С.Бямбацогт: УИХ батлахад, сайжруулхад хэцүү төсөв орж ирлээ
2014.10.22

УИХ батлахад, сайжруулахад хэцүү төсөв орж ирсэн гэв

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний гишүүдийн зүгээс "муу" төсөв орж ирсэн хэмээн буцаах санал гаргааж байсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ өөрөө улстөрийн хариуцлагаа үүрээд, сонгуулиа товлоод тарсан дээр байх гэсэн юм.

Ж.Энхбаяр: УИХ өөрөө улстөрийн хариуцлагаа үүрээд, сонгуулиа товлоод тарсан дээр байх

“Энэ жилийн төсвийн орлогын хүлээгдэж буй байдал, тасалдал нь бараг 1 их наяд төгрөгт хүрэх бололтой. Гадаад дотоодын үзүүлэлтийг харахад төсвийн хүрээний мэдэгдэл,  ирэх оны төсвийн мэдэгдэл нь унаж байгаа юм байна. Сүүлийн гурван жил эдийн засаг унасаар байгаад таарах нь. 90 тэрбумын буцалтгүй тусламжаар цэцэрлэг барих юм гэнэ, энэ нь төр өөрийнхөө орлогоор нэг ч цэцэрлэг барьж чадахгүй, чадавхгүй болж байгаа нь харагдаж байна. Улс орон өөрийн чадавхаараа шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийх чадавхгүй болсон  байна.Үнэхээр харамсалтай. Сүүлийн 20 жилийн хамтын нөр их хөдөлмөр нуран унаж байна. АН-аас төсөв хэлэлцэх үед 8-хан хүн байна. УИХ засгийн газраа толгой дээрээ гаргасны үр дүн харагдаж байна. Ер нь УИХ өөрөө улстөрийн хариуцлагаа үүрээд, сонгуулиа товлоод тарсан дээр байх. Улс орон аймшигтай хүнд байна” гэсэн юм.

Я.Содбаатар: Би хувьдаа төсвийн төслийг буцаах саналтай байна

 “Ж.Энхбаяр гишүүний үгийг үргэлжлүүлье. Төсөв гэдэг бол монгол гэх айлын ирэх онд юу идэж уух вэ гэдгийг харуулдаг толь. Гэтэл ийм хариуцлагатай зүйл ярьж байхад танхимд хэдэн цөөхөн хүн л алга. Ардчилсан намаас хэдэн хүн энд сууж байна. Гэтэл албан тушаал ярихаар бүгдээрээ ороод ирдэг. Би хувьдаа төсвийн төслийг буцаах саналтай байна. Анх өргөн барихаас эхлээд л хууль зөрчиж эхэлсэн. Эдийн засгийн хямралын үед төр өөрсдийнхөө бүсийг чангалаач гэж УИХ-аас чиглэл өгсөн. Энэ боломжуудаа гарга гэсэн ч 2014 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад урсгал зардал 15 хувиар нэмэгдсэн байна шүү дээ” гэсэн байна.

С.Бямбацогт: УИХ батлахад, сайжруулахад хэцүү төсөв орж ирлээ

“Үнэхээр муу төсөв орж ирж. УИХ батлахад, сайжруулхад хэцүү төсөв орж ирлээ. 2013 онд төсвийн орлого 6 их наяд байсан. Тухай үед бид гадны зээл, тусламж харьцангүй бага авдаг, хөрөнгө оруулалт сайтай, иргэн бүрт 21000 төгрөг өгдөг. Ард иргэдийн амьдрал сайн. Татварын орлого давж биелдэг байсан. Гэтэл өнөөдөр тэр үеийн 6 их наядаас хэд давсан орлого, бонд байна. Гэтэл өнөөх 21000 –аас эхлээд зогсоосон, татвар төлөгчид маань их наядаараа татвараа төлж чадахаа больсон. Ард иргэд худалдан авах чадваргүй, хөрөнгө оруулалт байхгүй болсон ийм л нөхцөл байдалд бид төсвөө баталаж байна.