Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс нээлтээ хийлээ
Манай улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс
2014.03.13

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс нээлтээ хийлээ

Манай улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байна. Уг жолооны курс Дарь-Эх дэх 102 дугаар сургуулийн хажууд байрладаг "Цаг үргэлж" хоршооны байранд үйл ажиллагаа явуулах аж.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын  03-ны өдрийн А/1074 дугаар захирамжаар хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэн Улаанбаатар хот доторхи замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүйгээр оролцох харилцааг зохицуулах журам баталсан билээ.

Журам батлагдсанаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь НИТХ-аас тогтоосон зарим автозамуудад улсын дугаарын ялгаваргүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байгаа юм. 

Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн нь замын хөдөлгөөнд оролцохдоо жолоодож буй тээврийн хэрэгсэл дээрээ Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар хавсралтын хоёрт заасан "Тахир дутуу хүн" тэмдгийг тээврийн хэрэгслийн урд салхины шилний жолоочийн талд болон хойд салхины шилний нүдэнд саадгүй харагдах хэсэгт байршуулах ёстой юм.

Мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодох зохих ангиллын үнэмлэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг биедээ заавал авч ёстойг журамд заажээ.  Өнөөдрийн байдлаар "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв" ТББ-ын гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд автомат буюу гар удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй тулгуур эрхтний бэрхшээл бүхий 40 орчим иргэн байдаг аж.

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн тоо 108 071 гэж бүртгэгдсэнээс харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 16631, ярианы хөгжлийн бэрхшээлтэй 5999, Сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 126333, Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн 31265, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 20898, бусад 20645 иргэн тоологджээ. Үүнээс Улаанбаатар хотод 37 404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн  амьдардаг гэсэн судалгаа бий.