Л.Энх-Амгалан: УИХ түүхэндээ анх удаа эдийн засгийн өсөлтгүй төсөв батлах гэж байна
Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "2015 онд Монгол улсад шинээр нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг, нэг эмнэлэг шинээр барихгүй юм байна гэдгийг олон нийт өнөөдрийн хуулийн хэлэлцүүлгээс ойлгох шиг боллоо" гэсэн юм.
Түүний хэлсэн үг болон асуусан асуултыг хүргэж байна.
Л.Энх-Амгалан: "Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн төсөөлөл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг бичиг баримттайгаа уялдуулан Төсвийг хэлэлцэх ёстой. Гэтэл Улсын Их Хурлаар баталсан дээрх бодлогын бичиг баримтад эдийн засгийн өсөлт 2015 онд 10 хувь байна гэж баталсан байхад 30 хувиар бууруулж 7 хувь байхаар оруулж ирсэн байна. Үүнд ямар үндэслэл байна вэ. Мөн ирэх оны төсөв бол хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой. Энэ чиглэлээр Улсын Их Хурлаас 3 тогтоол баталсан байгаа. Энэ нь төрийн байгуулалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхцалыг арилгах, албан хаагчдын тоог бууруулах, зардлаа хэмнэх гэх зэрэг агуулгатай.
Дээрх үүрэг даалгаврууд биелэгдсэн үү гэсэн түүний асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв, Улсын Их Хурлаас гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг хангахаар ажлын хэсгүүд байгуулагдсан, ажиллаж байгаа. Төсвийн төсөлд шинээр орон тоог тусгахдаа аль болох бууруулах бодлого баримталсан ч шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн боловсон хүчний тоог 1714 хүнээр нэмэх шаардлага бий болоод байгаа тухай хэлээд, нийт дүндээ 920 хүнээр цөөрсөн болохыг мэдэгдсэн. Харин төрийн байгууллагуудын дэд дарга, даргын зөвлөхийн орон тоог цомхотгох асуудлаар ажлын хэсэг гарсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа гэв.
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүд энэ тоонууд дээр сайн ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын гишүүддээ биш УИХ-ын гишүүдэд Ерөнхий сайд ийм үүрэг өгч байгаа юм байна. Энэ үнэхээр хариуцлагагүй юм. УИХ түүхэндээ анх удаа эдийн засгийн өсөлтгүй төсөл батлах гэж байна.