Х.Баттулга: Улстөрчид барьцгүй хүмүүс
УИХ-ын гишүүн Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.
-Та шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Улс төрийн намуудын гаргаж тавьсан саналын дагуу Засгийн газрын одоогийн бүтэц бий болсон. Одоохондоо байгуулагдаад удаагүй байгаа учраас цаашид түрж ажиллана гэсэн бодолтой байна.
-Ч.Сайханбилэгийн танхим Аж үйлдвэрийн яамыг шинээр бий болголоо. Энэ салбарт ахиц дэвшил гарах болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Одоо жил гаруй ажиллах хугацаа байна. Тэгэхээр Аж үйлдвэрийн яамтай болоод ажил жаахан урагшлах болов уу гэсэн горьдлого тээж байна. Салбар хариуцсан сайд нь аж үйлдвэрийн талд ямар ойлголттой байгаа нь чухал.
Толгой сийрэг, аж үйлдвэр эрхэлж байсан хүн бол азийн хөгжөөд байгаа орны намтрыг уншихад л болчихно. Солонгос Улс, Азийн бар орнууд яаж аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэв гэдгийг олж мэдэхэд илүүдэхгүй болов уу. Манай хоёр хөрш аж үйлдвэржих чиглэл рүү явж байна. Ялангуяа манай урд хөрш энэ чиглэлд эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр Хятадтай ямар хэлбэрээр хамтарч ажиллах вэ гэдгээ бодолцох ёстой.
Би хуучнаар ҮХАА-н сайд байхдаа шаардлагатай бодлогын баримт бичгийг гаргасан. Засгийн газрын тэргүүн өөрөө энэ асуудлыг ойлгохгүй бол салбарын сайдын төсөвт үйлдвэр барих мөнгө байдаггүй юм. Уг нь бондын мөнгөөр дэд бүтэц, аж үйлдвэрийн салбараа дэмжсэн бол сайн байлаа.
-Өрийн таазыг нэмэгдүүлэх талд та ямар байр суурьтай байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд улстөрчид өөрсдөө барьцгүй хүмүүс. Өглөө өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэчихээд орой нь “Нэмэхээс өөр сонголт алга” гэж ярьдаг. Улстөрчдийн хэлж, ярьж байгааг барьцгүй гэдэг талаас нь хандахад буруудахгүй. Өрийн хэмжээг нэмэгдүүлэхэд буруудахгүй. Өр тавьж авсан мөнгөөр юу хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Өнөөдрийн хувьд бидэнд хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна.