Л.Гантөмөр: Японд бид 1000 инженер бэлтгэнэ
Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийг манайх есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.
2014.10.21

Л.Гантөмөр: Японд бид 1000 инженер бэлтгэнэ

Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийг манайх есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Японы Засгийн газраас манай улс жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаатай төлөх юм. Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургана.  Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Энэ төслөөс ямар үр дүн хүлээж байна вэ?

Үйлдвэрлэгч орон болохын тулд нэн түрүүнд чадварлаг инженерүүд бэлтгэх хэрэгтэй. Япон улс гэхэд гадаадын их, дээд сургуульд чадварлаг инженерүүд бэлтгэж, тэдний мэдлэг чадвар дээр тулгуурлан өнөөгийн өндөрлөгт хүрсэн.

Бид үүнээс л суралцах хэрэгтэй. Энэ улсад бид 1000 инженер бэлтгэнэ. Өнөөдөр “Коосэн” сургуульд суралцах эхний ээлжийн оюутнуудын элсэлтийг авч байна. Маш сайн сурлагатай хүүхдүүд элсч байгаад баяртай байна. Энэ хүүхдүүд ирэх хавар япон хэлний шалгалтаа өгнө. Математик, физикийн хичээлээр бэлтгэл хийнэ.

-Шалгалтад тэнцсэн оюутнууд Япон руу явна гэж байна. Харин шалгалтад тэнцээгүй оюутнууд хэрхэх вэ?

Шалгалтад тэнцээгүй оюутнууд их сургуулийн хоёрдугаар курсээс суралцах боломжтой. Хоёрдугаар курсээ төгсөөд "Коосэн" сургуулийн гуравдугаар курст сурах боломж нээлттэй үлдэж байгаа. Мөн энэ аравдугаар сард багтааж, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нийт арав гаруй багшийг Япон руу явуулна.

Коосэн сургуулийн бэлтгэл хөтөлбөр нээлтээ хийлээ.

Японы Засгийн газраас мэргэжлийн өндөр технологийн сургууль байгуулах бэлтгэл ажлын хүрээнд бараг хоёр сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхээр болсон.