Д.Баттулга: Нийслэлд 247 тэрбум төгрөг шаардлагатай байна
Ирэх оны төсвийн төсөлд нийслэлийн удирдлагууд сэтгэл дундуур байгаа. Учир нь “Улаанбаатар хотын төсөв захын агентлагаас дор байна” хэмээн хотын дарга Э.Бат-Үүл бухимдсан. Нийслэлийн ирэх оны төсвийг тарчиг хуваарилсан мөртлөө нийтийн тээвэр, багш ажилчдын цалинг олгохоор заасан нь ачаалал нэмсэн гэж удирдлагууд нь мэдээлээд байгаа. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулгаас тодрууллаа.
-Засгийн газраас төсвийн төслийг буцаан татаад өргөн барьсан. Нийслэлийн удирдлагуудын саналыг тусгасан уу?
Сөрөг хүчний шаардлагаар төсвийн төслийг эгүүлэн татаад дахин өргөн барьсан. Ингэхдээ “Хотын удирдлагуудаас саналыг авсан” гэж Ерөнхий сайд хэлж байна лээ. Яг үнэнийг хэлэхэд биднээс санал аваагүй. Харин өмнө нь ирэх жил нийслэлийн татварыг нэмэгдүүлэх заалт оруулж ирсэн байснаа больсон байна. Хотын төсөвт ямар хүндрэл учирч байна вэ гэхээр суурь зардлыг нь буруу тооцсон байна.
Эрх баригчид хотын төсвөөс эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, өндөр настан, оюутнуудын хөнгөлөлтийн урсгал зардлын хүрээнд энэ төсвийг оруулж ирсэн. Гэтэл Улсын төсвийн 58.1 дэх заалтад хотоос хэрэгжүүлэх чиг үүргийг маш тодорхой заасан байгаа. Улсын төсөвт суудаггүй зөвхөн хотын төсөв өөрөө авч явдаг 18 чиг үүрэг байдаг юм. Үүний 16 чиг үүрэг буюу 247 тэрбум төгрөг нийслэлд шаардлагатай байгаа.
Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгө хотод байхгүй гэсэн үг. Энэ нөхцөлд хөрөнгө оруулалтын тухай ярих хэрэггүй. Хотын хөрөнгө оруулалт тэг зааж байна. Нийслэлийн 18 чиг үүрэг гэдэгт нь далан барих, хотын гэрэлтүүлэг, тохижилт, зам засварын ажил гэхмэтчилэн нэн шаардлагатай ажлууд багтдаг юм. Тэгэхээр энэ төрлийн 18 чиг үүргийн 16-г нь хэрэгжүүлж чадахгүй болчихоод байна. Төсвийн төслийг энэ хэвээр нь батлах юм бол нийслэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдана.
Дараагийнх нь хотын төсвийн орлогын 70 хувийг хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Энэ татварыг сарын сүүлээр ганц удаа авдаг. Гэтэл иргэд цалингаа сарын эхэнд болон төгсгөлд хоёр хувааж авдаг шүү дээ. Тэгэхээр татвар цалин хоёрын дундах цаг хугацаа таарахгүй байгаа юм. Иргэд цагтаа цалингаа авч чадахгүй нийгмийг бухимдуулсан бэрхшээл үүсэх магадлалтай.
-Нийслэлийг төсвийг ямар арга замаар шийдвэрлэх юм бэ. Гарц нь юу байна вэ?
Бид ямар нэгэн гарц олох ёстой. Засгийн газрын өнөөдрийн өргөн барьж байгаа төсөл бол үндсэндээ 2003 оноос өмнө өргөн барьж байсан төсөлтэй агуулгаараа адилхан. Учир нь 2003 оноос өмнө Улаанбаатар хот боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэндийн зардлыг даадаг байсан.
Тухайн үед Онцгой албан татвар, Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татварыг нийслэлд төвлөрүүлдэг байсан. Энэ бол урсгал татвар гэсэн үг. Хотын төсөвт дээрх татварууд ордог байсан учраас иргэдийн боловсрол, нийгмийн халамжийн мөнгийг хэл ам гаргахгүй олгоод явж байсан. Одоо бол нөхцөл байдал өөр байна шүү дээ. Орлого бүрдүүлэх эх үүсвэр байхгүй байхад зарлагаа хэрхэн нөхөх юм.
-Албаныхан нийслэлээс гарах зарлагыг эх үүсвэртэй нь шийдэж өгч байгаа гэж тайлбарласан. Энэ үнэн үү?
Албаныхан яагаад худлаа яриад байгааг мэдэхгүй байна. Эх үүсвэртэй нь өгч байна гэж тайлбарлаж байгаа нь хотын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг хасаад багш, эмч, соёл урлагийн ажилчдын цалинг өгөхөөр тусгасан.
Үүнийгээ эх үүсвэр хэмээн яриад байна. Үүний цаана нийслэлийн 18 чиг үүргийг хэрэгжүүлэх мөнгө байхгүй болчихоод байна. Тэгэхээр эх үүсвэртэй нь өгсөн үү, үгүй юү гэдгийг хүмүүс аяндаа ойлгоно.
-Хотын дарга Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг огцруулах уриалга гаргасан. Та санал нэг байна уу?
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хэрэгтэй гэсэн Э.Бат-Үүл даргын саналыг дэмжиж байна