Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Пайпер Анн Камбэл нар
2014.09.05

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Хатагтай Жудит Хьюмантай уулзлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Пайпер Анн Камбэл болон АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн ахлах зөвлөх, хатагтай Жудит Хьюмантай нартай уулзлаа.

Тэрээр уулзалтын эхэнд “Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлогыг гол стратеги болгон хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Америкийн Нэгдсэн Улс бидний хувьд хамгийн ойрын түнш юм.

Үүний тод жишээ нь америкийн ард түмэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тус улсад ардчилсан нийгмийг цогцлоох, түүний үндэс суурийг бэхжүүлэх үйл явц, бидний ололт амжилт бүрийг сайшаан дэмжиж байсанд оршино. 

Манай 2 орны найрамдалт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбарт идэвхитэй хөгжиж ирсэний дээр АНУ-ын зүгээс  манай улсын уул уурхай, тээвэр, дэд бүтэц, хөдөлмөрийн салбар дахь бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь сайшаалтай юм.

Тухайлбал хөдөлмөрийн салбарт бид 2013 онд АНУ-ын РАНД корпорацитай хамтын ажиллагаа шинээр тогтоон Санамж бичиг байгуулаад байна. Хамтын ажиллагааны үндсэн зорилго нь манай улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн түвшинг шинэ шатанд хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн суурь судалгааг гаргах, эрсдлийг тооцох олон улсын жишигт нийцсэн механизмыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд оршино.

Одоогоор хоёр талын хамтарсан ажлын хэсэг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа явуулж байна.

Түүнчлэн Монгол Улс Мянганы сорилтын корпорацийн гэрээг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү гэрээ нь тус улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, бодитой хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг онцлон дурдлаа.

Уулзалтын үеэр Хадагтай Жудит Хьюман Хөдөлмөрийн сайдад эх орондоо урьсан явдалд талархал илэрхийлээд Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, сургалтын орчин, хууль эрхзүйн орчин хэрхэн хөгжсөн зэргийн сонирхож, АНУ-ын туршлагаас хуваалцсан юм.

АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн ахлах зөвлөх, хатагтай Жудит Хьюман

Тухайлбал АНУ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрээд ямар мэргэжил эзэмших, цаашид ямар зөв хүн болж төлөвшихөд ихээхэн анхаарал хандуулж, тэдэнд зориулсан тусгай сургууль байгуулсан гэлээ. Мөн сүүлийн үед Оюуны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг дурдлаа.

 АНУ-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрүүл иргэдийнхтэй харьцуулахад даруй 2 дахин их байгаа нь өнөөдөр ч санаа зовоосон асуудлуудын нэг байсаар байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак обама нийт төр засгийн байгууллагууддаа хандан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байна.

Үүний үр дүнд төр засгийн байгууллагуудад ажил эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль зүйн орчин бий болгосон гэдгийг дурдлаа.

Хөдөлмөрийн яам хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг цогцоор нь хариуцсан Засгийн газрын төв байгууллагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш оролцуулахтай холбоотой асуудлыг хариуцаж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 92 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт хүн амын 3 хувийг эзэлж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 92 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт хүн амын 3 хувийг эзэлж байна. Үүнээс хөдөлмөрийн насны 74 300 иргэн байгаагаас 15 200 хүн хөдөлмөр эрхэлж байна. 

Монгол Улсын нийт иргэдийн талаас илүү хувь нь идэр залуу, түүнээс бага насны иргэд эзэлдэг тул ХБИ харьцангуй залуу байгаа юм. Өнгөрсөн хугацаанд яамны хариуцсан чиг үүргийн хүрээнд ХБИ-д чиглэсэн дараахь арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, “ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр 2013”, “ХБИ-н ажлын байрыг дэмжих хөтөлбөр 2014”, “Ажил олгогчид урамшуулал үзүүлэх арга хэмжээ”, “ХБИ-г байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулах арга хэмжээнүүд” гэх мэт.

Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ХБИ-д зориулсан тусгай сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахад хамтран ажиллах,  ХБИ-н хөдөлмөр эрхлэх сонирхлыг өдөөх, ахуй амьдралаа сайжруулах, нийгэмд оруулах хувь нэмрийг нь дэмжих, ХБИ-ийг оюуны бүтээлийг хөгжүүлж, дэмжих чиглэлд хамтран ажиллах, мэдээллийн технологийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх зэрэгт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.