Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээхээр ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн багийн ахлагч Мел Коузинс тэргүүтэй төлөөлөгчид болон “Imagination” студийн төлөөллийг өнөөдөр / 2014.11.05 / хүлээн авч уулзав.
“Imagination” студийнхэн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Тэд киногоо хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
Тиймээс салбар хариуцсан байнгын хорооны даргад хүсэлт гаргаж, кино бүтэх үйл явцад туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн тухай кино багийнхан хэлж байна. Мөн одоогийн байдлаар кино зохиол бэлэн болсон тухай тэд байнгын хорооны дарга болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлд дуулгалаа.
Байнгын хорооны дарга кино багийг Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй холбож, өнөөдөр гурван талын хамтарсан уулзалтыг зохион байгуулсан юм. Азийн хөгжлийн банк тодорхой хэмжээгээр тусалж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга Д.Батцогт киног бүтээхэд хамтарч, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд Засгийн газарт хүсэлтээ гаргана гэдгийг хэлсэн юм. Мөн хандивын арга хэмжээ зохион байгуулах зэргээр мөнгө босгох ямар арга байгааг эрэлхийлэх хэрэгтэйг кино бүтээгчдэд захисан юм. Энэхүү төслөөр “Ганцхан зүрхний хайр” нэртэй бүтээл төрөх юм. Уг кинонд мэргэжлийн жүжигчидтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг залуус гол дүрүүдийг бүтээх ба тэд дохио зангаагаар харилцах юм байна. Энэхүү бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны уран бүтээл болж байгаа бөгөөд энгийн иргэд subtitle-тайгаар үзэх боломжтой юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.