С.Ганбаатар: Томчуудын хоорондох толхилцооноос залуучууд хохирч болохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.25

С.Ганбаатар: Томчуудын хоорондох толхилцооноос залуучууд хохирч болохгүй

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх,  М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан хэргээр өнгөрөгч долдугаар сараас хойш цагдан хорьсон.

Улмаар өнгөрөгч сарын 29-ний өдөр хуурай өлсгөлөн зарласан Л.Гансүхийг батлан даалтад гаргасан бол үлдсэн хүмүүсийг үргэлжлүүлэн хорьсоор байгаа. Тэгвэл түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандаж, тусламж хүсчээ. Тиймээс С.Ганбаатар гишүүний хамт Хорих 461 дүгээр ангиар зочилсон юм.

 

 С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр М.Тулгыг эргэлээ.  Түүний хэлж буйгаар “Залуу хүний эрүүл мэндэд санаа зовсоны үндсэн дээр ар гэрийнхнийх нь хүсэлтийг хүлээж авч ийнхүү эргэжээ. Тэрбээр “Томчуудын хоорондох толхилцооноос  залуучууд хохирч болохгүй. Миний хувьд М.Тулгыг хөлбөмбөгчин байсных нь хувьд мэдэх учраас өнөөдөр энд ирлээ. Залуу хүн хүний хий гэснийг хийснийхээ төлөө ийм хүнд байдалд орчихоод байгаад харамсч байна. Хамгийн гол нь хүний эрүүл мэнд гэдэг юунаас ч чухал” гэсэн юм. 

Харин  Л.Гансүх нарын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Баасандорж “АТГ-ынхан хорьж айлгаж, залхаан цээрлүүлж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэхээр л хичээцгээж байна. М.Тулгын бие муудаад хөл нь мэдээгүй байнга тэргэнцэрт сууснаас хойш хоёр сар өнгөрлөө” хэмээв. Ийн хорих ангид сэтгүүлчдийн дагуулж очсон С.Ганбаатар гишүүний хувьд хэд хоногийн өмнө уг хорих анги руу ирнэ гэдгээ мэдэгдэж, сэтгүүлчдийг М.Тулгатай уулзуулах хүсэлт гаргасан гэж байсан ч Хорих ангийн даргын зүгээс сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй юм. Харин С.Ганбаатар гишүүн, М.Тулгын өмгөөлөгчтэй хамт тэргэнцэртэй хоригдож байгаа М.Тулгатай уулзахаар дотогш нэвтэрсэн юм.  

 М.Эрхэмхүү: Ерөнхийлөгч АТГ-ын энэ шийдвэрийг эргэж хараач гэж хүсч байна


    Бид энэ хооронд М.Тулгын ээж М.Эрхэмхүүгээс цөөн хэдэн асуултанд хариулт  авсан юм.


- Танай хүү саяхан “Сонгдо” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээний явцад ямар нэг ахиц гарсангүй юу? 


-Тэнд хэвтээд ямар ч үр дүн өгөөгүй. “Сонгдо” эмнэлэг нуруу нугасны нарийн мэргэжлийн эмчгүй юм билээ. Тэгсэн хэрнээ манай эмнэлэгт яаралтай хэвт гэсэн бичгийг гаргаж өгсөн. Харин хэд хоног хэвтэснийх нь дараа үргэлжлүүлэн хориход асуудалгүй гэсэн. Миний хүүгийн эрүүл мэнд зүгээр байсан бол яах гэж тэр хувийн эмнэлэг рүү авч  явсан байж таарах вэ.

Хоолой нь  өвдсөн бол 461-р ангийн эмнэлэгт эмчилчихнэ биз дээ.  Энэ нь надад сэжиг төрүүлээд байна.  Миний хүүг ердөө л мөнгө  гэж харж байна.  Шалгах зүйл байгаа бол  шалгаж болно. Эцсийн эцэст би төрүүлсэн үрээ эрүүл  гаргаж авмаар байна. Битгий миний яриаг хасаарай. Би Ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүдэд үгээ хүргэмээр байна. Яагаад миний хүү ажил хийснийхээ төлөө ингэж яланд унаж байгаа юм бэ. Хэргийг нь тогтоовол тогтоохоор хугацаа өнгөрлөө.

-Хамт шалгагдаж байгаа ахлах зөвлөх асан Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Харин хүүг  тань батлан даалтад гаргах сураг байна уу? 


-Миний хүү таван сар  шоронд хоригдож байна. Батлан даалтаар гаргаж авъя гэж өмгөөлөгчөөр нь дамжуулан хүсэлт гаргасан ч АТГ зөвшөөрөхгүй байна.  Миний хүүг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гээд л хориод байдаг. Гэтэл миний хүү өнөөдөр тэргэнцэр дээр л сууж байна шүү дээ.

Аргаа бараад гадаадын эмнэлгүүдэд зураг, шинжилгээг нь явуулахад бүгд л хагалгаа хийлгэх  шаардлагатай, яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг хариу ирж байна. Ерөнхийлөгч “Ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нөхцөлд залхаан цээрлүүлэх зорилгоор хорьж  болохгүй” гэж өөрөө ярьсан. Ерөнхийлөгч АТГ-ын энэ шийдвэрийг эргэж хараач гэж гуймаар байна. Ерөнхийлөгчид өчнөөн өргөдөл, уулзах хүсэлт өглөө. Нэг ч хариу аваагүй  байна.

М.Тулга: Миний биеийн байдал маш муу байна

Ийн биднийг ярилцаж дууссаны дараа М.Тулгыг эргэсэн С.Ганбаатар гишүүн гарч ирэв.  Тэрбээр М.Тулгын биеийн байдал муу байгааг хэлээд түүнийг эмчилгээнд гартал нь хөөцөлдж явах болно гэдгээ илэрхийллээ. Харин Хорих ангийн дарга н.Дамдинсүрэн С.Ганбаатарын хүсэлтийг харгалзан үзэж М.Тулгад  эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх асуудалд анхаарал хандуулна гэжээ.

Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр М.Тулга С.Ганбаатар гишүүнтэй уулзахад С.Ганбаатар “чамайг би танина. Чамтай хөлбөмбөг хамт тоглож байснаа санаж байна. Биеийн байдал нь хэр байна” гэжээ. Харин М.Тулга “Миний биеийн байдал маш хүнд байна. Огт үзэж, эмчлэхгүй байгаа” гэжээ. Тиймээс гишүүний зүгээс Хорих ангийн даргад энэ асуудлыг уламжлахад “Хорих 461-ийн эмнэлэгт М.Тулгыг хоёр сар гаруй хэвтүүлсэн” гэсэн тайлбарыг өгчээ.

М.Тулга бол манай улсын урдаа барьдаг хөлбөмбөгчин байсан гэв

Юутай ч энэ үеэр С.Ганбаатар гишүүний сэтгэгдлийг тодруулахад "Би өөрөө М.Тулгыг мэднэ. М.Тулга бол манай улсын урдаа барьдаг хөлбөмбөгчин байсан. Би хөлбөмбөг их сонирхдог хүн л дээ. Ерөөсөө томчуудын хий гэснийг хийж байсан, намууд, фракцуудын хоорондын толхилцолоос болж  монгол залуу хүний эрх ашиг зөрчигдөж, дэндүү хүчирхийлээд байна уу гэдэг бодлоор газар дээр нь харахаар ирлээ.

Эрүүл мэндийн талаас нь хорих анги хохироох биш тухайн хүнийг хамгаалж байх ёстой. Ганц л зүйл хэлье. Монголын нийгэм амь амиа бодохоо болих хэрэгтэй. Өнөөдөр шударга бус зүйл байвал түүний хажуугаар дуугүй өнгөрч болохгүй.

Ултөрчид алдаа оноо гаргасан байвал шийтгэх хэрэгтэй. Харин үүний золиосонд нь зүгээр хий гэснийг нь хийж байсан ажилтнуудыг ингэж хэлмэгдүүлж болохгүй гэдэг утгаар нь би энд хүрэлцэн ирлээ" гэсэн юм.

Ц.Баасандорж: Энэ залуу хөлгүй болох нь

М.Тулгын биеийн байдлын талаар өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ “Тулга одоо зүүн хөл нь мэдээгүй шахам, тэргэн дээр түрүүлж ирээд, уулзалтын танхимд үүрүүлж орж ирж уулздаг. Хоёр сар босч, алхаж чадахгүй байдалтай байна. Энд нь нарийн мэргэжлийн эмч байхгүй, өвчин намдаах тариа хийгээд байж байдаг.

Хурдан арга хэмжээ авахгүй бол энэ залуу хөлгүй боллоо. Солонгосын болон Тайландын хоёр ч эмнэлгээс хариу ирсэн. Энэ хүнийг мэс заслын хагалгаанд оруулаач гэж бичиг ирсэн. Энэ бичгийг нь бүх шатны хууль хяналтын байгууллагад нь өгсөн ч авч хэлэлцэхгүй байна. Үндсэн хуулийн 16.4-т заасан эрүүл мэндээ хамгаалуулах үнсэн эрх нь зөрчигдөж байна” гэсэн юм.