УИХ-ын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуулийн асуудлаар илтгэл тавилаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.11.24

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуулийн асуудлаар илтгэл тавилаа

Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа талаар илтгэл тавин хэлэлцүүлжээ.

Тэрбээр хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, Ерөнхий сайдыг илүү хариуцлагатай болгон гүйцэтгэх эрх мэдлийг төвлөрүүлэн хүчирхэгжүүлэх, хот суурин газрын эрх зүйн орчныг ойлгомжтой, тодорхой болгох, засаг захиргааны томоохон шинэчлэл хийх, сум, дүүргийн Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог болгох, Үндсэн хуульдаа өмчийн тухай ойлголт, харилцааг тодорхой томъёолон оруулах зэрэг олон асуудлыг хөндөж эрдэмтэн судлаачдын сонорт хүргэжээ.

Мөн Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард иргэдийн санал асуулга явуулж, үндэсний ойлголцол, зөвшилцөл дээр хийгдэх ёстойг онцлон тэмдэглэсэн аж.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, академич Г.Чулуунбаатар "1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал", УИХ-ын гишүүн М.Батчимэг "Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл", доктор Д.Өлзийбаатар "Анхдугаар Үндсэн хуулийн өмнөх үеийн монголчуудын дундах Үндсэн хуульт засаглалын үзэл санаа", МҮАН-ын дарга М.Энхсайхан "Шинэ Үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.