Өргөдлийн байнгын хороо төр ард түмнийг холбох гүүр болж ажилласан
УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа
2014.12.26

Өргөдлийн байнгын хороо төр ард түмнийг холбох гүүр болж ажилласан

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

Та УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар 2 жил гаруй хугацаанд ажиллаад ажлаа өгч байна. Энэ талаар санал сэтгэгдлээ хуваалцана уу?

-Өргөдлийн байнгын хороо хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нийгмийн болон парламентат ёсны хөгжлийн бодит шаардлагаар олон улсын жишгийн дагуу 2012 онд шинэ тутам байгуулагдсан. Энэ хугацаанд өөрийн ажиллах арга барилыг олохоос эхлээд ард иргэдээсээ ирж байгаа зуу зуун өргөдлийг зөв зүйтэй шийдвэрлэх хүртэл алхам тутамдаа шинэ шинэ асуудлуудтай тулгарч олон хүндрэл бэрхшээлийг даван өөрийн гэсэн туршлага, түүхийг бий болгож байна.

Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдлийг Байнгын хорооноосоо баталсан журмын дагуу эрх баригч болон бусад намын төлөөлөл, бие даагч гишүүдэд хариуцсан чиглэлийнх нь дагуу тэнцвэртэйгээр хуваарилан шийдвэрлүүлж, түүнд ажлын алба мэргэжлийн туслалцаа үзүүлж амжилттай хамтран ажиллаж ирсэн.

Өргөдлийн байнгын хороо бүхий л салбарыг хамаарсан асуудлыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэх бололцоотойгоос гадна хууль тогтоомж амьдралд хэрхэн нийцэж хэрэгжиж байгаад салбарын уялдааг хангасан бодитой дүгнэлтийг хийх чадвартайгаараа онцлог билээ.

Энэ ч утгаараа УИХ-ын хууль тогтоох болон хэрэгжилтэд тавих хяналтын чиг үүргийг иргэдийн өргөдлөөр дамжуулан бүхий л салбар чиглэлээр байнгын анхаарлын төвд байлгах, хийдэл цоорхойг засах шинэчлэн сайжруулах бололцоог олгодгоороо хууль, амьдралын амьд холбоог хангаж парлатентат ёсны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг УИХ-ын бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болон хөгжиж байна.

20 шахам тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн байна

Өргөдлийн байнгын хорооны гишүүд маань иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан Байнгын хороогоороо хэлэлцүүлэн шийдвэрлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнээр Байнгын хороо маань улам чадавхижин бэхжиж байна.

Өнгөрсөн хугацаанд Байнгын хороо байгаль орчныг хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх гээд олон чиглэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, 20 шахам тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн байна.

-Өргөдлийн байнгын хороо ард иргэдийнхээ санал хүсэлтийг бодитой шийдвэрлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Өргөдлийн байнгын хороо 2014 онд Дорноговь, Баянхонгор, Хөвсгөл зэрэг 6 аймагт ажиллан ард иргэдийн санал хүсдлтийг авлаа. Мөн хэдэн хэдэн хуулийн хэрэгжилтийг газар дээр танилцаж хяналт шалгалт хийлээ. Иргэдийн өргөдлийг шийдвэрлэх ажиллагаандаа мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, нээлттэй хэлэлцүүлэн иргэдийнхээ санаа бодлыг тусгасны үндсэн дээр Байнгын хороогоор асуудлыг хэлэлцүүлж байна.

Тухайлбал Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажилд ЦЕГ, Мэргэжпийн хяналтын байгууллагыг татан оролцуулж, нээлттэй хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудаас гадна төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан байна. Мөн байгаль орчин, ашигт малтмал, соёлын өвийн хуулийн хэрэгжилтийг шалгахад Шинжлэх ухааны академ болон мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж, энэ талаар хийсэн хэлэлцүүлэгт байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, иргэдийн урьж оролцуулсан байх жишээтэй.

Ингэснээр асуудлыг олон талаас нь судалж, үнэн зөв мэдээллээр хангасны үндсэн дээр асуудлыг бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой болох нь харагдаж байна. Үүний үр дүнд иргэдийн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хууль тогтоомжид байсан алдаа зөрчил, хийдлийг илрүүлж хэрхэн засаж залруулах арга замыг тодорхой заасан тогтоол шийдвэрүүдийг гаргасан гэж үздэг.

-Цахимаар өргөдөл хүлээн авдаг болсон гэжээ. Иргэд цахимаар яаж өргөдөл гаргах вэ?

-Өргөдлийн байнгын хороо www.urgudul.mn цахим хуудас, дотоод программ хангамжийн системийг нэвтрүүлээд байна. Энэ цахим хуудсаар орж бүртгүүлээд шууд өргөдөл гаргах боломжтой. Мөн байнгын хорооноос явуулж буй нээлттэй санал асуулга, хэлэлцүүлэг, нийтийн сонсголд онлайнаар оролцох боломж бүрдсэн. ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хороо, БНСУ- ын парламентийн сайн туршлагыг судалж, тэр жишгээр хийсэн учраас орчин үеийн шаардлагыгхангана гэж найдаж байна

Мөн өнөөгийн хууль тогтоомжоор олгогдсон иргэдийнхээ эрх, үүрэгт нийцүүлсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ цахим хуудсаар орж Байнгын хорооны хурал болон цаг үеийн мэдээллийг авах бүрэн боломжтой.

Дашрамд дурдахад цахимаар өргөдөл гаргахаас гадна УИХ-ын гишүүд, ажлын албатай биечлэн уулзах хүсэлтэй иргэддээ зориулсан өрөөг Төрийн ордны нэгдүгээр давхарт бий болгосноор иргэд заавал ордонд нэвтрэх зөвшөөрөл авахгүйгээр тухайн гишүүнийхээ хуваарьт цагаар иргэний үнэмлэхээ шууд үзүүлэн уулзалтад оролцох боломжтой болсон. Мөн нийслэлийн дүүрэг, аймгууд дахь иргэний танхимууд, Шүүхийн нээлттэй танхимуудаар дамжуулан иргэдийн өргөдлийг шууд хүлээн авах боломжийг бүрдүүлээд байна.

-Монгол Улсын Парламентийн түүхэнд иргэний дуу хоолойг сонсож ажил хэрэг болгодог бүтцийг анхлан бий болгож, бэхжүүлэх үйлсэд оруулсан таны хувь нэмрийг хүндэтгэн төгсгөлийн үгийг танд үлдээе.

-Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллах хугацаанд олон нийтийн эрх ашгийн төлөө бидэнд хандан өргөдөл гаргаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулахад хамтран ажилласан өргөдөл гаргагч иргэддээ болон шинэ тутам байнгын хороог үүсгэн байгуулж, бэхжүүлэхэд хамтран зүтгэсэн Байнгын хорооныхоо гишүүдэд, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Тамгын газар, ажлын алба, хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, иргэний нийгмийн байгууллагууддаа талархал илэрхийлж, шинэ оны мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье.