Жим Двайер:  Хөрөнгө оруулалтыг сэргээхэд хууль эрхзүйн орчинг шинэчлэх хангалтгүй
Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер
2014.12.04

Жим Двайер: Хөрөнгө оруулалтыг сэргээхэд хууль эрхзүйн орчинг шинэчлэх хангалтгүй

Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайертай хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тус зөвлөл нь гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг манай улсад төлөөлж байна.

-Хэдхэн жилийн өмнө Монголын эдийн засаг 17 хүртэл хувиар өсч байсан. Гэвч эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, хөрөнгө оруулалт буурснаар өнөөдөр нөхцөл байдал хүндрээд байна. Та Монгол Улсад ирээд 10 гаруй жил болж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа. Тэгвэл манай улсын эдийн засаг эмзэг байгаагийн гол шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улс 2011-2013 онд буюу гурван жилийн турш хоёр оронтой тоотой эдийн засгийн өсөлттэй байсан. Гэвч уг өсөлт буурч 10 хувиас доогуур байна. Энэ оны эцэс гэхэд долоо орчим хувьтай болж магадгүй. Тиймээс эдийн засаг нэлээд муудсан гэж дүгнэж болно.

Үүний голлох шалтгаан нь төрийн буруу удирдлагатай холбоотой. Иймд эдийн засгийн өсөлтийг сайжруулахын тулд Засгийн газраас илүү тогтвортой бодлого явуулах шаардлагатай. Түүнчлэн, дэлхийн хөрөнгө оруулагчдад гэрээгээр хүлээсэн үүргээ ямагт биелүүлнэ гэдэгт итгүүлэх хэрэгтэй.

Бид үүнийг гэрээний халдашгүй байдал гэж нэрлэдэг. Засгийн газар, аж ахуй нэгжийн хооронд, эсвэл хувийн хэвшил болон төрийн өмчит компаниудын хоорондын гэрээ гэдгээс үл хамааран гэрээний нөхцлийг биелүүлэх ёстой. Хөрөнгө оруулагчид гэрээний нөхцөл мөрдөгдөнө, хуулийн дагуу хүчин төгөлдөр байна гэдэгт итгэх хэрэгтэй. Энэ бол өнөөгийн дүр төрх.

-Өнгөрсөн оноос хөрөнгө оруулалт эрс буурч эхэлсэн. Үүнд дэлхийн эдийн засгийн байдал тодорхой нөлөө үзүүлсэн ч Монгол Улсын төрөөс хамааралтай шалтгаан дийлэнх хувийг эзлэж байсан. Та хөрөнгө оруулагчидтай хамгийн ойр ажилладагийн хувьд тэд юун дээр хамгийн их урам хугарсан бэ?

-Хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байгаагийн гол шалтгаан нь стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулиас үүдэлтэй. Тус хуулийг Хятадын “Chalco” компани “South Gobi Sands” компанийг худалдан авах гэж байгааг зогсоохын тулд 2012 оны тавдугаар сард баталсан. Гэхдээ уг хууль дахь заалт нь тодорхой хязгаарыг давсан тул гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүрмөсөн зогсоосон. Дээрх хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүчингүй болгосон. Энэ тухай сүүлд дэлгэрүүлж ярья.

Бас нэг сөрөг зүйл нь хамгийн их анхаарал татсан Оюу Толгойн далд уурхайг барих төслийн санхүүжилтийн талаар Засгийн газар, Рио Тинто хоёрын хоорондох хэлэлцээр сунжирсан явдал юм. Засгийн газар нь улс орны хамгийн чухал, гадаадын хөрөнгө оруулалтын гол эх сурвалж болсон, дэлхийн шилдэг уул уурхайн компанитай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд улс төрийн эрсдэл хэт өндөр байна гэсэн  зовинолыг хөрөнгө оруулагчдад авчирсан. Рио Тинто аль хэдийн долоон тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн.

-Сүүлийн жил орчмын хугацаанд төрөөс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байна. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын төсөл батлагдсан, Ашигт малтмал, хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг шинэчлэн найруулж баталсан гэх зэргээр хөрөнгө оруулалтын эрхзүйн орчинг тааламжтай болгохоор хичээж байна. Эрхзүйн орчны шинэчлэлийн талаар та ямар бодолтой байна вэ? Танай зөвлөлийн зүгээс эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр төр засагт байнга санал бодлоо хүргүүлж байдаг шүү дээ?

-Тийм ээ, Бизнесийн зөвлөлийн Хууль зүйн ажлын хэсэг сүүлийн жилүүдэд хэд хэдэн чухал хуулиудад оролцож байна. Үүнд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт зэрэг багтана. Хоёрдугаарт стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахтай холбоотой хуулийг шинэчлэн шинэ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахад оролцсон.

Гуравдугаарт, энэ оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон Үнэт цаасны тухай хууль байна. Сүүлд төрийн ба хувийн хэвшлийн түншлэлийг үүсгэх Концессын тухай хуульд оролцсон. Монголын бизнесийн зөвлөл нь Засгийн газрын ажлын хэсэгт дээрх хуулийн төсөл, ​​хууль тогтоомж, түүнчлэн УИХ-ын гишүүдэд хуулийн төсөл дээр олон ажил хэрэгч санаа санал болгосон.

Эрх зүйн шинэчлэлийн хувьд таны асуултад саяхан батлагдсан хуулиуд үндсэндээ сайн болсон гэж хариулъя. Гэхдээ бид тэднийг зүгээр л хуулийг "идэвхижүүлж байна" гэж ярьж байна. Тэд хөрөнгө оруулагчдыг Монголд хөрөнгө оруулах хэрэгтэй гэж итгүүлж чадах ч хөрөнгө оруулагчид хуулиас болж хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгө оруулагчид гадаадын шууд хөрөнгө оруулалт нь тодорхой үр өгөөж өгнө гэсэн итгэлийг өгөх заавал биелүүлэх нөхцөлтэй гэрээ, хуулийн тогтвортой орчин, хэрэгжилтийг л харахыг хүсч байна. Хөрөнгө оруулагчид одоо ч хүлээж л байна.

-Өнөөгийн байдлаар танай байгууллагаар дамжуулж Монголын хөрөнгө оруулалтын орчинг тандсан, хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн хэр олон компани байна вэ? Өмнөх жилтэй харьцуулахад нааштай ямар хандлагууд гарч байна вэ?

-Одоогоор ямар ч эерэг хөрөнгө оруулалтын чиг хандлага харагдахгүй байна. 60 гаруй аж ахуйн нэгж эдийн засагт шинэчлэл хийгдэхийг хүлээж ихэнх нь энэ онд Монголын бизнесийн зөвлөлд нэгдэн орж гишүүд болсон. Тухайлбал, хайгуулийн салбар сүүлийн дөрвөн жил зогсонги байна.

Ирэх сараас хайгуулын зөвшөөрөл олгох төлөвтэй байна. Энэ жил Монгол Улсад өрөмдлөг хийж байгаа цөөн хэдэн хайгуулын компани бий. Нэг нь Канадын “Erdene Resources”, нөгөө нь Австралийн “Xanadu Mines” юм. Өмнө нь энэ салбарт олон орны компаниуд байсан. Одоо хайгуул хийхийг зөвшөөрч, хууль дахин өөрчлөгдсөнөөр ирэх хавраас олон хайгуулийн компани гарч ирэх төлөвтэй байна.

Оюу Толгойн уурхайн далд уурхайд зориулж дөрвөн тэрбум ам.долларын төслийн санхүүжилтыг идэвхижүүлэх Засгийн газар болон Рио Тинто компани хоорондын гэрээг байгуулах цаг ойрхон ирсэн байж болох юм.

Бид уул уурхайн нийлүүлэлтийн сүлжээ аажмаар сайжирч, хөрөнгө оруулагчид итгэлээ дахин олж дараагийн хоёр жилийн хугацаанд шинэ компаниуд ирэх эсвэл хуучин компаниуд нь буцаж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ Оюу Толгойн хоёр дахь шатны санхүүжилтын гэрээ энэ онд хийгдвэл ирэх жил гадаадын шууд хөрөнгө оруулалтын өөр нэг тогтвортой өсөлтийн мөчлөгийг эхлүүлэх юм.

-Оюутолгойн асуудлаас болоод хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байгаа гэдэг. Хэрэв уг асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулах сонирхол илт өснө гэж байна?

-Энэ бол үнэн. Гэхдээ сонирхол аажмаар нэмэгдэх болно. Засгийн газар нь эдийн засгийг тогтвортой байлгаж байгааг хараад хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдвэл хөрөнгө оруулах сонирхол илт өснө.

-Манай улсад шатдаг занар, метан хий, газрын ховор элемент зэрэг хөрөнгө оруулах бололцоотой, нөөцийн хувьд ч арвин байх магадлалтай салбарууд байна. Уг салбарт хөрөнгө оруулалт татах боломж хэр байх бол?

-Тогтвортой байдал баталгаатай болоод ирвэл эдгээр салбар ирээдүйд үр өгөөжөө өгөх маш өргөн боломж юм. Газрын ховор элементүүдийн үйлдвэрлэлийг Хятад улс тэргүүлж, хянаж байна. Харин Хятадын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, худалдан авагчдыг идэвхжүүлэх, экспортод зориулж үйлдвэрлэх боломжтой газрын ховор элементүүдийн нөөцөөр Монгол Улс баян.

Нүүрс шингэрүүлэх, занар болон метан хийн төслүүд санхүүжилт их шаардана. Тиймээс дотоодын банкны зээлээс гадна олон улсын эх үүсвэр хэрэгтэй болно. Энэ нь маш урт хугацааны их хөрөнгө оруулалт шаардах юм.

-Мэдээж Монголд хөрөнгө оруулах нэг нөхцөл нь эрхзүйн тааламжтай орчин бүрдүүлэхээс гадна дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал байна. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан ч сүүлийн үед төмөр замын царигтай холбоотойгоор маргаан дэгдээд байна. Нүүрсээ авто замаар тээвэрлэдэг нөхцөл байдал одоо ч өөрчлөгдсөнгүй. Дэд бүтцийн цаана Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон чухал асуудал уялдаатай ч бид урагшлах ёстой байна?

-Тийм ээ, бидэнд үсрэлт хэрэгтэй. Хятадын Ерөнхий сайдын айлчлалаар гарын үсэг зурсан 26 гэрээний дунд нэг маш чухал ач холбогдолтой дэд бүтцийн хөгжлийн нээлт байна. Энэ нь дамжин өнгөрөх бүс юм. Монгол Улс Хятадын Тяньжин далайн боомт хүртэл төмөр замаар шууд дамжин өнгөрөх эрхтэй болох юм. Ингэснээр "нарийн цариган" төмөр замыг Хятадын хил дээрх төмөр замд холбохыг зөвшөөрөх шаардлагатай болж байна.

Тэгвэл галт тэрэг хил хүртэл шууд яваад, Хятадаар дамжин нарийн царигаар Тяньжинд холбогдон Солонгос, Япон дахь хэрэглэгчдэд тээвэрлэлт хүргэх боломжтой. Хил дээр үүсдэг асар их зардлыг хэмнэснээр Хятадын хэрэглэгчдэд тээвэрлэлтийн хувьд ч ашигтай тул Монгол Улсын өрсөлдөх чадвар Хятад руу эрдэс бүтээгдэхүүн экспортлогч Австрали болон бусад орноос илүү болох юм. Хятадтай байгуулах энэ гэрээ нь дэд бүтцийн чухал асуудлыг шийдэхэд тусалж чадна.

-Дээрх нөхцөл байдалтай уялдуулж төмөр замын төрийн бодлогоо бид эргэж харах шаардлагатай юу?

-Өмнө нь дурдсанчлан, УИХ нэмэлт зардлыг тэрбум тэрбумаар гаргахаас зайлсхийхийн тулд Хятадын хил хүртэл "нарийн цариган" төмөр зам барих төслийг батлах нь чухал. Одоогийн байдлаар хилийн бүх тээвэрлэлт машинаар явж байгаа тул буулгаад вагонд дахин ачиж байна. Энэ зардлыг үгүй болгох хэрэгтэй.

БНХАУ-ын ерөнхийлөгчийн гэрээний дагуу бид бүтээгдэхүүнээ "нарийн цариган" төмөр замаар Тяньжин далайн боомт хүртэл тээвэрлэх боломжтой болно. Энэ нь бид нүүрсээ хил хүртэл авто машинаар тээвэрлэн буулгаж, дахин ачих асуудлыг зогсооход маш чухал ач холбогдолтой.

Бид БНХАУ-ын нийлүүлэгч Австрали болон бусад орны экспортлогч нараас илүү өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын намрын чуулганаар БНХАУ руу "нарийн цариган" төмөр зам барих төслийг баталвал Монгол Улс Хятадын Тяньжин далайн боомтоор дамжуулан далайн цаадах хэрэглэгчиддээ хүрэх боломж маш их сайжрах юм.

-Монголын эдийн засагт үүссэн хамгийн том эрсдэлийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж буй явдал. Монголбанкнаас энэ онд ам.долларын ханшийг 1380 төгрөгт барихаар төлөвлөж байсан ч 1800 төгрөг хэдийн давсан. Энэ нь эдийн засгийн маш олон салбарт доргилт өгч, иргэдийн амьжиргаанд хүчтэй нөлөөлж байна. Төрөөс нөхцөл байдлыг хяналтадаа авахын тулд алтны олборлолтыг нэмэгдүүлэх зэргээр анхаарч байна. Ер нь валютын нөөцөөс үүдэлтэй хүндрэлийг богино, урт хугацаанд шийдэх гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Богино хугацаанд, БНХАУ-ын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлсэн нь урд хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хийсэн чухал гэрээ байлаа. Энэ нь 500 сая ам.долларын нэмэгдүүлэлт юм. Moody's Rating Service компанийн хэлж байгаар энэ нь Монгол Улсын зээлийн рейтингид нааштай нөлөөлөх юм.

Урт хугацаанд ханш тогтворжиж 1800 төгрөг нэг ам.доллартай тэнцэнэ гэж найдаж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал, гэрээ хэлэлцээр нь ханшийн тогтвортой байдлыг бий болгоход туслна гэж үзэж байна. Монголбанкны мөнгөний нөөц одоогоор 1800-аас 1850 төгрөгт хэлбэлзэж байгаа ханшийг тогтвортой барихад хангалттай гэж найдаж байна.

-Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал нь Монголын төрийн бодлогоо тогтвортой байлгахыг дахин дахин санууллаа. Тиймээс сургамж авч үе үеийн Засгийн газар хууль эрхзүйн тогтвортой орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах болов уу гэж найдаж байна. Гэхдээ таниас асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та 2016 оны сонгуулиас хэр их айж байна вэ, дахин шинэ нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол танд хэр их байна вэ?

-Дөрвөн жил тутамд бизнесийн мөчлөг буурдаг. УИХ-ын сонгуулийн кампанит ажлын дараа жил Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Энэ цаг үе бизнест сөрөг нөлөөтэй байсаар ирсэн түүхтэй. Улстөрчид кампанит ажлын үеэр сонгогчдод амлалт өгч, шинээр сонгогдох эсвэл дахин сонгогдохын тулд шинэ хууль санал болгодог. Тэдний зарим нь бизнесийн эсрэг байх болно. Кампанит ажлын үеэр олон улстөрч хөдөө сурталчилгаандаа явахад гол анхаарлаа хандуулж, төрийн ажил цалгарддаг тул бүх зүйл удаашрах хандлагатай болдог. Харин хөрөнгө оруулагчид энэ чиг хандлагыг нь мэдэж байх ёстой.

Мөн улс төрийн намууд ил тод биш байна. Намыг санхүүжүүлж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд ил биш байна. Зөв, нээлттэй байх нь улс төрийн сонгуулийг эдийн засагт бага хор учруулахад түлхэц болно гэж итгэж байна.

-“Эрдэнэс Тавантолгой”-н өнөөгийн нөхцөл байдал бидэнд том сургамж авчирч байна. Төр бизнес хийдэггүй гэдгийг уг жишээ харуулдаг. Ер нь төрийн бизнесийн үйл ажиллагаанд оролцох харьцааг та хэр зөв түвшинд байна гэж дүгнэдэг вэ?

-Бид Засгийн газрыг бизнест байр суурь эзэмших эзлэх ёстой гэж үзэхгүй байна. Засгийн газар нь шударга хууль гаргах, зохицуулах, хуулийг мөрдүүлэх, аж ахуйн нэгжийн ашгаас татвар авах, ашигт малтмал ашигласны төлбөр авч байх ёстой. Харин туршлага бүхий бизнес эрхлэгчид болон ажил хэрэгч хүмүүс бизнесийг удирдах ёстой.

Засгийн газар 1990 оноос өмнө бизнесийг 100 хувь эзэмшдэг байлаа. Ямар ч аж ахуйн нэгж хувийн хэвшлийн мэдэлд байгаагүй. Ойролцоогоор хоёр жилийн өмнө хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 80 орчим хувийг эзэмшдэг байв.

Түүнээс хойш Засгийн газрын эзэмших хувь нэмэгдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь одоо ойролцоогоор 65-70 хувийг эзэлж байна. Ерөнхийлөгч төрийн өмчит аж ахуйн нэгжийн гуравны нэг хувийг хувьчлах нь зүйтэй гэж хэлсэн. Монголын хөрөнгийн бирж, МИАТ зэрэг томоохон аж ахуйн нэгжийг хувьчлах төлөвлөгөө боловсруулагдаж байна. Энэ өмч хувьчлалын үйл явц нь хэцүү, цаг хугацаа шаардсан ажил юм. Тиймээс ойроос хянагдаж байх ёстой.

Мэдээллээс харахад, төрийн өмчит бүх аж ахуйн нэгжийн тэн хагас нь алдагдалтай ажиллаж байна. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй Засгийн газрын эдгээр аж ахуйн нэгж үр ашиггүй ажилласнаас болж мөнгө дэмий үрэгддэг.

Тиймээс бид Засгийн газрын эзэмшлийн хувь нь үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байгууллагууд болон тусгай салбарын, тухайлбал дамжин өнгөрөх, шуудан, боловсрол, эрүүл мэнд гэх зэрэг салбаруудад зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Засгийн газрын албан тушаалтнууд, олон нийт үүнийг өөрчлөх хэрэгцээг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Энэ нь цаг хугацаа шаардана.

-Нүүрсний салбарын ойрын ирээдүй ямар харагдаж байна вэ? Бид өмнө нь урд хөршид нүүрс экспортлох хэмжээгээр Австралийг давж байсан. Гэвч Хятадын зах зээлд олон тоглогч шинээр орж ирснээр бид боломжоо алдаж байна?

-Мэдээж нүүрсний үнэ Хятад болон дэлхий зах зээл дээр буурсан байна. Бараа, түүхий эдийн үнэ нь мөчлөг дагадаг. Гэхдээ Монгол Улс нүүрсний маш их нөөцтэй, Хятад эрчим хүчний нүүрсний асар их хэрэгцээ шаардлагатай байна. Хятад илүү цэвэр нүүрс авахыг хичээж байна. Бүх төрлийн чанартай нүүрсний асар их хэрэгцээ дараагийн 30 ба түүнээс дээш жилд Хятадад бий. Мөчлөг өөрчлөгдөнө. Тиймээс дунд болон урт хугацаанд Монголын нүүрс олборлогч ашиг хүртэх болно. Бид 2-3 жилийн дараа Монголын нүүрсний үнэ сэргэнэ гэж харж байна.

Мөн метан хий ашиглах, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүд яригдаж байна. Тиймээс түүхий эд хэлбэрээр нүүрсийг экспортлохоос гадна гүн боловсруулж ашиглах боломжтой. Энэ нь олон улсын хөрөнгө оруулалт шаардсан өндөр өртөгтэй, урт хугацааны төсөл байх болно. Гэхдээ хэтдээ ашигтай.

-Нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуй нэгж хэрхэн буурсан бэ?

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр дөрвөн жил хүлээж байгаа хоёр том боломжит нүүрсний компаниуд бол АНУ-ын хамгийн том нүүрсний компани Peabody Energy болон БНХАУ-ын асар том нүүрсний борлуулагч Shenhua Energy нар байна. Тэд анхандаа “Эрдэнэс Тавантолгой”-н зарласан тендерт сонгогдсон байсан. Гэхдээ тэр нь цуцлагдсан. Тавантолгой дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэг бөгөөд одоогоор Засгийн газрын өмчлөлд байна. Гэхдээ ажлыг идэвхижүүлэх өөр нэг тендер арваннэгдүгээр сард төлөвлөгөө ёсоор эхлэх юм.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөе. Та Монгол Улсад 10 гаруй жил амьдарч байна. Тэгвэл хүндрэлтэй зүйл нь юу вэ, мөн эсрэгээрээ сайхан зүйл олон байгаа байх?

-Монголд утаа намайг хамгийн их зовоодог. Ялангуяа, өвөл орой болоход гэр хорооллын яндангаас утаа суунаглаж манан үүсдэг. Би ажлаа тараад гэр рүүгээ 20 минут алхахдаа маск зүүдэг. Монголын хамгийн сайхан зүйл нь ард түмэн. Монгол хүмүүс бол газар шороон доор хадгалагдаж буй эрдэс баялгаас илүү үнэ цэнэтэй. Монголчуудтай найзлаж нөхөрлөх хамгийн сайхан зүйл.

-Tа хөдөө явах дуртай юу. Мэдээж уул уурхай төвлөрсөн говийн аймгаар явж байсан байх?

-Хөдөө нутаг бол Монголын хамгийн шилдэг, хамгийн өвөрмөц хэсэг юм. Малчны гэрт өнгөрүүлсэн миний сайхан дурсамж гэвэл дэлхийд алдартай “Уйлж буй тэмээ” нэртэй киноны зураг авалт болсон говийн тэмээчин айлын гэрт зочилж байсан явдал. Үдээс хойш бид кинонд тоглосон бүх хүн буюу малчны гэр бүлийнхэнээр зочлуулж дайлуулсан. Гэрийн эзэн, түүний эхнэр нь 70 орчим насны хүмүүс байсан. Харин тэдний эцэг, эх нь 90 гарсан буурлууд байлаа. Тэдний ач зээ нар гээд олон багачууд байсан. Тэднийг хэрхэн амьдарч байгааг харах үнэхээр гайхалтай байсан.

-Та Монголын хүргэн. Цагаан сарын шинийн нэгэнд бас баяр наадамд монгол үндэсний хувцас өмсдөг үү?

-Монгол хувцас өмсөөд байдаггүй. Гэхдээ би цагаан сараар гэр бүлээрээ цуглахад монгол малгай өмсөж, онцгой хөөргөө авч явдаг. Миний эхнэр монгол. Тэр өнөр өтгөн, өндөр боловсролтой, сайхан гэр бүлээс гаралтай. Эхнэр маань мэдээж үндэснийхээ дээлийг өмсөнө. Цаашид би дээл өмсдөг болж магадгүй. Би Монголд 13 жил амьдарч байна. Энд насан эцэслэтэл амьдарна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье. Монголын эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэхэд чадах бүхнээ зориулж байгаад танд талархаж байна.

-Баярлалаа. Монгол Улсын хөгжил, дэвшилд өөрийн өчүүхэн болов ч хувь нэмрээ оруулах сайхан юм.