Ж.Энхбаяр: Зураачдын урлангаар зочлоход сэтгэл цэлмэх шиг болдог
2011.05.09

Ж.Энхбаяр: Зураачдын урлангаар зочлоход сэтгэл цэлмэх шиг болдог

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Та саяхан "Эх орны төлөө цохилох зүрх" нэртэй цэргийн амьдралыг харуулсан баримтат кино хийсэн байна лээ. Ерөнхий продюсерээр нь ажилласан гэсэн байхаа?

-XX зууны сүүлч бол Монгол Улсын бүх салбарын хөгжлийн оргил үе байсан.Тэр үед Монголын ардын арми орчин үеийн мото буудлагын ангитай болсон. Өндөр зохион байгуулалттай, сүүлийн үеийн зэвсэг, тоног төхөөрөмжтэй, үүрэг гүйцэтгэх чадвар сайн, эх оронч дайчидтай байсан. Монгол, Хятадын харилцаа сайнгүй байх цаг үед уг арми түүхэн үүргээ хэрхэн гүйцэтгэснийг киногоороо харуулсан. Мартаж болохгүй түүх. Цэргийн баяраар нээлтээ хийсэн. МҮОНТ-ээр цацсан. Киног хийхийн тулд хоёр жилийн турш  баримт, материал цуглуулсан. Хоёр цаг үргэлжилсэн кино болсон доо. Аавынхаа дурдатгал номыг зохиох эрдмийн зөвлөл байгуулаад хамтран ажиллах хугацаанд XX зууны тэр армийн түүхийг мартаж болохгүй гэдгийг ойлгосон.Тэр үед төрсөн баримтат кино хийх санаагаа ажил болгохоор цэргийн шинжлэх ухааны доктор, генералуудад хандсан. Аав минь энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан. Би ч тэр л орчинд өссөн хүн. Киноны ерөнхий найруулагчаар Бадамрагчаа ажиллаж, Баатар гэдэг ахмад офицер зохиолыг нь бичсэн. Сайхан кино болсон.

-Цэргийн гэр бүлд төрж, өссөн хүүхэд илүү дэгтэй болдог уу?

-Ажиглаад  байхад  офицерийн хүүхдүүд л офицер болдог Ийнхүү эх оронч болж өсдөг юм шиг  Би дэслэгч цолтой. Манай гурван хүүгийн том нь ОХУ-д цэргийн сургуульд суралцаж байна. Буурал аав маань  ч цэргийн алба хааж, баруун хязгаарт тулалдаж явсан хүн.

-Эхнэртэйгээ яаж танилцав ?

-Заяаны хань чам дээр гэдэг л болсон. 1991 онд зам дээртанилцсан. Манай гэрийн хажууд амьдардаг байсан юм билээ. Гурван сайхан хүү, сайн ханьтай. Ээжтэйгээ хамт байгаа учраас би баян хүн.

-Гэрийн ажилд оролцдог уу?

-Дотоод гэхээсээ гадуурх ажлаа сайн хийнэ. Манайх хотоос 30 км-ийн зайд, Баянголын  аманд байдаг. Өнөөдөр амрахаараа цасаа цэвэрлэнэ, түлээгээ хагална. Эрүүл агаарт энэ бүхнийг хийх нь өөрөө амралт болдог юм. Жилд 1-2 удаа загас сайхан шардаг. Хөдөө явахдаа загасаар олон төрлийн хоол хийх дуртай. Мөн  өвчүү, хонины сүүл хуйхалж чанах их дуртай,

-Японд мэргэжлийн тулаанаар амжилт гаргаж байгаанутгийнхаа охинд туслахыг тань сая харлаа. Туслаач гэсэн олон л хүн ирдэг байх.Та "үгүй" гэж хэлдэг үү?

-Үгүй гэж хэлдэггүй. Хийе, бүтээе, сурч хөгжье гэж байгаа хүнд боломжоороо туслахыг хичээдгийг маань алтайнхан мэднэ. Ядаж л сэтгэлээсээ сайхан зөвлөгөө өгөөд гаргадаг.Түүнээс өөрийнхөө төлөө яваа хүнд дургүй. Үр дүн нь олон нийтийн тусын тулд байдаг үйл хэргийг дэмжихийг хичээдэг. Саяын  охин Есөнбулаг сумын хүүхэд. Японд мэргэжлийн тулаанаар амжилт гаргаж яваа Болормаа гэдэг охин л доо. Алтайн барс-Ану гэдэг хочтой. "Монгол цавчилт" цохилтоороо алдаршиж, Говь-Алтайн нэрийг гаргаж яваа юм.

үн бүрт л төрсөн өссөн нутаг нь сайхан.Таны нутгийн юу нь сайхан бэ?

-Манай нутгийн сайхныг зураачид их магтдаг. Говь-Алтай аймаг олон өнгөтэй. Миний өрөөнд байгаа зургийг Та харж байна. Сүлэлдсэн олон өнгө байгаа биз. Байгалийн тогтоц онцлог. Говьд нь халуу шатаж байхад ууланд нь цас ордог. Монголын ховордсон онгон дагшин нутгийн нэг. Зээр, гөрөөс, мазаалай, тахь, хавтгай, бөхөн, хар сүүлт, ирвэс гээд зэрлэг ан амьтны өлгий нутаг. Зоопарк л гэсэн үг. Би Улаанбаатарт төрсөн ч эмээ, өвөө дээрээ өссөн. Аавын нутаг бол миний л нутаг.Үр хүүхдэдээ ч Та нар Алтайн хөх чулууны хэлтэрхий шүү" гэж хэлдэг юм.Тэнд манай ургийн овгийн овоо бий.Түүнийгээ тахидаг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай бол?

-Боломжтой бол ууланд явдаг. Монголынхоо олон ноён оргилд гарсан. Битүү хөвчид, найзуудтайгаа ан хийсэн шиг явах сайхан. Чанартай, цөөхөн найзтай.Тэдэнтэйгээ хорвоогийн эрээн барааныг яриад суух сайхан. Бид зун гэр бүлээрээ Монгол орноороо аялдаг. Жилийн хамгийн сайн амралт тэр болдог. Гол нь үр хүүхдүүддээ эх орноо таниулах, байгалиа хамгаалах сэтгэлгээ суулгах, үндэсний өв соёлоо таниулахыг хичээдэг. Бусад үед ном уншина. Бурхейс гээд испани хэлтэй зохиолчийн өгүүллэгүүдийг уншиж, байна. Сүүлийн үед Г.Аюурзана гэдэг залууг их шүтэж байгаа. Монголчуудын нүдийг нээсэн сайн орчуулгууд хийдэг.Түүний орчуулга, бүтээлийг уншиж байгаа. Боломж гарвал уулзаж танилцана аа. Сайн зохиолчийн сайн ном уншсаны дараа ямар их таашаал авдаг гээч. Философийн чиглэлийн ном уншаад манай тооллын өмнөх Грек, Ромд өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл бас л байсан. Хүний мөн чанар тэр үеэс өөрчлөгдөөгүй гэсэн дүгнэлт хийгээд, аливаад бухимдахаа болиод байгаа. Би харьцангуй тайван хүн. Уран зурагт дуртай. Сайхан зураг худалдаж авдаг.Уран бүтээлчид, зураач нар бол огт өөр хүмүүс. Уран зургийн үзэсгэлэн үзэх, урлангаар нь зочлохоор сайхан амарч, сэтгэл цэлмээд явчихдаг. Ядаргаа, бухимдал алга болдог.

-Хамгийн сүүлд хэний урлангаар зочлов доо?

-Өчигдөр Чингис гээд залуу зураачийн урланд очсон. Хөрөг зургаар алдаршиж байгаа, ирээдүйтэй зураач залуу бий. Манай буурал аав, аавын минь хөргийг зурсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.