ХАХНХ-ын салбарын зарим албан хаагчид шагнууллаа
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын зарим албан хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагнах зарлиг гаргасан.
Энэхүү зарлигийн дагуу төрийн дээд шагнал одон медалийг өнөөдөр салбарын сайд С.Эрдэнэ гардуулан өглөө. Төрд өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр үнэнч байж, хүн амыг хөгжүүлэх их үйлсэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн сувилагч Э.Цагаандорж Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах Батгэрэлт ирээдүй халамжийн төвийн захирал Г.Роза Хөдөлмөрийн хүндэт медаль, Хүүхдийн урлан бүтээх төвийн ажилтан П.Сэлэнгэ Алтангадас одонгоор, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны зөвлөх С.Сайнбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.
Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан БЗД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Адарсүрэнг ХАХНХЯ-ны Хүндэт жуух бичгээр шагнаж, урамшууллаа.