тодотгол, 2015 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг бодитойгоор нэмэгдүүлэх. Мөн тэдний хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр МҮЭХ-ноос 2014 оны долоодугаар сарын 29-нд Засгийн газарт хүргүүлсэн саналыг ажил хэрэгчээр дэмжин ажиллахыг УИХ-ын гишүүдээс дахин хүслээ.
МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр тохирсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа.
Мөн энэ онд багтаан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувийг ХАБЭА-н төсөвт суулгах саналыг Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Тиймээс МҮЭХ-ноос иргэдийн итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүдийг дээрх саналыг бодитойгоор авч хэлэлцэн, дэмжиж ажиллахыг дахин хүссэн нь энэ.