С.Бямбацогт: Монгол Улсын ирээдүй өрөнд баригдсан, хамгийн эрсдэлтэй орны тоонд орчихоод байна
МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл" Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар тав хоногийн завсарлага авсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг зайлшгүй огцруулах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээ хэвлэлийнхэнд дахин танилцуулав. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцсан юм.
-Та бүхэн Монгол Улсын санхүү, эдийн засаг ноцтой хямралд орсон хариуцлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягтай тооцож, зайлшгүй огцруулах ёстой гэж байна. Монгол Улсын эдийн засгийн талаарх тоон үзүүлэлт үнэхээр тийм базаахгүй байгаа хэрэг үү?
Монгол Улсын эдийн засаг ямархуу байдалтай байгааг дараах хэдхэн тоо баримт тодорхой харуулна. Гуравхан жилийн өмнө 17.5 хувийн өсөлттэй гарч дэлхийд гайхагдаж байсан эдийн засгийн өсөлт тасралтгүй буурсаар энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарах таамаглалыг Дэлхийн банкнаас зарласан.
Энэ нь Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 2.7 дахин унагасан гэсэн үг. Энэ Засгийн газар 2013-2014 онуудад УИХ-ын хяналтгүйгээр, улсын төсвийн гадуур “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн гурван их наяд, “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны дансанд бэлэн байсан 580 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая амдоллар зэрэг долоон их наяд орчим төгрөгийг үрэн таран хийсэн.
Ийм их мөнгө зарцуулчихаад улс орноо сөхрүүлж, ард түмний амьдралыг туйлдуулсныг биднээс гадна Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд буруушаан дүгнэж байна. Монгол Улсын өрийн хэмжээ хоёрхон жилийн дотор гайхаж, цочмоор нэмэгдлээ.
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Засгийн газрын өр төлбөрийн хэмжээ 2013 онд 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17.7 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ний 102 хувьтай тэнцлээ. Энэ нь Монгол Улс өрийн дарамтад бодитойгоор орсны илрэл юм.
Өнгөрсөн онд “Чингис бонд”-ын зөвхөн хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оноос хойш авч ашигласан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин их байна.
Энэ жил үүнээс ч ихийг төлнө. Мөн саяхан өргөн баригдсан 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 708 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2011 оны зээлийн үйлчилгээний төлбөрөөс 19 дахин их байгаа нь аюулын харанга дэлдэж эхэлсний хамгийн бодитой нотолгоо юм.
-Гадаадын хөрөнгө оруулалт эрс багаслаа гэж байна. Энд хамгийн гол нь улстөрчдийн эв түнжингүй байдал нөлөөлж байгаа юм биш үү?
УИХ дахь сөрөг хүчний хувьд эрх баригчдын алдаатай, буруу үйл ажиллагааг шүүмжилж, засч залруулах талаар шахаж шаардах үүрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд 2014 оны эхний найман сарын байдлаар 627.2 сая ам.доллар болсон нь 2012 оны эхний найман сарынхтай харьцуулахад 5.4 дахин буурсан үзүүлэлт юм. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз” агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг энэ оны тав болон долоодугаар сард дахин бууруулсан нь Монголын талаар гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн бас нэгэн анхааруулга болчихлоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар байгаа.
Ингэснээрээ Монгол Улс хөрөнгө оруулагчдын зорьж тэмүүлж ирдэг газар байхаа больж, зугтаж, хаяж алга болдог, шоовдорлогдож орхигдсон орон болчихоод байна.
-Монгол Улсын эдийн засаг ингэтлээ хямрахад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Монгол Улсын банк санхүүгийн байдал ямархуу байдалтай байгаа вэ?
Тийм ээ. Монгол Улсын эдийн засаг, санхүү хямрахад банкны системийн алдаа, гажуудал голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Одоогоор Монголбанкны алдагдал нэг их наяд төгрөгийг давчихаад байгаа. Үндсэндээ Монгол Улсын валютын нөөц шавхагдаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар байгаа. Үүнд иргэд, АА-н нэгжүүдийн хадгаламж, үлдэгдэл нөөц ороод ийм болж байгаа гэдгийг хатуу анхааруулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд банкны хугацаа хэтэрсэн зээл дөрөв дахин, чанаргүй зээл хоёр дахин нэмэгдэж нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 орчим хувьтай тэнцээд байгаа.
Энэ нь шинэчлэлийн Засгийн газар Монголын банк, санхүүгийн системийг эрсдэл, сүйрлийн ирмэг ирүүлсний хамгийн тодорхой үзүүлэлт мөн. Монгол Улсын 2014 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688.4 тэрбумаар, зарлага 1.4 их наяд төгрөгөөр, төсвийн хөрөнгө оруулалт 54 хувь буюу 872.3 тэрбум төгрөгөөр тасарсан нь Засгийн газрын хариуцлагагүй, чадамжгүй байгаагийн илэрхийлэл. 2014 оны нэгдсэн төсвийн татварын орлого 806.1 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ тасралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа.
Сангийн яамны хийсэн судалгаагаар 2014 оны эхний хагас жилийн байдлаар ААН-ийн орлогын албан татварын тайлан ирүүлдэг нийт аж ахуйн нэгжийн 63 хувь нь “Х” болон алдагдалтай тайлан ирүүлдэг болж.
Мөн НӨАТ-ын хувьд “Х” болон алдагдалтай тайлангийн тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн байгаа нь эдийн засаг, бизнесийн орчин муудаж байгаагийн бас нэгэн үзүүлэлт.
-Сая Ж.Энхбаяр гишүүн Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дурьдлаа. Тэдгээр нь хуулийн,тодорхой ямар заалтуудыг зөрчиж байгаа хэрэг вэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн. Жишээ нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосон. Үүний үр дүнд Монгол Улс маш их хохирол хүлээсэн.
Тухайлбал 70 ам.доллараар зарж байсан нүүрсээ хоёр дахин хямдруулж, арай ядан борлуулж байгаа. Нүүрсний тээвэрлэлт зогссоноос болж Монголын тал 8.2 сая ам. долларын торгууль хүлээсэн. Энэ үеэр Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийнхээ нэр дээрх “Говь Повер” ХХК-ийг ялуулсан. Уг тендерийг хүчингүй болгосны дараа шүүхэд хандаж төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 4.688.5 сая төгрөгийг гаргуулж авсан.
Түүгээр ч зогсохгүй Г.Дэнзэн нь 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр жилийн 16 мянган ам.доллар буюу 21 сая 600 мянган төгрөгийн цалинг үндсэн ажлаасаа гадуур “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас авсан нь тогтоогдсон.
Өнгөрсөн онд “Чингис бонд”-ын зөвхөн хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн.
Одоо хэл ам татлаад байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, туслах М.Тулга нар ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх нэрээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 27500 төгрөгөөр авсан нэг тонн нүүрсийг иргэдэд 80000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олохын зэрэгцээ, төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Түүгээр ч зогсохгүй төрсөн охин А.Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн 2.2 тэрбум төгрөг, “Нүүрс” хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөгийн хохирол бүхий авлигын шинжтэй хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон ч удалгүй энэ хэргийг замхруулан алга болгочихоод байгаа. Энэ хүн үнэхээр монголын төрөөр тоглож дууслаа. Одоо огцруулж хариуцлага тооцохоос өөр арга үлдсэнгүй.
-Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулснаар Монгол Улсад ямар хөгжил, дэвшил авч ирж, ард түмний аж амьдралд нөлөөлөх хэрэг вэ?
Энэ Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтан хуягийг огцруулах нь Монгол Улс, монголын ард түмэнд ашигтай. 2010 онд Монгол Улсын төсвийн орлого гурван их наяд байсан. Энэ үед Монгол Улс бараг бүх сумаа эрчим хүчинд холбож, сургууль, цэцэрлэг, эмнэлгээ төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, байгуулж чаддаг байсан. Дээрээс нь иргэддээ сар бүр 21 мянган төгрөг өгч, амьдрал ахуйд нь тус нэмэр үзүүлдэг байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төсөв долоон их наяд төгрөг болсон.
Түүнээс гадна “Чингис, Самурай бонд” Хөгжлийн банк гээд 4-5 их наяд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээд дөрвөн их наяд төгрөг буюу тэр үеийн төсвөөс тав дахин их хөрөнгө, санхүүг зарцуулж байгаа мөртлөө ард түмний амьдрал та бидний нүдэн дээр өдрөөс өдөрт эрс муудаж байна. Одоо сургууль, цэцэрлэг, эмнэлгээ гадны зээл тусламжаар барина гээд сууцгааж байгаа.
Монгол Улс өрийн дарамтад орчихоод байхад хойтон дахиад 1.8 их наядын зээл авна гэж байна. Энэ бүхнийг дүгнэвэл Монгол Улсын ирээдүй өрөнд баригдсан, хамгийн эрсдэлтэй орны тоонд орчихоод байна. Энэ байдлыг бид таслан зогсоохын тулд Н.Алтанхуягийг огцруулахаас өөр арга байхгүй.
Энэ хүн улс эх орноо, намаа боддоггүй юм байна, хамтарч ажилласан журмын нөхөд, сайд нараа боддоггүй юм байна. Энэ хүн зөвхөн хар толгойгоо л боддог юм байна. Ийм хүнээс аль болох хурдан салахгүй бол АН байтугай Монгол Улсын ирээдүй тун бүрхэг боллоо.
Ийм учраас АН-ын нэлээн олон гишүүн бидэнтэй нэгдэх нь тодорхой. Ямар ч байсан энэ хүнийг огцруулах л болно.