Б.Цогтгэрэл: Монгол бол бренд үржих хамгийн таатай хөрс суурьтай орон
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл
2014.12.08

Б.Цогтгэрэл: Монгол бол бренд үржих хамгийн таатай хөрс суурьтай орон

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

- Жижиг дунд үйлдвэрлэл дэх гар урлалын секторыг төрийн ямархуу бодлогоор хөгжүүлвэл орчин үеийн зах зээлийн шаардлагад нийцэх бол?

Орчин үеийн шаардлагад нийцсэн бодлого гэж байхгүй шүү дээ.

Гар урлалын сектор их онцлогтой. Ерөнхийдөө хувь хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварт суурилсан, эсвэл өв уламжлал шинжтэйгээр хөгждөг. Ийм тохиолдолд дэмжсэн дэмжээгүй хийгдэж бүтээгдэж, үйлдвэрлэгдэж байдаг. Ихэнх улс оронд жижиг үйлдвэрлэгчид, өрхийн бизнесийг худалдан авалтаар дэмждэг.  Төрийн худалдан авалтаар, тусгайлсан зах, худалдааны цэгүүд гаргах, татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгох зэргээр дэмждэг. Мөн технологи, аргачлал, чанар, сав баглаа боодол сайжруулахад нь сургалтад хамруулдаг.  Японд нэг суурин нэг бүтээгдэхүүн, Тайландад нэг тосгон нэг бүтээгдэхүүн гэх зэргээр хөгжих суурь бололцоог  нь бий болгоход анхаардаг.

- Гар урлаачдыг нэгтгэсэн, тэдний бизнест зөвлөгөө өгдөг, маркетинг менежментэд нь тусалдаг, тэднийг мэргэшүүлдэг ямар бүтэц, механизм байх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Мэргэжлийн болон салбарын холбоод энэ чиглэлээр сайн ажиллах хэрэгтэй. МҮХАҮТ байна. Эдгээр байгууллагууд дээр нэгдэж харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах, сургалтад хамрагдах боломжтой. Бас хамтын эрх ашгаа хамгаалах асуудал ч гарна. Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байна. Энэ байгууллагыг бүрэн дүүрэн ажиллах, жинхэнэ агууллагаар нь ажиллуулахад ч гар урчуудын нэгдсэн байгууллагын ач холбогдол чухал. Манайд чинь салбарын холбоод улс төрийн байгууллага шиг л ажиллаад байгаа юм. Нэг нам гарахаар л дагаад намирдаг. Уг нь Засгийн газар солигдож болно. Мэргэжил салбарын холбоод бол мөнхийн байгууллага байх ёстой.

- Өвөг дээдсээс уламжилж ирсэн маш их баялаг, гэхдээ бараг мартагдах дөхсөн гар урлалын давтагдашгүй уламжлалыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ? Үүний тулд ямар бодлого хэрэгтэй вэ?

Байгалийн баялаг олон зуун сая жил, олон тэрбум жилд бүрэлддэг. Энэ цэнхэр гаригийн чинь гагнаас юм шүү дээ. Тэр утгаараа богино хугацаанд хэмжээгүй ихээр ашиглах нь заавал байгалийн тэнцвэрт нөлөөлдөг. Нөгөө талдаа дахин бүрэлдэн тогтоно гэж байхгүй, байнга дундарч байдаг. Ийм баялагийг ухаж байгаа тохиолдолд ундардаг баялаг болгох хэрэгтэй юм. Энэ бол үйлдвэрлэл, үнэ цэнэ бий болгоход чиглэсэн үйлдлүүд. Үүний нэг тод жишээ нь  гар урлал. Ингэж байж харилцан тэнцвэр, эдийн засгийн эргэлтийн бүтэн цикл бий болно.

- Үйлдвэрлэл тэллээ гэж бодоход манай зах зээл хэтэрхий жижигхэн. Тэгэхээр гаднын зах зээлд бүтээлээ борлуулахын тулд ямар хамтын ажиллагааны хувилбарууд байж болох вэ?

Гадныхан ярьдаг юм. Танай байгалийн гаралтай, малын гаралтай болгон чинь бренд болох боломжтой гэж.

Хэрэглээний зах зээл үнэхээр багатай байна. Үүнийг тэлэх боломж нь гадаад зах зээлд гаргах маркетинг юм. Үүнийг хувь хүн, үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрүүд дагнан хийж хүч хүрэхгүй байна. Туршлага ч нимгэдэж байна. Хүний амьдрал богино шүү дээ. Нас уртасгах арга нь хүнээс хамаардаггүй. Тасралтгүй ажиллагаа чухал.  Уг нь төрийн бүх байгууллагууд, гадаадад суугаа элчин төлөөлөгчдийн газрууд, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарынхан, ер нь бүгдээрээ л харилцан уялдаатайгаар нэгдсэн бодлого явуулах учиртай. Танхимын дэргэд үндэсний маркетингийн алба маягийн нэг байгууллага байгуулагдаж болзошгүй байгаа. Өөрөөр бид амжихгүй юм шиг байна.

- Зах зээлийн ашгийн үүднээс харахад Монголын гар урлалд дэлхийн зах зээлд бренд болгочих боломжтой гар урлалын ямар төрлүүд байна вэ? Морин хуур, гэр, эсгий урлал гэх мэт?

Морин хуур, эсгий зэрэг бол гайхамшигтай брендүүд шүү дээ. Асуудлын гол нь хир  үнэ цэнд хүргэх вэ гэдэг л байна.

Ер нь Монгол улс бренд үржих хамгийн таатай хөрс суурьтай орон гэж болно. Гадныхан ярьдаг юм. Танай байгалийн гаралтай, малын гаралтай болгон чинь бренд болох боломжтой гэж.  Гадны жуулчид ирээд л ямар сонин эд вэ, ямар хөөрхөн юм бэ гээд л хармайгаа сэгсэрдэг болчихвол гар урлалаас Монголчууд олон зуун сая доллар олно. Одоо бол манайхаас авах юм ховор байна.

Үнэхээр юухан хээхнээр л бренд хийж, мөнгө хийж болно шүү дээ. Би ганцхан ташуур, хос улавч, гурван чулуу, дөрвөн шагай, таван сумаараа бренд хийж болно гэж ярьдаг хүн. Бренд гаргах талаар таарсан, уулзсан хүмүүсээ ухуулаад л явж байна. Гагцхүү бүгдээрээ нэг чиглэлд харсан зорьсон байх шаардлагатай.